Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ- ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох 2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/ хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцлээ.
Улмаар шүүгдэгч хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч, шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 28-ны 09.00 цагаас товлов.

Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаус худалдан авсан. Уг хаусыг УБТЗ уг хаусыг буцаан авах шийдвэрийг тухайн үеийн ЗТХ-ийн Дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан юм. Гэвч иргэн Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж билээ.  Улсын Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргаж байсан.

Улмаар хаус худалдан авсан үйлдэлд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатард 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Уг зүйл ангид “265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг Л.Пүрэвбаатарын хууль бус өмчлөлөөс чөлөөлөн, зах зээлийн үнээр борлуулан, Улаанбаатар төмөр замын орон байрны нөхцөл муу алба хаагчдын орон сууцны хөнгөлөлт, урьдчилгаа болгон өгөхөөр манай УЗ шийлдвэрлэсэн. Энэ тохиолдолд 400 орчим өрхийн нийгмийн асуудлыг шийдэх болно гэдгийг тухайн үед УБТЗ-аас хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан.

Харин уг хэвлэлийн хурлын үеэр УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэрийн дотоод маргаан буюу хоёр талаас нууцалсан баримт бичиг юм. Энэхүү гэрээ хэлцэл нь олон улсын шинж чанартай, монголын шүүхээр шийдэх маргаан биш юм. Өөрөөр хэлбэл, Б.Цогтгэрэл, түүний найз Ж.Пунцаг болон Замын дарга Д.Жигжиднямаа нар хоёр улсын эрх бүхий албан тушаалтан хооронд зурж, Ерөнхий хороогоор батлагдсан гэрээний дундуур гуравдагч этгээд болж оролцсон жүжиг юм. Миний бие 2016 онд ажлаа хүлээлгэж өгөхдөө 111 тэрбум төгрөг хүлээлгэж өгсөн. Гэрээний дагуу 1 хувийн мөнгөн шагнал тооцсон бол 1.1 тэрбум төгрөгийг бэлнээр авдаг. Харин УБТЗ ХНН-ийн дарга нар мөнгөн шагнал бус орон сууцаа хувьдаа урамшуулал болгон авч ирсэн уламжлалтай. Тийм учраас хууль зөрчсөн зүйл байхгүй" хэмээн тайлбарлаж байсан түүхтэй.