Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв 2020 оны УИХ-ын сонгуулийн 26дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшихээ зарлаад байсан билээ.

Тодруулбал, Баянгол дүүрэгт буюу АН-ын дарга С.Эрдэнийн нэр дэвших тойрогт өрсөлдөхөөр болсон. АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс УИХ-д нэр дэвшихээр горилогчдоос авч буй 100 сая төгрөгийн дэнчинг хүчингүй болгож, төрийн албан тушаал хашиж байхдаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, нийтийн эрх ашгийг хохироосон этгээдүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргэж АН-ын ҮБХ-ны хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг гаргахыг шаардсан боловч авч хэлэлцээгүй байна. Тиймээс тус хөдөлгөөний тэргүүн Баянгол дүүрэгт нэр дэвшиж, С.Эрдэнэтэй өрсөлдөхөөр болсон. 

Тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр бие даан нэр дэвших батламжаа гардан авсан байна. Түүний хувьд  "Төрийн сонгуульд Хуулиа дээдлэн өрсөлдөнө" гэдгээ мэдэгдээд байгаа билээ.  Батламжаа гардан авах үеэр "Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос Баянгол дүүрэгт бие даан нэр дэвших эрхээ албан ёсоор гардан авч өрсөлдөхөөр боллоо. Түүнчлэн бусад нэр дэвшигч нартаа хандан Төрийн сонгуульдаа Хуулиа дээдлэн өрсөлдөе хэмээн уриалж байна" гэж хэлсэн юм. 

Ямартаа ч шинэ залуу үеийн төлөөлөл болсон тэрбээр ийнхүү эрхээ баталгаажуулан улс төрд шинэ залуу үеийн төлөөлөл болж, Монголын улс төрд шинэчлэл хийх эхлэлийг тавьжээ.