Унасан, уруудсан үзүүлэлт ноёлох болсон бизнесийн орчныг төгрөгийн ханшийн уналт улам бусниулж орхих нь

“Ноён” доллар 2800 төгрөгтэй тэнцэж, түүхэн дээд хэмжээнд хүрэв. Ердөө дөрвөн жилийн өмнө 1944 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өнөөд өр дээрх түвшинд ирснээр валютын ханшийн хямралыг эдийн засагт авчирлаа.

 “Ногоон”-ы үнэ цойлохын хэрээр Импортын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, гаднаас авах худалдаа, үйлчилгээ ханшийн зөрүүнээс болж улам их зардалтай болох нь. Ханшийн тогтворгүй байдал, хүчтэй савлагаанаас болж иргэдийн амьжиргаа дордсоор. Төв банк он гарснаас хойш валютын ханшийг “хазаарлах” гэж аль хэдийн 1.1 тэрбум гаруй ам.доллар зах зээлд нийлүүлжээ. Валютын дуудлага худалдаагаар ийм хэмжээний их дүнтэй ам.доллар арилжаалсан боловч үр дүн муутай байлаа. Үүний гор ам.долларын ханшаар илэрч, 2800 болсноор төгрөгийн ханш түүхэнд байгаагүйгээр навс уналаа. Ардчилсан нам засаг тэргүүлж байсан 2016 оны өдийд иргэний сарын орлого 800 мянга байсан гэж үзвэл энэ нь 308 ам.доллар байжээ. Харин Ардын нам засаг авснаас хойш ханшийн эрсдэлээс эдийн засгаа аврах “ажиллагаа”-г тун тааруу зохион байгуулж, улам доройтлоо. Ам.долларын ханш 2800 давснаар, иргэний бодит орлого 214 ам.доллар болж уруудав. Өөрөөр хэлбэл, 90 гаруй ам.доллар буюу одоогийн ханшаар 260 орчим мянгаар иргэний орлого буурчээ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гацаанаас гарч, урагшилсан “Оюутолгой” төслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг эс тооцвол гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дорвитой нэмэгдсэнгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг зөвхөн “Оюутолгой” төсөл бүрдүүлж байна. Эрх баригчид энэ дөрвөн жилийн хугацаанд Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын анхааралд өртөхүйц санал санаачилга, оролдлого маш бага хийжээ. Үүнийг 2800 төгрөгт хүрсэн ам.долларын ханшаас харж болох нь.

 

Ногоон өнгөтэй дэвсгэрт Монголын эдийн засагт хаанчилж, харин бид их хааныхаа хөрөг дүрээр “овоглосон” үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг хадгалж, хамгаалж чадсангүй. Төгрөгийн ханшийг манах учиртай төв банкны удирдлагууд нь дөрвөн жилийн хугацаанд хоёр ч удаа өөрчлөгдөж, шинэ хүмүүс ажилтайгаа танилцах хооронд эдийн засаг хана мөргөлөө. Эдийн засаг хүнд байдалд орсноор хүмүүсийн амьжиргааны зардал нэмэгдэж, өдрөөс өдөрт валютын ханшийн дарангуйлалд өртөж байна. Төв банк COVID-19 цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөг сааруулах үүднээс бодлогын хүүг нэг оронтой тоонд оруулж, хоёр удаа бууруулсан. Хэдий тийм боловч Мөнгөний бодлогын хорооны уг шийдвэр байгаа онож чадсангүй. Төгрөгийн ханш хилийн хөл хорио тогтоосон, бараа бүтээгдэхүүний импорт хумигдсан, гадагшаа чиглэсэн томилолт, аялал зугаалга цөм зогссон, ам.долларын хэрэгцээ багассан энэ үед 2800 ам.доллар давснаас үзвэл, эдийн засаг хэр хэмжээний хүндрэлд орсныг эндээс зураглаж болох юм. Хувийн хэвшлээ дарамтлах төдийгүй бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр эрх баригчид хэр ажиллаж чадсан эсэхийг ам.долларын ханш чухам бодит тоогоор өгүүлнэ. Гадаад өрийн эргэн төлөлт ойртсон, ойрын таван жилийн хугацаанд 14 орчим тэрбум ам.долларын өр хүлээгдэж байхад төсвөө тэлсэн, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлаа Засгийн газар танаж чадаагүй нь эдийн засагт валютын ханшаар сэдэрч байна. Манай улсын гадаад валютын албан нөөц дөрөв хүрэхгүй тэрбум ам.доллар бөгөөд дээрх өртэй харьцуулахад 3-4 дахин бага байгаа юм. Ийм байхад хөрөнгө оруулалт татах, дотоодын томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулах бус царцааж, цаашлуулсаар. 1997 онд Азийн орнуудад тохиосон санхүүгийн хямрал Монголд нүүрлэсний шинж тэмдэг төгрөгийн ханшийн уналт болж байна. Унасан, уруудсан үзүүлэлт ноёлох болсон бизнесийн орчныг төгрөгийн ханшийн уналт улам бусниулж орхих нь. АНУ-ын Холбооны нөөцийн банк зах зээл дэх ам.долларын нийлүүлэлтээ өсгөж, ам.долларын ханш чангарах бус сулрах төлөвт шилжсэн боловч Монголд эсрэгээрээ өсөлтийн оргил үе үргэлжилсээр. Зах зээлийг засаг удирдахгүй. Гэхдээ бизнесийн өчнөөн боломжийг төр хувийн хэвшлээсээ дээрэмдсээр байвал ам.долларын ханш хаана хүрдгийг 2800 гэсэн тоо тод харуулж байна. Ам.долларын ханш ийнхүү огцом чангарсны буруутан нь бодлого тодорхойлогчид гэвэл үнэнд илүү ойртоно.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН