Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн юм.

Монгол улсад хүүхдийн баярыг  1952 оноос эхлэн 6-р сарын 1-ний өдрийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн. 6-р сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч урлаг, спортын төлөөлөл болсон шилдэг хүүхдүүдийг хүлээн авч тэдний дуу хоолойг сонсч, алдарт эхчүүдэд одон гардуулдаг. 

Харин энэ жил дэлхий нийтэд тарсан цар тахлын улмаас  “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргалаа. Энэ өдрийг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлд шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой зүйл заалтыг танилцуулах мөн байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа аж.

Мөн Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед хүүхдийн баяраар анхаарах зөвлөмжийг боловсруулаад байна. Тодруулбал, 

Эцэг, эхчүүдэд:

• Хүүхдэдээ КОВИД-19, хүүхдийн баярыг яагаад урьдын адил тэмдэглэж болохгүй талаар тайлбарлах
• Хүүхдэдээ үндэсний үйлдвэрийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, оюуны хөгжилд хөрөнгө оруулалт хийсэн бэлэг сонгох (ном, оньсон тоглоом, ааруул, витамин)
• Хүүхэдтэйгээ цагийг идэвхтэй өнгөрүүлэх (тэмцээн уралдаан зохиох, зураг зурах, бялуу, жигнэмэг, хоол, зайрмаг хийх гэх мэт)
• Найз нөхдөдөө цахимаар мэндчилгээ хүргэх боломж олгох
• Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
• Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
• Бага насны хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, шүлсдэж үнсэхгүй байх
• Хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, агаарт гарах
• Хүүхдэд хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөөд байгаа. 

Тиймээс эцэг эх, асран хамгаалагч та бүхэн гэртээ хүүхэдтэйгээ байхыг хичээгээрэй. 

 

Монголын нийт хүүхэд багачууддаа Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярын мэнд хүргэж, аз жаргалтай инээд хөөрөөр насан туршдаа бялхаж, гэр бүлээрээ энх мэнд байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!