ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын кино шүүмжлэгч Кевин Ли үзээд хамгийн их уйлж байсан кинонуудаа нэрлэхийг “Twitter”-ийн хэрэглэгчдээс хүсэхэд маш сонирхолтой хариултууд иржээ.

К.Ли ийнхүү жиргэснээсээ хойш зургаан цагийн дотор л өмнө нь авч байгаагүй олон хариултыг хүлээн авсан бөгөөд кинонд дурлагчид түүнийг хамгийн их уйлж байсан кинонуудаараа “бөмбөгдөж” орхисон байна.

Мөн зарим хэрэглэгч тухайн кино өөрт нь яагаад гүн сэтгэгдэл төрүүлсэн талаарх түүхээ бичиж үлдээсэн нь К.Лиг гайхшруулжээ. “Надад хариулт бүхэн сэтгэгдэл төрүүлснээс гадна бүгд өөр хоорондоо ялгаатай байсан” гэж тэрбээр ярьжээ.

“BBC” суваг К.Лигийн жиргээнд ирсэн 35 мянган хариултыг задлан шинжилжээ. "Нулимс хамгийн ихээр асгаруулдаг" кинонуудын эхний хоёр байрт түүхэн юм уу алдартай бүтээлийн аль нь ч бус сэтгэлийн утсыг хөндсөн гэр бүлийн жанрын кинонууд жагссан байна.

 

 

“Disney”, “Pixar” компанийн хамтын уран бүтээл, 2017 онд үзэгчдийн хүртээл болсон, Оскарын шагналт “Coco” хүүхэлдэйн кино жагсаалтын эхэнд бичигджээ. Энэхүү кинонд Мексик хүү хөгжимчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн “Үхэгсдийн ертөнцөд” очиж, гэp бүлийнхээ нууцыг тайлж буйг өгүүлдэг юм.

 

 

“Coco”-гийн араас жагссан “Marley and Me” /2008/ инээдмийн уран сайхны кинонд Америкийн жүжигчид болох Оуэн Уилсон, Женнифер Энистон нар Лабродар үүлдрийн дуулгаваргүй нохой тэжээж эхэлснээр сонирхолтой үйл явдлууд өрнөдөг.

 

 

К.Лигийн жиргээнд ирсэн хариултуудад үндэслэн гаргасан жагсаалт

 

К.Ли “Coco” хүүхэлдэйн кино нэгдүгээрт жагссаныг мэдээд нэг их гайхаагүй байна. Тэрбээр, Би энэ киног биширдэг. Энэ сэтгэгдэл маань үзэх бүрт улам батлагддаг. “Coco”-гийн түүх бол маш сэтгэл хөдөлгөм бөгөөд дүрүүдийн холбоо хамаарал нь маш сайн. Энэ киног улам олон хүн үзээсэй гэж бодож байна гэж ярьжээ.

Мөн шилдэг 10 киноны жагсаалтад “Disney”, “Pixar”-ын гурван хүүхэлдэйн кино багтсан нь олон үеийн хүмүүсийн сонирхлыг татсан “Up”, энэ үеийн хамгийн гунигтай кино хэмээн “Buzzfeed” компанийн нэрлэсэн “Toy Story 3” ажээ. Түүнчлэн 1980-аад оны "Terms of Endearment", "Beaches" болон 2019 онд гарсан "Avengers: Endgame" кино эхний аравт орсон байна. 

 

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг