АН-ын удирдлагууд өчигдөр орой 18 цагийн орчимд Зайсан толгойн энгэрт байрлах 5000 ам.долларын гишүүнчлэлийн карттай хүмүүстээ үйлчилдэг гэх “Highland Park”-т нууц хүлээн авалт зохион байгуулжээ.Тус цогцолборт АН-ынхан тугаа өлгөж, автомашины зогсоол нь тансаг зэрэглэлийн автомашинуудаар дүүрсэн байжээ.

Өчигдрийн хүлээн авалтад Монголын 30 гаруй тооны баячууд оролцсон гэх мэдээлэл байна.Тухайлбал, “АПУ” компани Ерөнхийлөгч П.Батсайхан /төрсөн дүү П.Батчимэг нь Дорнод аймагт, П.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймагт, АПУ компанийн Санхүүгийн хэлтсийн захирал Н.Түвшин Хан-Уул дүүрэгт, NTV-ийн захирал Энхтуяа Дархан-Уул аймагт тус тус УИХ-д нэр дэвшиж байгаа/, "Эрдэнэт"-ийн 49 хувьд холбоотойгоор шалгагдаж байгаа Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон,  тус банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ, Эрүүл мэндийн дэд сайд асан Т.Болдбаатар, “Монгол шуудан”-гийн тодотголтой УИХ-ын гишүүн асан Д.Зоригт, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, З.Энхболдын гарын хүмүүс гэгддэг н.Бат-Орших, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нар, УИХ-ын гишүүн асан, “Монос” группийн дэд захирал Л.Эрдэнэчимэг, “Түмэн шувуут”-ын Л.Эрхэмбаяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь дүү гэгддэг Х.Болдбаатар, УИХ-ын гишүүн асан “Бридж” группын Ерөнхийлөгч Д.Ганхуяг, "Эрдэнэт" үйлдвэрт шахаа хийдэг гэгдэж байсан Улсын начин н.Дангаасүрэн, МҮХАҮ-ийн Ерөнхийлөгч, "UFC" группын эзэн О.Амартүвшин гэх мэт хүмүүс АН-ын удирдлагуудтай уулзахаар нууц хүлээн авалтад очсон байна.

АН-ын удирдлагууд Монголын толгой баячуудтай тохиролцоо хийж, дараагийн шатны хандиваа дахин хандив босгосон бололтой.Эх сурвалжийн мэдээллээр нэг хүнээс 2 тэрбум, нийт 60 гаруй тэрбум төгрөг босгожээ. 

Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс тус бүр 100 сая төгрөгийн хандив цуглуулсан байдаг. Гэвч  мөнгийг нь  авсан залуу гишүүдээ дэвшүүлэлгүй намын гишүүнчлэлтэй, төрөөс хөлжсөн олигархуудаа дахин нэр дэвшүүлсэн. Энэ 100 сая төгрөг бол АН-ын нэр дэвшүүлэх процессод оролцох тасалбар байсан.

 

Гэтэл одоо  нэр дэвшигч нартайгаа дараагийн 2-3 шатны гэрээ хийхээр болсныг хэвлэлүүд бичиж байсан. Ингэхдээ нэг нэр дэвшигч дээр 300-400 сая төгрөгийн хандив босгоно гэж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хүмүүстэйгээ тохиролцжээ. Уг хандив босгох ажил Монголын толгой баячууд, олигархуудын түвшинд хүртлээ үргэлжилж байна.

 

Хэрвээ АН УИХ-ийн сонгуульд ялалт байгуулбал  хэнд үйлчлэх вэ? гэдэг асуултын хариу эндээс бараг тодрох шиг.

Өөрсдийнх нь сонгуульд ялалт байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлсэн олигархуудад хууль баталж тэдэнд тус хүргэх үү, Монголын ард түмэнд тус хүргэх үү гэдэг нь бас сонин.

 

Г.Гарид

sonin.mn