Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2020.06.11/ гэртээ байсан хүүхэд 10 давхар барилгаас унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийн талаар нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр гэртээ байсан 10 настай хүүхэд 10 давхраас унаж, нас барсан гэсэн харамсалтай дуудлага 13.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ байсан гэдгийг тогтоосон. Хүүхдэд тавих хараа хяналт, ямар шалтгааны улмаас өндрөөс унасныг шалгаж байгаа. Иргэд оршин суугаа газрынхаа эрсдэлийг сайтар тооцдог баймаар байна. Хэрвээ орон сууцанд амьдардаг бол цонхны хамгаалалт бэхэлгээг сайжруулмаар байна. Манайх гэр хороололд амьдардаг юм гээд хаалга, цоож, гал гарах эрсдэлээ давхар тооцож, хүүхдүүдээ хамгаалж баймаар байна. Бага насны хүүхдүүд хохирогч болж байна. Уг харамсалтай тохиолдлоос гадна энэ сард дахин нэг хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн” гэдгийг хэлж байв.

Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд тавдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хорооны дугаар байрны зургадугаар давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага 19.00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй "У" нь гурван сартай охин "Т"-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Мөн өчигдөр 17-20 насны хоёр эмэгтэй хүүхэд голын усанд живж байсныг онцгойгийн алба хаагчид амь насыг нь аварчээ.