Коронавирусийн халдвараас болоод бэлэн хувцасны борлуулалт 50-80 хувь буурчээ. Борлуулалт буурах болсон гол шалтгаан нь их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орохгүй байгаатай шууд хамааралтай болохыг худалдагчид хэлж байсан юм.

Ямар ч үед үйлчлүүлэгчдийнхээ хөлд дарагдаж байдаг Бөмбөгөр худалдааны төв коронавирус гарснаас хойш сэлүүхэн байх болжээ. Үйлчлүүлэгчид нь эрс багассанаас болж бэлэн хувцасны борлуулалт 70 хувь буурсан аж. Тус төв эхэндээ түрээсээ 30 хувь хөнгөлж байсан ч сар бүр арав арваар бууруулсаар одоо 10 хувь хөнгөлж байгаа гэнэ. Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч“Сургууль, цэцэрлэг орохгүй байгаатай холбоотойгоор орлого эрс багассан. 30 хувийн орлогоор амьдралаа залгуулж байна. Хөл хорионоос болоод нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Орлого багасахаас гадна хил хаасантай холбоотойгоор бараагаа авч ирэхэд асуудал их гарах боллоо.

Өөрсдөө очиж бараагаа авахгүй болохоор хятадууд гоё зураг харуулчихаад муу хувцас явуулах нь ихэссэн. Нэгэнт ирсэн барааг буцааж болохгүй болохоор өөрсдөө л хохирч байна. Мөн захиалсан бараа 15 хоногийн дараа ирж байгаа учир мөнгөө эргэлдүүлж чадахаа больсон. Юань өссөн учир зардал ч нэмэгдэж байгаа. Гэтэл бид бэлэн хувцасныхаа үнийг нэмж зарах бус 5-10 мянган төгрөгөөр хямдруулж байгаа нь бүр их алдагдалд оруулж байна” гэв. Тэрбээр түрээс, ажилчдын цалин зэрэг зардлаа төлөөд сард сая төгрөгийн ашиг олдог байжээ. Гэтэл одоо олох ёстой ашиг нь хасах зааж, өр болон хуримтлагдах болсон тул банкнаас авсан зээлээ гурван сараар хойшлуулахаас өөр аргагүй болсон аж. Харин бэлэн хувцасны зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Тerranavo брэндийн хувьд орлого нь 50 хувиар буурчээ. Хороололд байрлах салбарын худалдааны ахлах зөвлөх О.Бямбасүрэн “Сургууль, цэцэрлэг орохгүй байгаатай холбоотойгоор хүүхдийн хувцасны борлуулалт эрс багассан. Эцэг, эхчүүд одоо хуучин хувцсаараа аргалж байгаад намар хичээл эхлэхээр шинэ хувцас авч өгье гэж хүүхдүүддээ хэлж байна лээ. Үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд ойр ойрхон 50-80 хувийн хямдрал зарлаж байна. Хямдрал зарласан тулдаа л борлуулалт 50 хувьтай байгаа юм. Ажилчид маань борлуулалтаараа цалинждаг болохоор орлогоо дагаад цалин ч буурсан. 

Мөн ажиллах цаг ч багасаад нөхцөл байдал хүндхэн л байна” хэмээлээ. Дүнжингарав худалдааны төвийн хувьд орлого нь 80 хувь буурсан байна. Тус төвийн худалдагчид бэлэн хувцасны борлуулалт эрс буурсан талаар ам уралдан хэлж байлаа. 40 орчим насны эмэгтэй “Үйлчлүүлэгч үнэхээр муу байна. Нэг ч төгрөгийн орлого олохгүйгээр гэртээ харих өдрийн тоо нэмэгдсээр байгаа. 

Хүүхдүүдээ хоногийн хоолгүй болгочихгүйн тулд өөр ажил хажуугаар нь хийхээр болсон. Гэтэл лангуун дээр суух хүн олдохгүй хэцүү байна. Арга ядахдаа хамаатан садныхаа хүүхдүүдийг гуйдаг ч үйлчлүүлэгч байхгүй үед цагтаа онгойх хэрэг байхгүй гэж уурлаад 2-3 цаг л нээлттэй байлгах юм. 

Би завтай болохоороо 10-20 мянган төгрөг нь хаа юм гээд өглөөнөөс орой хүртэл нүдээ ширгэтэл хүлээн сууна. Хямдрал зарлаад ч борлуулалт нэмэгдэхгүй байна” хэмээн учирлалаа. COVID-19 цар тахлын хөл хориог сунгасаар байгаа нь бизнес эрхлэгчдийн орлогод ихээхэн нөлөөлөх болсныг тэд хэлж байлаа. Мөн хил хааснаас болж бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж, ихээхэн хохирол амсах болсон тул энэхүү дарамтыг хөнгөлж өгөхийг төр засгаасаа гуйсан юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН