“Иргэдийн шударга шүүх” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох, бусдыг заналхийлсэн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд  2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон. Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 22-ны 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан юм.  2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаан дахин хойшлов. Энэ удаад Х.Бат-Ялалтын бие өвдсөн ажээ. Тиймээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүхээс хангаж, 2020.05.29-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулсан юм.  Шүүх хурал товлогдсон 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр Х.Бат-Ялалт шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүхээс хүсэлтийг хангаж шүүх хурлыг 2020.06.17-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. 2020.06.17-ны өдөр гэм буруугийн шүүх хурал 10:00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хуралд Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэнгүй. Тиймээс улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан.


Шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт товлолсон юм. 

Өнөөдрийн шүүх хуралд тэрбээр хорих 461-р ангиас ирэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ингэснээр тэрбээр өнөөдрийн шүүх хуралдаа ирээгүй тул шүүх хурлыг ТАВ ДАХЬ удаагаа хойшлуулж, цаган хориог сунгав. Улмаар гэм буруугийн хурлыг 2020.07.03-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. 

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг тэрбээр хэвлэлд ярьсан бөгөөд Х.Бат-Ялалтын хувьд уг мөнгөө авсныхаа дараа нэр бүхий сэтгүүлчдийн хамтаар задалсан гэж буруутгагдсан. Сэтгүүлчид нь ч мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ тухай тодотгон тайлбарласан аж.

Эрүүгийн хуулийн 17.6-д

17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

2.2.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.

Шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхардсан, Х.Бат-Ялалтын биеийн байдал тааруу байгаа, өмгөөлөгч шинээр авах гэсэн гурван үндэслэлээр өмнө нь тус тус хойшлооод байсан.