УИХ-ын найм дахь удаагийн 2020 оны сонгууль 07:00 цагт орон даяар эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч 606 нэр дэвшигчээс сонголтоо хийж, сонгуульд оролцох юм.

Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон хуваасан. УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам,  дөрвөн эвсэл 121 бие даагч гээд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуульд 121 хүн бие даан өрсөлдөж байгаа нь хамгийн их бие даагчтай сонгууль болж буй. Нийт нэр дэвшигчдийн 341 нь орон нутагт, 265 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс 52 нь сонгуульд нэр дэвшээд байна. 

Монгол улсын хэмжээнд энэ өдөр  санал авах 2070 байр ажиллаж байгаагаас нийслэлд 451 санал авах байр ажиллаж байна. Сонгуулийн санал авах байрны дотор, гаднахыг камераар хянаж байгаа. Сонгуулийн санал авах байранд хэсгийн хорооны ахлагч, ажилчид, иргэний бүртгэлийн ажилтан, мэдээллийн технологи хариуцсан ажилтан,  цагдаа, эмч, онгцой байдлын алба хаагч,  бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл болсон ажиглагчид ажиллаж байна.

Сонгогч та өөрийн харьяалах санал авах байрандаа иргэний үнэмлэхтэйгээ очоод  бүртгэлийн ажилтанд бүртгүүлж, хурууны хээгээ дарж иргэний бүртгэлийн цахим сан дахь өөрийн мэдээллийг үнэн зөв эсэхийг баталгаажуулсны дараа сонгуульд санал өгөх эрхээ эдлэх болно.  

Бид сонгуулийн санал авах байрны үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар сурвалжилахаар УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн 22-8-р хэсгийн хорооны ахлагч Ё.Нарантуяагаас тодрууллаа.

- Сайн байна уу? Санал хураалт өглөө 07:00 цагт эхэлсэн үү?

- Манай хэсгийн хороо зөөврийн хайрцгаар гурван санал авсан. Өнөөдөр өглөө ажиглагч нарыг байлцуулан 07:00 цагт төхөөрөмжүүдээ нээх кодоо хийж нээгээд зөөврийн гурван саналаа уншуулаад одоо эхний сонгогч маань саналаа өгөөд явж байна.

- Танай хэсгийн хороон дээр нийт хэчнээн сонгогч санал өгөх вэ?

- Манай хэсгийн хороонд 1458 сонгогч байгаа. Үүнээс 164 нь түр хасалт төлөвт байгаа. Түр хасалт төлөвт орсон сонгогч өөрийн биеэр ирж, сэргээх кодоор сэргээж, саналаа өгөх боломжтой. Түр хасалт төлөв гэдэг нь хилийн чандад байгаа сонгогч гэсэн үг.

- Хорио цээрийн дэглэмийг хэрхэн баримталж байна вэ?

- Хорио цээрийн дэглэмийн манай хэсгийн хороо баримталж байгаа. Гэхдээ хэсгийн хорооны байр өөрөө хэтэрхий жижигхэн учраас стандартыг яг хангахад хүндрэлтэй байгаа ч зөвлөмжийн дагуу зохион байгуулаад ажиллаж байгаа.

- Цаг гарган тодруулга өгсөнд баярлалаа.

Бид тус хэсгийн хорооноос бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.