Энэ сарын 23-ны өдөр өсвөр насны охин усанд живж амиа хорлохоор завдаж байсныг Цагдаагийн ерөнхий газрын  Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа таслан зогсоосон байна.  Тодруулбал, 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын  Хэвлэл мэдээллиийн төвийн алба хаагчид  ажил үүргийн дагуу сэрэмжлүүлэг мэдээ мэдээллээ бэлтгээд явж байхад   нэг охин "гүнзгий ус хаана байна, би үхмээр байна" гэж орилон гол руу гүйж байсан аж. Тиймээс тухайн охиныг голын ус руу үсрэхээс нь өмнө гүйцэж очин, амь насыг нь аварчээ. Улмаар машиндаа суулгаж  тайвшруулан, харъяа дүүргийн цагдаагийн газарт нь хүлээлгэж өгсөн байна.  Амиа хорлохыг завдсан өсвөр насны охины амь насыг аварсан цагдаагийн алба хаагчтай товч ярилцлаа. 

- Таныг амь насыг нь аврахаар очиход ямар байдалтай байсан бэ? Охин архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан болов уу? 

- ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчидтай сэрэмжлүүлэг мэдээ хийгээд явж байхад нэг охин голын гүнзгийн хэсэг хаана байна, гэж орилж гүйж байсан. Тиймээс ус руу орохоос нь өмнө түүнийг барьж авсан. Охиноос бага зэрэг архи үнэртэж байсан. Тухайн үед охиныг машиндаа суулгаад тайвшруулахыг хичээсэн. Харин тэр охин "Би ганцаараа, надад хэн ч байхгүй. Зүгээр намайг машинаасаа буулгаад өгөөч би үхмээр байна" гээд уйлаад байсан. Удалгүй Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн алаг машин ирж охиныг аваад явсан. Өсвөр насны хүүхдүүд бага зэрэг эмзэг байдаг. Тиймээс найз нөхөд, гэр бүлийнхэндээ гомдоод заримдаа буруу алхам хийх тохиолдлууд байдаг.

- Та тэр үед та яг албан үүргээ гүйцэтгээд ажлаа хийж явсан гэсэн. Ажлаа амжуулж чадсан уу?

- Тийм. Манай Хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор маш олон мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэдэг. Мэдээж ажил бага зэрэг саатсан. Гэхдээ бид иргэдийн амар тайван, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн улс. Хэн нэгний амийг аварлаа гээд хөөрөхдөө бус нэг ч болов өрх элэг бүтэн амар тайван байх боломжтой болсонд баярлаж байна.

- Та цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ? Өмнө нь үүн шиг үйлдэлтэй хэр таарч байв?

- Би цагдаагийн байгууллагад ажиллаад 12 жил болж байна. Мэдээж ийм үйлдэлтэй тааралгүй л яах вэ. Тэр болгонд хүлээсэн үүргийнхээ дагуу зохих арга хэмжээг авч ажилладаг.

Бид амиа хорлохыг завдсан гэх охины талаар тодруулахаар холбогдох байгууллагаас лавласан юм.

2020 оны 06 дугаар сарын 23 ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 17 настай охин бусадтай маргалдаж,  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд живж амиа хорлохыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагч таслан зогсоосон байна. Улмаар охиныг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Эрдэнэт хүний амь насыг аварсан эрхэм алба хаагч танд баяр хүргэж байна. 

Гэрэл  зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон

Эх сурвалж: www.etoim.mn Сэтгүүлч Ц.Эрдэнэтуяа