Өчигдөр буюу (2020.06.26)-аас эхлэн хүнсний дэлгүүр, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо. Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын үед аж ахуйг нэгжүүд 22:00 цаг хүртэл ажиллаж байсан бол цагийн хуваарийг шөнийн 00:00 цаг болгон сунгав. Ингэснээр өмнө нь ажиллаж байсан цагийн хуваарийн дагуу аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах юм. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний дэлгүүр, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад хяналт тавьж ажиллах аж. 

 

Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан ч эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж байгаа юм. Тухайлбал амралтын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтессийн газрын үйл ажиллагааг нээсэн бол энэ сарын 22-ноос эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгааг, мөн худалдаа үйлчилгээний газрууд, зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар уртасгаж, 00.00 цаг болгон сунгаад байна.