Манай улсаас гадаадад 180 мянга гаруй иргэн амьдарч байна. Тэдний 10 мянга гаруй нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан талаар Гадаад харилцааны яам мэдэгдсэн. 

Улсын онцгой комисс тусгай үүргийн онгоцоор иргэдийг авчирч буй ч ар өврийн хаалгаар олонх нь ирж байгаа тул өвчтэй зовлонтой хүмүүс эх орондоо хөл тавьж чадахгүй байгааг иргэд хэлж байна. Гэтэл дэхийн улс орнуудад COVID-19 улам тархсаар. Бээжин хотод л гэхэд тус вирусийн хоёр дахь давалгаа дэгдэж, айдаст автуулаад байна. Гэсэн хэдий ч улс орнууд эдийн засгаа эрсдэлээс хамгаалах үүднээс өндөржүүлсэн зэрэглэлээ шат дараатай бууруулж, зарим нь тус вирустэй эвлэрч байна. Харин манай улс хилээ дангинатал түгжсэн хэвээр даруй хагас жил болох нь. Уг нь хилээ нээчихвэл гадаадад амьдарч буй иргэд ирэхэд чөлөөтэй болно. Гэвч энэ жил хилээ нээхгүй нь бололтой. АНУ-д амьдардаг монголчууд аргаа барж, цөхөрч байна. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээдэг эм, вакцин гартал нээхгүй хэмээхэд хөөрхий монголчууд дараагийн Засгийн газар, шинэ Ерөнхий сайд солигдохоор ирнэ хэмээн горьдож байв. Гэсэн ч УИХ-ын сонгуулиар Дахин МАН дөрвөн жил төрийн эрх барих болсон тул тэдний найдлага тасрав. АНУ-д халдвар өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Тус улс сүүлийн 24 цагт шинэ төрлийн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хагас сая орчим удаа хийжээ. Шинжилгээгээр 38.5 мянга нь буюу 12 хүн тутмын нэг нь COVID-19 халдвартай байсныг тогтоожээ. ОХУ мөн хугацаанд 300 мянга орчим оношилгоо шинээр хийж, 7.1 мянга буюу 42 хүн тутмын нэг нь шинэ төрлийн вирусээр өвчилснийг илрүүлжээ. Дэлхий дахиныг залхааж буй уг вирус ойрын хоёр жилд арилахгүй гэж ДЭМБ үзэж буй. Гэтэл манай улс вирусийн тархалтаас айж дагжин чичирсэн хэвээр сууна. Гадаадаас иргэдээ авчрахгүй бол ажилгүй, орлогогүй, амьдрах байрны төлбөрөө төлж чадахаа байсан иргэд гудамжинд гарчихаад байна. Урин дулааны улиралд амжиж иргэдээ авчрахгүй бол сэрүүний улиралд идэвхждэг вирус өвөл дахин дэгдэх эрсдэлтэйг эрх мэдэлтнүүдэд сануулахад илүүдэхгүй байх. Аялал жуулчлал зогссон энэ үед тусгаарлах байр элбэг байна. Зочид буудлууд, амралтын газруудад ч тусгаарлаж болно. Одоогоор улсын хэмжээнд 2458 иргэн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 22 хүн гарлаа. АНУ-аас 262 зорчигч ирснээс 65 настай иргэнээс вирусийн халдвар илэрсэн байна. Мөн эмнэлэгт эмчлүүлж буй 47 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.

Засгийн газрын мэдээ сонин