УИХ-ын сонгуульд iнэр дэвшин нийт сонгогч олны саналыг авсан нэр дэвшигчид өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авсан билээ. Тэгвэл энэ арга хэмжээний үеэр “Зөв хүн электорат” эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Т.Доржханд пүүзтэй ирсэн нь олны анхаарлыг татсан нэгэн болов.

Төрийн ордонд тодорхой дэг жаяг, дүрэм журмын дагуу ёслолын хувцастай орох учиртай ч Т.Доржхандыг хувцаслалт үүнд тохироогүй. Тиймдээ ч тэрбээр арга хэмжээндээ хоцорч ирсэн аж.

Энэ талаар Т.Доржхандаас тодруулахад “Өмнө нь Сангийн яаманд ажилладаг байхдаа ажлын хувцастайгаа ирдэг байсан. Өнөөдөр тойргийн иргэдтэй уулзан, талархал илэрхийлж байгаад шууд ирсэн. Ер нь ийм л хувцастай яваад байгаа. Өнөөдөр пүүз өмслөө гэж нэлээд шүүмжлүүлж байх шиг байна.

Монгол хүн төрөө хүндэтгэдэг. Би ч бас төрөө хүндлэлгүй яах вэ. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч байна. Төр маань монголчуудад ээлтэй, дурын хүн ордог байгаасай. Бусад оронд хувцасны хязгаарлалтай гайгүй байдаг шүү дээ.

Өнөөдөр яараад байгаагаараа хүрээд ирлээ. Түүнээс биш ямар нэгэн шоу, PR биш шүү. Ямар ч тийм юм байхгүй. Энэ гутлыг надад эхнэр маань бэлэглэсэн. Хувцаслалтдаа нэг их анхаардаггүй, болхидуу хүн. Уг нь цагтаа ирсэн. Хувцаснаасаа болоод үнэмлэхээ сүүлд авлаа. Цаашдаа хувцсанд бус эх орноо хөгжүүлэх, бодлого шийдэлд түлхүү анхаарна” гэлээ.