Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Та бидний эвсэл”-ээс нэр дэвшин Орхон Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар өнөөдөр гишүүний үнэмлэхээ гардан авч Парламентад хоёр дахь удаагаа эргэн ирсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр хэлэхдээ,  “Бал сарыг удаан тэмдэглэж болохгүй. Төгрөгийн худалдан авах чадвар эрс унах бий гэсэн айдас байна. Коронагаас болоод түүхий эдийн борлуулалт асар тааруу байна. Ер нь Монголд ганц мөнгө олж байгаа нь “Оюу толгой” л байна шүү дээ. Жилд 2 тэрбум ам.доллар олж байгаа байгууллагыг яагаад Монголд ашигтай байлгах талаар дорвитой юм хийдэггүй юм бэ. Бүгдээрээ халаасанд орчихсон юм шиг зугтдаг. 49, 51 хувийн асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй. УИХ ажилдаа хурдан орох хэрэгтэй. Гол асуудлаа барьж ав. Энэ нь Оюу Толгой, Эрдэнэтийн баялгийг ард түмэнд хэрхэн олгох вэ гэдэг асуудал. Тулга тойрсон асуудалд хөөцөлдөөд дэмий.

Би Эрдэнэт хотоос сонгогдсон гишүүдтэй хамтарч ажиллана. Өнөөдөр би нөгөө хоёртой уулзаж гар барьж, хамтдаа зургаа авахуулсан. Биднийг нэгтгэж буй нэг эрх ашиг байгаа нь эрдэнэтчүүд. Ямар ч байсан хамтарч ажиллах саналаа түрүүлж тавьсан. Нэг нь инээсэн, нөгөө нь “Тэгье” гэсэн.

Миний хувьд орон сууц, шинээр ажлын байр бий болгох, банкны өндөр хүү буюу мөнгө хүүлэлтийг зогсох, төрийн хүнд суртлыг багасгах гэсэн дөрвөн чиглэлд голчлон ажиллана. Үүний тулд арга зам маш чухал. Мөрөөдлийн юм яриад нэмэргүй. Эрдэнэтчүүдийг мэдээлэлтэй, эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшинд оролцуулна. Тэгэх арга нь аймгийн гурван талт хэлэлцээр.

Эрдэнэтчүүд энэ их баялгийн эзэн гэдгээ мэдэх ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ээс улсын төсөвт 94 тэрбум төгрөг өгдөг. Тэр хаашаа ордог вэ. Аймгийн гурван талт хэлэлцээр бол хууль. Энэ эрх мэдлийг Эрдэнэтийн бүх шатны хүнд хэрэгжүүлнэ. Мөнх тэнгэр ивээж Ерөнхийлөгч болж Монголоо аварна гэдэгт би итгэлтэй байдаг” гэлээ.