Австрали улсын “The Voice” шоуны ес дэх удаагийн тэмцээнд үндэсний язгуур урлаг морин хуур, хөөмийг уянгалуулсан хөгжимчин Ганбүргэдийн Бөхчулуунтай ярилцлаа.


-Та багаасаа урлаг соёлд сонирхолтой байсан уу. Ардын урлагаар хичээллэж эхлэхэд юу хамгийн том түлхэц болж, нөлөөлсөн бэ?

-Миний аав Төв аймгийн Лүн сумын иргэн, ээж маань Хөвсгөлийн Хатгалд төрсөн. Харин би Улаанбаатар хотод төрж өссөн. Айлын бага хүүхэд болохоор ах эгч, аав ээжийнхээ хайранд умбаж, хүмүүжиж өссөн дөө. Багын, урлаг соёлд их дуртай. Монголын хүүхдийн пионерын ордонд дуулж алтан медаль авч байлаа. Тухайн үеэс өдий хүртэл дуулах сонирхол минь огт буураагүй. Хэдийгээр аав маань мэргэжлийн дуучин биш ч сайн дураараа баяан тоглоод л дуулдаг. Гавьяат жүжигчин, морин хуурч Л.Идэрбат миний авга ах л даа. Багаасаа түүний морин хуур тоглохыг хараад хөгжимд илүү их хайртай болсон. Улмаар 1997 онд Ё.Батбаяр гэж мундаг багшаараа морин хуурыг заалгаж суралцсан. Багшийн маань хүүг Эрдэнэбат гэдэг. “Камертон” хамтлагийн Эба гэдэг дуучин шүү дээ. Би багшийнхаа удирдлагатайгаар сураад хөгжимчин болох гараагаа эхэлсэн юм.

-Морин хуур, хөөмий зэрэг ардын урлагаа гадныханд толилуулахад хэрхэн хүлээж авдаг вэ?

-Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, өвөрмөц дуу авиаг анх удаа сонсоход “юу дуугаргаад байна аа” гэж гайхаж, сонирхолгүй яахав. Заримдаа ус ууж хоолойгоо чийглэчихээд л хөөмийлөхөөр “усан дотор чинь юу байна” ухааны юм ярьдаг. Урьд нь сонсож дуулж, үзэж хараагүй болохоор тэдэнд маш сонин, хачин сонсогддог шиг байгаа юм. Ер нь хөөмийлж, морин хуур тоглоход авьяасаас гадна хөдөлмөрлөх нь илүү чухал. Алив бүхэнд хичнээн авьяастай ч хөдөлмөрлөхгүй бол хийж чадахгүй шүү дээ.

-Австралийн “The Voice”шоунд урилгаар оролцсон гэж сонссон...?

-Энэ шоунд оролцох талаар өмнө нь бодож байгаагүй. Нэг өдөр “The Voice”-оос “Ардын язгуур урлагаа үзүүлэхээр манай шоуны тайзан дээр гарсан хүн огт байгаагүй. Тиймээс таныг урьж оруулах хүсэлтэй байна” гэсэн урилга ирсэн л дээ. Ингээд би урилгыг нь хүлээн авсан.

-Ардын урлагаа Австралийн тайзан дээр үзүүлэхэд ямар мэдрэмж төрөв?

-Мэдрэмж гэхээсээ илүү үзэгчтэйгээ тулж ажиллахыг хүсдэг. Үзэгчдэд улам ихээр яаж хүргэх вэ гэдгийг бодож, дотроосоо гарч буй эмоци сэтгэгдлээ хүмүүс рүү улам ойртуулж өгөх зорилготой. Энэ шоунд орсноор нэн түрүүнд үндэсний урлагийг маань хүмүүс зөв талаас нь ойлгож эхэлсэн болов уу. Хоёрдугаарт, гадныхан нөгөө Бөхөө гэж ярихгүй, өнөө монгол залуу байна шүү дээ гэнэ. Бөхөө гэдэг нэрний оронд Монгол гэдэг үг олны чихэнд бууж эх орныхоо тухай сайхан сурталчилна гэдэг бол боломж. Угаас энэ шоунд орох шалтгаан нь энэ юм. Одоо Монгол гэдэг нэрийг бараг л хүн болгон мэддэг боллоо. Шоуны үзэгчид цаашдын ажилд минь өндөр амжилт хүссэн сайхан сэтгэгдлүүдийг илгээсээр байгаа. Хөгжмийг чинь өдөр болгон бараг цаг тутам сонсдог, бясалгал хийвэл тохирохоор ёстой гоё хөгжим юм, дууг чинь сонсоод уйлсан гэх мэт олон сэтгэгдлийг олж харсан. Үзэгчдийн сэтгэгдэл маш эерэг байна.

 

"Aya" хамтаг

-Нүүдэлчин соёлын онцлогоос хамаараад тэр үү, язгуур урлаг маань цаанаасаа л байгалийн тайван, зөөлөн аялгууг эгшиглүүлдэг...?

-Хүн, амьтан, байгаль гурав уялдан холбогдож байдаг нүүдэлчин соёл гэдэг чинь амьтай юм шүү дээ. Монголчууд энэ сайхан уламжлалаа гээлгүй хадгалсаар өнөөг хүртэл авч яваа цорын ганц улс. Тиймээс ч соёл уламжлалаараа бахархахгүй байхын аргагүй. Морин хуурын хоёр утсыг морины сүүлээр татдаг. Ингэж амьд амьтны дэл сүүлээр амь оруулж тоглохоор хүний зүрхэнд маш гэгээлэг герциэр хүрч, сэтгэлийг нь хөдөлгөх хүчтэй. Хөөмий ч ялгаагүй нүүдэлчдээс гаралтай. Монгол урлаг ямар ч хүний сонор мэлмийд дээд хэмжээнд нь хүртэл хүрдэг. Иймээс ч язгуур урлагаа хайрлаж, гамнах хэрэгтэй. Үндэснийхээ урлагийг нэг үгээр тодорхойлбол “давтагдашгүй” гэж би хэлнэ. Монгол урлагийг монгол хүн л хэлж, зөвлөж чадна. Харин монгол урлагийг өөр бусад хүмүүс нь харж биширч гайхширна.

-The Hu” хамтлаг л гэхэд уламжлалт урлагийг орчин цагтай хослуулан сонирхолтой шийдлээр гарган ирсэн шүү дээ?

-Монголын “The Hu” хамтлаг маань маш амжилттай яваа. Дэлхийн тавцанд хөөмий, морин хуур зэрэг ардын урлагийг бусад хөгжмийн зэмсэгтэй хоршуулаад үнэхээр гоё аргаар гаргасан. Энэ бол том амжилт. Сайн менежмент, зөв шийдэлтэйгээр эх орныхоо нэрийг гаргаж яваа.“The Hu” хамтлагийнханд баяр хүргэе, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Цар тахлаас болоод “The Hu” хамтлагийнхан Австралид хэдэн сар гацсан байсан шүү дээ. Сүүлд тэдэнтэй холбогдож “Монголд очоод хоёр дахь CD-нийхээ ажлыг амжилттай хийгээрэй” гээд ярьсан. Одоо эх орондоо очсон байх.

-Та Монголынхоо "The Voice" шоуг үзсэн үү?

-Хараахан үзэж амжаагүй явна. Харин youtube-ээс Дашнямын дуулахыг сонссон. Өмнөд Монголын дуучин Б.Цэцэгмаагийн дуулсан “Нэр үгүй салхи” хэмээх дууг үнэхээр сайхан дуулжээ. Хамгийн шилдэг нь болсон гэж би хараад байгаа. Харин бусдыг нь хараахан үзэж амжаагүй л байна. Тэр дуучинд баяр хүргэмээр байна. Үнэхээр сайхан дуулсан шүү.

-Австралийн "The Voice" шоуны эхний шатанд дөрвөн шүүгч эргэж харсан шүү дээ. Яагаад Гай Себастиан дуучныг дасгалжуулагчаараа сонгох болсон бэ?

-Гай Себастиан бол Малайз, Австралийн поп дуучин. Бага байхдаа Малайзаас Австралид очиж суурьшсан юм билээ. Нэг удаа радиогоор түүний “Before I go” буюу “Явахаасаа өмнө” гэдэг дууг нь сонсоход надад маш их таалагдсан. Энгийн мөртлөө үнэхээр чихэнд чимэгтэй дуу шүү. Анх “The Voice” шоуны урилга ирэхэд орох эсэхээ бодож эргэлзсэн удаатай. Ингээд шоуны шүүгчдийг харахад алдарт Гай Себастиан дуучин байсанд олзуурхаж, оролцохоор шийдсэн. Гай Себастиан шүүгчээр ажиллах учраас надад “The voice” шоунд оролцох хүсэл эрмэлзэл төрсөн юм. Шоунд Австралийн хоёр шүүгч, Англи болон Америкийн тус тус нэг шүүгч ажиллаж байгаа.Шүүгч Дельта бол Австралийн эмэгтэй дуучин, Бой Жорж Англиас уригдаж ирсэн шүүгч, мэдээж дуучин Келиг хүн болгон мэднэ шүү дээ. Анх дуучин Бейонсетой хамтарч гарч ирж байсан.

-Халз тулааны шатанд хэнтэй өрсөлдсөн бэ?

-Жонытой хамт нэг тайзан дээр дуулсан. Жоны угаас маш чадварлаг дуучин. Би түүнийг түрүүлээсэй гэж бодож байна. Түүнтэй хамт нэг тайзан дээр дуулсандаа баяртай байгаа.

-“The Voice” шоуны тайзан дээр саяхан “Battle” шат буюу халз тулааны өрсөлдөөн өрнөлөө. Зарим шүүгч, үзэгч үүнийг эн тэнцүү өрсөлдөөн болсонгүй гэж үзлээ. Энэ талаарх таны байр суурийг сонирхъё?

-Халз тулааны шатыг өрсөлдөөн гэдэг утгаар нь харвал энэ шударга бус байсан болов уу. Гэхдээ үүнийг би хувьдаа уран бүтээл талаас нь харсан. Өөрөөр хэлбэл, ардын урлагийг Майкл Жексоны “Earth song” дуун дээр Жонытой хамт хэрхэн яаж, ямар өнгө тембер хоршуулж гаргах вэ гэсэн талаас нь хамтран үзүүллээ.Гай Себастиан надад үг өгөөгүй нь үнэн ч үүнийг би айхтар буруугаар ойлгоогүй. Угаас энэ шоуг үргэлжлүүлээд явлаа ч цаашдын үе ахих тусам шоуны гэрээ маш хатуу нөхцөлтэй. Би урлагаараа ажилладаг учраас гарын үсэг зураагүй. Угаас урлагаараа ажилладаг над шиг хүмүүст тохиромжгүй гэрээ санагдсан.

-“Aya”, “Equus” гэсэн хоёр хамтлагаа танилцуулаач. Танаас бусад гишүүд нь Австралийн дуучин, хөгжимчид гэж дуулсан...?

-Хамтлагийнхаа гишүүдийн заримтай нь томоохон фестиваль ёслолын үеэр уулзаж, хамтарч тоглоод танилцсан. “Aya” хамтлаг маань гурван гишүүнтэйгээр хоёр жил гаран болж байна уу даа. “Aya” гэдэг нэр нь Монголоор ая буюу хөг аялгуу, Арабаар гоё сайхан гэсэн утга илэрхийлж буй. Эгшиглэнтэй, яруу аялгуутай хөгжим тоглодог болохоор “Ая” гэдэг нэрийг олзуурхсан. Манай хамтлагийн эмэгтэй гишүүн маш сайхан дуулна. Эрэгтэй гишүүнийг Линсей Поллак гэдэг. Түүнийг Австралийн хамгийн алдартай үлээвэр хөгжимчдийн нэг гэж хэлж болно. Линсей Поллак лууван арилгаж нүхлээд үлээвэр хөгжим хийж хөгжимддөгөөрөө алдартай. Харин “Equus” хамтлаг маань дөрвөн гишүүнтэйгээр долоон жил болж байна. Манай хамтлагийн гишүүд морин хуур, контрабас, бөмбөр, гитарыг хослуулан тоглодог. Бид бараг Австралийн ихэнх фестивальд оролцсон. “Equus” гэдэг нь латинаар морь гэсэн үг. Морин хуур тоглодог учраас хамтлагийнхаа нэрийг мориор жишиж ингэж өгсөн.

-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Одоогоор өөрийнхөө альбом дээр ажиллаж байна. Ерөнхийдөө ирэх жилийн эхээр гэхэд гарчихна. CD-гээ бичүүлээд дууссан. Харин одоо гаднах дизайн дээр ажиллаж байгаа. Австралийн Мельбурнд амьдардаг н.Хоснаран гэдэг маш авьяаслаг уран бүтээлч, залуу зураач CD-ний маань дизайн дээр ажиллана гэсэнд баяртай байгаа. Мөн арванхоёрдугаар сарын сүүлээр “Аya” хамтлагийнхаа CD-ний ажилд орно.

Одоо долдугаар сарын эхээр youtube-ээр концерт хийх төлөвлөгөөтэй байна. Сонирхсон хүмүүс нь үзээрэй. Ерөнхийдөө цар тахлаас болоод хаа сайгүй хэцүү байх шиг, тэр дундаа уран бүтээлчдэд хэцүү байгаа. Тиймээс ч энэ жилдээ CD-нийхээ ажлыг амжуулах төлөвлөгөөтэй.

П.САЙНЖАРГАЛ