Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. ЭЕШ-ыг энэ сарын 2-5-нд 85 байранд зохион байгуулсан юм.

 Улсын хэмжээнд 30 мянга 900 шалгуулагч шалгалт өгч, ирц 89.5 хувьтай буюу өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байв. Шалгалтыг эрүүл ахуйн онцгой дэглэмийг сахиж зохион байгуулсан. Мөн  шууд засалтын шилэн технологийг ашиглан, шалгалтын дүн засалтыг шууд дамжуулснаараа онцлог байв. Өнгөрсөн жил математикийн хичээлээр 18 хүүхэд 800 оноо авч байсан бол энэ жил 27 хүүхэд 800 оноо авсан байна. Үүний 14 нь Улаанбаатар хот, 13 нь орон нутгийн хүүхэд байна.

Боловсролын үнэлгээний төвөөс холбогдох байгууллагуудтай хамтран их дээд сургуулийн онлайн элсэлтийг өнгөрсөн сарын 26-наас энэ  сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. БСШУСЯ, Монголын их, дээд сургуулийн консерциумиас өнгөрсөн онд Улаанбаатар хотод байгаа төрийн өмчийн их сургуулийн босго оноог 480, хувийн хэвшлийн сургуулийн босго оноог 410, орон нутагт байгаа сургуулиудын босго оноог 400-гаар тогтоосон.  Энэ жил их, дээд сургуулийн босго оноог бууруулаагүй. Сургуулиудын хувьд өөрийн сургуулийн хяналтын тоонд багтаан босго оноог дахин тогтоож болно. Гэхдээ хамгийн бага оноо нь дээр дурдсан хэмжээнд байх ёстой юм.

Эх сурвалж: www.polit.mn