У.Хүрэлсүх МАН-ын 65 суудлыг 62 болгон бууруулж, С.Эрдэнэ АН-ын 9 суудлыг 11 болгож өсгөсөн ч Хүк биш Эрдэнэ хариуцлага хүлээлээ. За энэ ч яахав, хөнгөн наргиа. АН-ын дарга сонгуулийн дүнг тэр дор нь хүлээн зөвшөөрч намын даргын албаа өгч байгаагаа мэдэгдмэгц залуучуудын шаагилдаан эхэлж, мөнөөх л эмх замбараагүй, удирдлагагүй хаос төлөвтөө АН ядах юмгүй шилжиж орхив.

 

“Тэнэмэл хүү буцаж ирсэн нь” гэдэг шиг явж явж намдаа буцаж ирсэн надад хачирхах зүйл мундахгүй. ҮБХ хуралдаж намын дарга илтгэл тавьж, өмнөх ажлынхаа алдаа оноог дүгнэн хэлэлцүүлж, том улстөрчийн хувиар /Монголын хоёр дахь том намын дарга бол хэн байхаас үл хамаараад том улстөрчид тооцогдоно/ өөрийн болоод нам дахь тогтолцооны алдаа, сургамжийг томъёолон ил тод хэлж, дараагийн гарц гаргалгаа, алсын хараагаа хэлж, удирдлагаа албан ёсоор шилжүүлнэ гэж бодтол тэгсэнгүй.

 

Зүгээр л мэдэгдлээ, дарга огцорсонд тооцлоо! Харин одоо дараагийн даргын дуулианд нийгэм автаж, тэр дарга болох ёстой, үгүй тэр хогоор яах юм, энэ нь дээр гэхчлэн өөр өөрсдийнхөөрөө нэр дэвшүүлж, яг л оршуулга болсон айл шиг бужигнаж эхлэв. Хэзээний л ийм байсан юм, яг хэвээрээ. Яагаад АН-ын нэр хүнд шалдаа буутал унав, чухам юунаас болов гэдэг талаар дорвитой, бодтой дүгнэлт хэн ч өгсөнгүй. Ерөөсөө л С.Эрдэнээс болсон гэдэг ганц дүгнэлттэй, “эмэгтэй хүн болбол дээр” “одоо залуу хүн болсон нь дээр” гэдэг хоёр гарцтай. Ингээд л болоо. Олон долоон юм ярьж цэцэрхээд байлгүй өөрийн бодол, дүгнэлтээ хэлье.

 

Юунаас болов?!

 

Эрх баригчдын нэр хүнд унаж, эсрэгээр сөрөг хүчний рейтинг өсдөг зүй тогтол эвдэгдээд хэдэн сонгуулийн нүүр үзлээ. Намын дарга гэдэг нэг хүний хүчин зүйлээс цааш, нийгмийн сэтгэлзүйн учир шалтгааныг шинжлэх гэж оролдох ёстой. Шинэ үндсэн хууль батлагдаж 1992 оноос өнөөдрийг хүртэл найман удаагийн парламент байгуулагдахад 1996 оны 50 суудлыг эс тооцвол АН дангаараа эрх барьж, дангаараа бодлогоо хэрэгжүүлэх боломж олдсонгүй.

 

Тухайн үеийн Үндсэн хуулиар 25+1 /МАХН+О.Дашбалбар/ буюу ганц О.Дашбалбар гишүүн л асуудлыг шийдэж, эсвэл шийдүүлэхгүй байж дөнгөдөг байсан тул энэ үед ч ихээхэн төвөг зовлонтойгоор “эрх барьж” тоглож байсан юм. Мөнөөх өнөөдрийг хүртэл муугаар хэлэгддэг, асуудлыг илүү хялбар шийдэхдээ ирцийг хумьсан гэх мэт Үндсэн хуулийн “дордохын долоон” нэмэлт өөрчлөлтийн шалтгаан ч энэ байсан юм.

 

Гэвч...

 

АН-ын эрх барьж байсан эсэхээс үл хамаараад өнгөрсөн гучин жилийн нийгмийн бүхий л өөрчлөлтийг цаад агуулгаар нь, углуургаар нь АН-тай, ардчилалтай холбон ойлгож байгаа нийгмийн сэтгэлзүйг тоолгүй орхиж болохгүй. АН-ын алдаатай үйлдэл болгон энэ сэтгэлзүйг л баталгаажуулж байсан юм.

2004 онд 35 суудал авчихаад эвслээ тарааж АН дангаараа бүлэг байгуулах хуулийн боломжгүй болж үлдсэн тул АН-ын дарга нь МАХН-ын бүлгийн дэд дарга болж шившгийн хөндийг туулж, алийгаа алдаж байв. Энэ шившигт үйлдэл олон ч хүний итгэлийг булшилж, намаа орхих шалтгаан нь болсон. Зүй нь маш сайн сөрөг хүчин байх байсан юм!

 

2008 оны сонгуулийн дүнд таван хүний амиар золин байж, Үндсэн хуулиа зөрчин байж 45 суудал авсан МАХН-тай хамтарсан засаг байгуулав. Хоёр дахиа шившгийн хөндийд оров. Туулахад хол, муухай хөндий... бүгд харж, шившиглэдэг. Үүнээс болж маш олон хүн АН-ын гишүүн гэж хэлэхээсээ ичдэг болсон доо. Зүй нь маш сайн сөрөг хүчин байх байсан юм!

 

Сөрөг хүчин бол улстөрийн маш сайн байр суурь! Сөрөг хүчин байж чадаагүй нь л АН-ын эрх баригч байж чадахгүйг олон түмэнд нотлоод байжээ. Тэвчээргүй хуйвалдагч, бусадтай нийлж өөрсдөөсөө өс авагч байсаар ирсэн нь тэднийг эрх баригчийн зангараггүй байгааг ямагт нотолсоор, иргэдийн ой тойнд бат нот хадсаар л байв. Тэгэхэд л эхэлсэн шившгийн хөндийгөө одоо ч туулж бараагүй.

 

Арай олон болсон нь 2012 он. Гэхдээ нийгмийн сэтгэлзүйд аль хэдийн МАНАН биежээд АН-ыг энэ зоосны нэг тал болгож хардаг болсон байв. Одоо ч тэр. Тэгээд хусавч арилахгүй энэ муу нэрээс хэрхэн салж, хүсэвч эс олдох олны итгэлийг хэрхэн эргүүлэх билээ.

 

Хэрхэн...?!

 

АН нийгмийн сэтгэлзүйд хэдийн бүрэлдэн тогтсон “гуравдагч хүчин” гээчид хэдийн байр сууриа алдсан байв. Тэрхүү “гуравдагч хүчин” нь сайн зохион байгуулалтад орж чадвал биежин гарч ирээд, эс чадвал задгайран тарсаар...

 

С.Эрдэнийг шуудай болгоод тал талаас нь нүдэх шиг амархан ажил гэж үгүй. Тэр нь өөрсдийнхөө л тачаалыг тайлахаас хэтрэхгүй. Хэрэв олон түмнийхээ саналыг нь авъя гэвэл гагцхүү сэтгэлийг нь эзэмд! Тэрхүү сэтгэл гээч жолоогүй эрхтнийг эзэмдэх түлхүүрийг олохгүйгээр ямар ч амжилт байхгүй нь хатуу үнэн юм. Тэр сэтгэлийг эзэмдэх түлхүүр нь лав либерализм биш байна.

 

Тиймээс АН үзэл баримтлалдаа томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй болсныг харуулж байна. Хувь хүний эрх чөлөөний үзлээ үндэсний үзлээр баяжуулахгүйгээр сэтгэл татах увдисыг эзэмшиж чадахгүй боллоо. Хэт бие хүний эрх чөлөөг тунхаглах нь намыг төдийгүй улс орныг ч нэгжин бутрахад хүргэдэг бөгөөд олныг хамарсан аливаа зохион байгуулалтыг бий болгоё гэвэл зайлшгүй “хамтач” үзэл хэрэгтэй байдгийг ойлгоогүй юу, эсвэл ойлгуулахыг хэн нэг нь хүсэхгүй байна уу?

 

Хэрэв барууны хэт (neo) либерал ардчилалд тууштай байна гэвэл үндэсний үзэл санааг тугаа болгох улстөрийн хүчний орон зай Монголын улстөрд ханхайж байгаа бөгөөд үүнийг хэн нэгэн заавал эзэмших болно. Энэ л үзлээр мөнөөх “гуравдагч хүчин” биежин амилж, өсөн томрох болно.

Монгол хүнийг татах оюуны төвлөрөл гагцхүү үндэсний үзэл дээр л суурилна. Энэ бол цаг зуурын биш мөнхийн юм. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн энэ л газар нутагт суурьшиж, дэлхийг эрхшээн хүчирхэгжиж, бас бууран доройтож, эзлэгдэн хуваагдаж, босон тэмцэж юу эсийг үзсэн үндэстний өөрийн онцлог, сэтгэлзүй, аливаад хандах хандлага, үнэт зүйл, мөн чанар хэдийн бүрэлдэн тогтсон. Түүний мөн чанарыг олоогүй импортын үзэл санаагаар үндэстнийг татаж чадахгүй юм.

 

Бүр хэдэн арван мянгаар нь хядаж, хэдэн арван жил үе дамжуулан сурталдсан коммунизм ч ингэж чадаагүй, үүнийг АН-ын суурь болсон МоАХ, АН-ын үнэт зүйл болсон ардчилсан хувьсгалаар нотолсон. Гучин жил юу юм бэ?! Энэ үндэстний түүхэнд бол ирмэхийн төдий өчүүхэн хугацаа. Далан жил ноёлохдоо коммунизм монголчуудын бардам үндэсний үзлийг нь ялж чадаагүй шиг неолиберализмд орон зай олдохгүй нь нотлогдлоо. Монголын төрт ёсны уламжлалаас арав дахин дүү либерализмаар энэ үндэстнийг соронздох ямар ч боломжгүй юм. Алив үзэл санаа өөрөө зөвхөн үндэсний үзэл дээр суурилж байж л амьдрах чадвартай, боломжтой.

 

Бусдаа нэгтгэх, төв нь байх хүч зөвхөн үүнд л бий гэдгийг юуны өмнө АН өөрөө ойлгох ёстой юм. Бүр 62-ын бүлэгт элсэхээр МАН-д хадаг барин мөлхөж очиход тэр үеийн МАХН-ын лидер С.Баяр “Бутаргагч үзэл тээгчид... бидэнд халдчихгүй байгаа!” гэж сэжиглэн ёжилж байхад ойлгох ёстой байсан юм.

 

Хэрэв ингэж чадвал АН өөрөө татах хүчний төв болж салан бутарч сарнин тарсан бусад жижиг намуудын орон зайг эзлэн тэднийг нэгтгэн соронздож чадах юм. Сонгуулийн өмнөх тухайлсан эрх ашгийн жижиг нэгдлүүд бол цаг зуурын л үзэгдэл. Жинхэнэ нэгдэл зөвхөн хүчтэй үзэл санаан дээр л тулгуурлана. Тэр нь үндэсний үзэл. Өөр юу ч биш. Үндэсний үзэл бол задлах бус нэгтгэх үзэл. Энэ үзлээр дайснаа ч нэгтгэнэ.

 

Жинхэнэ үндэсний хувьсгалт хөдөлгөөний үзэл санааг гаднын гар хөл бологчид коминтернийн бурангуй үзэл санаа болгож хувиргасан шиг, үндэсний ардчилсан үзэл санааг үндэсний хэвээр нь авч үлдэх боломж байгаа бол одоо л гарч байна. Эс тэгвээс АН-д мөхлөөс өөр зам харагдахгүй байна. Нутагшаагүй харь үзэл санаа хүчтэй үндэсний суурьгүйгээр удаан амьдрах ямар ч бололцоогүй.

 

Өнөөдрийг хүртэл аль ч улстөрийн нам чухам жинхэнэ үндэсний эрх ашгийн суурь зарчим, үнэт зүйлээсээ болгоомжлон дөлсөөр ирсэн нь, өөрт итгэх оюун санааны итгэлгүй байдал нь олон зуун жилээр гаднын нөлөөнд байсны комплекс бололтой. Энэ суурь үзэл санаагаа ардчилал, эрх чөлөөний үзэлтэй хэрхэн эрэмбэлж, яаж сүлэлдүүлэх нь жинхэнэ улстөрчийн ур чадвар, арга ухаан мэдэх хэрэг. Ардчиллыг аврах цорын ганц бөгөөд найдвартай арга зам бол үзэл санааны томоохон өөрчлөлт болохоос намын даргыг солих биш юм.

 

Хэн бэ?

 

Мэдээж үүнийг гүйцэлдүүлэх удирдагч, удирдлага, бүлэглэл гарцаагүй. Ийм үзэл санаа түгээгч бүлэглэл, фракц АН-д хэрэгтэй байна. Миний үзэл санааг зөвшөөрөх хэн нэгэн байвал түүнтэй нэгдэн хоёр хүний ч хамаагүй фракц байгуулахад би бэлэн байна.

 

Үндэсний үзэл бол хагаралдуулдаг биш эвлэрүүлдэг үзэл санаа. Өмнөх үеэ бүхэлд нь оргүй үгүйсгээд тэдний орыг 30 настнууд эзэлнэ гэвэл бас л бүтэшгүй санаа бөгөөд дахин ужигт ялагдлууд үргэлжилсээр байх магадлалтай. Монголд болсон үйл явц явцуу хувилбараар АН-д давтагдана л гэсэн үг. АН-д үе солигдох шаардлага байгаа нь үнэн. Энэ нь өтгөсийг нялхсаар солихыг хэлээгүй байх. Бутарсныг буцаах, эвдэрснийг эвлүүлэх, хагарсныг хариулах хүн л хэрэгтэй шиг. Нам дотроо төдийгүй нийгэмдээ үе хооронд ойлголцуулан хүлээн зөвшөөрүүлэх, түүнчлэн бусад улстөрийн хүчнүүдийн хооронд эв найр, зүй зохицлыг хангаж чадах эвийн цавуу мэт хүн хэрэгтэй шиг.

 

Ажлаа өгсөн тул зоригтойгоор хэлэхэд, өнөөдөртөө АН дахь хамгийн хүчтэй байгаа, үндэсний үзэлтэн, хуулиар үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй хүн Ерөнхийлөгч Х.Баттулга байна. Ерөнхийлөгчийг үндэсний ийм том эрх ашгийн үүднээс намын даргын томилгооны асуудалд ил тодоор идэвхийлэн оролцоосой гэж хүсч байгаа юм.

 

“Унагаад босгоно. Аврагч нь би байна!” гэдэг олон дахин уншигдсан “БИ” төвтэй зарчим энэ намд дахин амьдрахын аргагүй болтол сульдан доройтсоныг ойлгох ёстой.

 

АН яагаад өнөөдрийг хүртэл нэгтгэгч биш задлагч хүчин байсаар ирэв. МАН бол нэгдмэл цул хүчин. АН-ынхны ярьдагчлан зөвхөн албан тушаал, эрх мэдэл, амьдралаар нь уядаг ч юм биш. Төрийн эрх барьж байсан аварга том хүчний инерц хараахан харьж дуусаагүй байгаа нь тэр. 100 дахь жилээ үзэх эрмэлзэл л тэдэнд маш том нэгдэлд уриалдаг бөгөөд ховсдох мэт нөлөө үзүүлдэг. МАН бол төр. Сэтгэлгээний энэ инерц ч ард түмний сэтгэлгээнээс арилаагүй байгаа нь тэр.

 

Ер нь ард түмэн маш ухаантай сонголт хийдэг. Дандаа маш ухаалгаар сонгодог. 62 суудал ч бас бодоод үзвэл маш ухаалаг сонголт! Тэд У.Хүрэлсүхийг шимэлдэг болтол нь шавхая гэж бодож, эсвэл үнэн төрхийг нь илчилье гэж санаж. Бидэнд харин цэгцрэх боломж олголоо. Хэрэв тэднийхээ сэтгэлийг нь эзэмдэж чадвал бие нь хаа холдох вэ...

 

 

Гантөмөрийн Уянга

2020.07.08