УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд бий болсон УИХ-ын гишүүд тангараг өргөж, засгийн газрын гишүүн, сайд нараа томилоод, байнгын хороогоо эмхлээд хаалтаа хийв. МАН-ын дараагийн ээлжийнхэн хоолондоо орж, бялуугаа бараг тэгш хувааж чуулганыг өндөрлөв.  

Уг нь  анхдугаар чуулганаар төсвийн тодотголоос эхлээд олон чухал асуудал байсан ч хэлэлцсэнгүй. УИХ-ын гишүүд найр наадамдаа сэтгэл шулуудан тал тал тийшээ тарж бутраад байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсөв 1.2 их наядын алдагдалтай байгаа. Энэ нь төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа илтгэж байна. Цар тахлын улмаас тооцоолоогүй зарлага ихэсч, улсын олох ёстой байсан орлогууд хэдэн зуун сая төгрөгөөр тасарч байгаа болохоор арга ч үгүй биз...

Эдийн засаг нь элгээрээ хэвтсэн энэ чухал цаг үед төсвийн тодотголыг намрын чуулганаар хэлэлцэх болж байх шиг байна.

МАН мэдрэмжтэй бөгөөд найр наадмаа аминд халгүйхэн шиг дуусгах юм бол УИХ-ын намрын чуулганаас өмнө наймдугаар сарын эхээр ээлжит бус чуулган хуралдуулж, 2020 оны төсөвт тодотгол хийх,  улс орны өмнө тулсан асуудлыг хэлэлцэх болно.