Тэрбумтан Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс тэргүүтэй АНУ-ын нэр нөлөө бүхий хүмүүсийн “Twitter” хаяг биткойн залилантай холбоотой цахим халдлагад өртжээ.

Мөн Ерөнхийлөгч асан Барак Обама, ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшиж буй Жо Байден, реппэр Канье Уэст нарын албан ёсны хаягууд ч гэсэн криптовалют хандивлахыг хүссэн байна.

Б.Гейтсийн “Twitter” хаягт, “Хүн бүхэн надаас тусламж хүсдэг. Одоо цаг нь боллоо. Над руу 1000 ам.доллар шилжүүлбэл би 2000 ам.доллар эргүүлэн өгнө” гэж нийтэлжээ. Тэдгээр жиргээ нийтлэгдсэнээсээ хойш хэдхэн минутын дараа устгагджээ.

 

"Twitter” цэнхэр өнгийн тэмдэглэгээ бүхий олон баталгаажсан хаягт нийтлэгдсэн жиргээнүүдийг нэгэн зэрэг устгах онцгой арга хэмжээг авсан байна. 

Үүний зэрэгцээ хаягийнхаа нууц үгийг солих хүсэлтийг хүлээн авахгүй байсан талаар мэдээлэл гарчээ. 

 

“Томоохон нийгмийн сүлжээний платформ хамгийн ноцтой цахим халдлагад өртсөн тохиолдол энэ боллоо” гэж “CrowdStrike” цахим аюулгүй байдлын компанийг үүсгэн байгуулагч Дмитрий Альперович “Reuters” агентлагт мэдээлжээ.

“Бид уг явдлыг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд тун удахгүй мэдэгдэл гаргана” гэж “Twitter” компани мэдээлсэн байна. 

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг