Яг ингэж асууя. Ял мэт асууя. Бүгдийн хаан, бүхний дээр явахад чинь ч нийтлэл сурвалжлагуудаараа хэдэнтээ асууж байсан, одоо ч асууя.

"Улаан од" сонины эгэл жирийн сэтгүүлч, хөлөөрөө хоолоо олж иддэг ханзархай гуталтай надтай адилхан сурвалжлагч явсан тэр үеийн Элбэгдорж юу мөрөөддөг байсан юм бэ? Ардчилал уу, албан тушаал уу? Одоо эргээд харахад та албан тушаалд илүүтэй шунаж, алд биеэ илүүтэй бөөцийлж явжээ. Худлаа гэвэл хувиран өөрчлөгдөж буй энэ тогтолцоогоо хар. Таны өмнөх Ерөнхийлөгч Н.Энхбаяр хаантан байхыг хүссэн. Та ч бас хаантан л байхыг хүссэн. Одоо Баттулга ч хаантан л байхыг хүсч явна. Хамгийн инээдтэй нь та гурав бие биенийхээ замыг засч, эрх мэдлийг хангаж иржээ.

Энхбаяр АТГ-ыг анх байгуулж, Ерөнхийлөгчийн шууд мэдэлд байхаар хуулийн зохицуулалт хийлгэж байхдаа энэ ажлыг гардан хариуцаж ажилласан боловсролтой залуусын санал болгосон хувилбарыг эс тоон, "Миний эрх мэдлийг л нэмээд өг" гэж уурласаар байгаад, ухалзаж зүтгүүлээд, одоогийн хувилбарыг сонгосон байдаг. Тэр үед хаантан болохыг хүссэн Энхбаярт зэвсэг дутаж байсныг ийнхүү нөхөж, АТГ гэдэг нохойд барьдаг мод, ноёдыг уруулдаг нохой, ардыг айлгадаг алууртай болж авсан. 2005-2009 онд төрийн тэргүүнээр ажиллахдаа Энхбаяр зөвхөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж, өөрийгөө хаантан болгох зорилгоор 30-аад хуулийн маш олон зүйл заалтад гар дүрэн өөрчилсөн. Учир нь тэр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа эдлэх эрх ямбаа бэлдэж байв. Үүнийг нь бичсэний төлөө тагнуул цагдаад намайг нэг бус шалгуулсан даа. Хаантан болох замаа хазгай ч гэсэн зассан хэрэг.

Гэвч түүний бэлдсэн зөөлөн сэнтий дээр зөөлөн зөөлөн дуугарсаар ардчиллын хараацай алдарт Элбэгдорж заларсан. Ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо гэж ардаараа баярласан, түмнээрээ дэмжсэн. Гайхалтай нь Элбэгдорж дахиад л хаантны эрх мэдэл, элбэг ямба мөрөөдөн, эрхийг нь хязгаарласан хуулиудын элэг бөөрийг дэлгэж байгаад элдвээр өөрчлөн найруулж эхэлсэн дээ. Ардчилсан Ерөнхийлөгч маань арван зүгтээ алдраа цуурайтуулсан алдарт хаантан болохыг нэг л өглөө мөрөөдөөд эхэлсэн. Мөчөө саваад мөнчгөрөө ажиллуулаад эхэлсэн.

Ийнхүү хаантан төрөх бэлтгэл хийгдсээр, хаантныг тосч авах индэр бэлтгэгдсээр, хаантны сэнтийд үлдсэн насаа барна гэж та минь найдсаар...албан тушаалын эрх мэдлээ ахиулж өсгөх тоолондоо та АН-ыг дотроос нь алж, гаднаас нь гацааж ирсэн. Жамбын Батмөнхийн агуу ухаан, аавын сэтгэлээр тулгыг нь тулалцсан Монголын ардчиллын ар нуруунд хутга зоосоор, хувиран даварсаар ирсэн. Ерөнхийлөгчийн буюу өөрийнхөө эрх мэдлийг өсгөхийн тулд хэдэн хуульд хэрхэн гар дүрснээ та надаас илүү мэдэж байгаа. АН-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихийн тулд та төрөлх АН-аа хэрхэн самарч, хэлтийлгэн ганхуулснаа ч мэдэж байгаа. Харамсалтай нь хаантан болох гэж хар толгойдоо бэлдсэн сэнтийд чинь Баттулга заларчихсан. Энхбаяр, Элбэгдорж хоёрын 12 жилийн турш ардчиллыг золиослон, алд биеэ эрхэмлэн, албан тушаалыг дээдлэн бэлтгэсэн тэр хагас хаантны сэнтийд хагас хаантан залрав.

Хагас хаантан маань бүтэн хаантан болохоор бүсээ чангалж, бөлдөг болгоныг барьцаалж, бичлэг болгоныг чихдэж байгаад ҮАБЗ-өөс эхлээд шүүх засаглалыг шүүс зоог болгоод өмнөө тавьчихлаа. За одоо бол Баттулга ганц ухасхийгээд хаан, удам залгаж угаараа суух хаантны мэдэлд хүрэхэд ойрхон байна. Өнө мөнх хаан явах юм шиг, өнө мөнх эрх мэдэл атгах юм шиг авирлаж, адайрлаж, бардамнаж, балайрч хийсэн тэр олон хуулийн тэр олон өөрчлөлтийн үр дүнд бий болсон том эрх ямба эвгүй хүний гарт очвол эвийг эвдээд, эхэлснийг цуцаагаад, ардчиллыг алаад, ардын оюун санааг тоноод эхэлнэ гэдгийг ухаарсангүй юу? Баттулга ч бас өнөөдөр өөрийгөө мөнхийн хаан, үүрдийн эзэн мэт сэтгэж явна. Та нарын алдаа үүндээ л байдаг. Алдаа яах вэ, алдар нэр бүүр ч яршиг, алд биетэй дуусна.

АН-аас гараатай Элбэгдорж, МоАХ холбооноос улстөрийн замналаа эхэлсэн Баттулга хоёрын зүрх сэтгэлийг Монголын ардчиллын хувь заяа зовоохгүй байгаа нь зовмоор гутамшиг. Хаадад одоо ард түмний амиа дэнсэлж авчирсан ардчилал алд хадагний л үнэтэй биз. АН-аа хар даа. Ядаж байхад Эрдэнэ хурлаа зарлаад, хууль дүрмээрээ тамгаа дараагийн хүндээ өгсөнгүй. Тамга хадгалагч хэмээх үүрэгтэй нэгний өвөрт хийчихээд үргээд алга боллоо. Эзэнгүй АН эвдрэлцээд хэвтэж байна, эхлүүлсэн ардчилал чинь энэ хүрээд амь тавих нь. Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас л нэр дэвшиж байвал Монголын ардчиллаас үлдээд байгаа шүдэнзний чинээ галыг шүлсний чинээ үлээгээд унтраахад ч бэлэн байна. Энхбаярын алдааг Элбэгдорж, Элбэгдоржийн гаргасан алдааг энэ хүн яг давтаж явна. Монголчууд төрийн тэргүүнтэй, түмний бэлгэдэлтэй, хаант төрийн хаяатай л байхыг уг нь хүссэн юм шүү дээ. Ерөнхийлөгчийн анхны эрх мэдэл, эв нэгдлийг эрхэмлэх үүрэг хариуцлага энэ юм. Гэтэл одоо Хаантны зэрэгт очиж, хамаг ардыг самрах төвшинд ирсэн байна. Энхбаярт хандан "Хаантан шалдан байна!" гэж бичиж байв. Элбэгдоржийн үед ч "Хаантан шалдан байна!!" хэмээн хашгирав.

Баттулгын үед гурван анхаарлын тэмдэг тавьж байгаад гуйвалтгүй бичсээр л сууна. Нэг л өглөө нөгөө хаантан чинь, улайран долоогчдынхоо шүлсний цаанаас улс орноо бүдэг бадаг хардаг болсон хаантан чинь "Манай Монгол юутай ядуу, хоцрогдсон юм бэ, их гүрэнтэй нэгдэж байж хөгжих юм байна" гээд зүүдлээд босоод ирвэл яах юм бэ? Яагаад ийм юм бэ? Хоосон ирээд хоосон буцах амьдралын хоногоор хэмжих энүүхэн хугацаанд хэн байсан, хэн болох, хэн болоод төгсөх чинь хэнд хамаатай гэж? Хөрөнгө мөнгө, хөгнө шиг эрх мэдлийг чинь хүүхдүүд чинь өвлөнө гэж хэн батлаад байгаа юм? Алга урвуулах зуур хөрвөдөг амьдрал, атга зангидах зуур хөрвөөдөг орчлон.

Хөгийн муу Элбэгээ, хөөрүү муу Эмүжин, хөлдөө тээглэсэн Баттулга, хөлсөндөө сохорсон Эрдэнэ...бүгд хумхийн тоос болоод дуусахын цагт хуурмаг энэ орчлонгийн хүрдэнд хуй салхи л үлдэнэ. Харин амаа ангайж, араагаа хурцлаад зууныг барж, зулын тос дуусгаж байгаа хоёр том хөрштэй Монголд олон талт ардчилсан тогтолцоо хэрэгтэй байна. Монголын ард түмэнд ардчилал нь, мохоход босгох итгэл нь, эх орон нь, эгшихэд нулимс тосох, эмтрэхэд ээж аавыгаа шингээх газар шороо нь хэрэгтэй байна. Тусгаар улсын бодлого нь, тулаад өндийх боломж нь, үрдээ үлдээх үүрдийн Монгол хэрэгтэй байна!

Р. Эмүжин