Монголын шүүх хуульд биш улс төрд үндэслэсэн шийдвэр гаргаж, Монгол Улс нэг дор таван ч улс төрийн хоригдолтой болоодохлоо, өнгөрсөн долоо хоногт. Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёрыг УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлж Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурсных нь төлөө дөрвөн жил хорихоор болов.

Тухайн үед татварын газарт нэг нь дарга, нөгөө нь цэрэг байсан Б.Ариунсан, Б.Бадрал хоёрт 1.6 жил хорих ял оноочихлоо. Тэд мөн л УИХ,Засгийн газрын шийдвэрийг биелүүлснийхээ төлөө шүүхээс ял сонссон юм. Шүүхээс хамгийн олон буюу 10 жилийн хорих ял сонссон С.Баярцогтыг эхлээд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахад голлох үүрэгтэй оролцсон гэж буруутгасан ч сүүлдээ огт өөр, тэс хөндлөн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас” гээд алх тогшчихов. С.Баярцогтыг арван жил хорихоор яллаж, хөрөнгийг нь хураахаар алх тогшсон шүүгч Ё.Цогтзандангаас татгалзах саналыг шүүгчдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурал эхлэхийн өмнө санал нэгтэйгээр гаргасан гэдгийг энэ дашрамд онцолъё.

Мань эр Да.Ганболдын өмгөөлөгч рүү утасдаж “Хүнээ ирүүлээд хэрэггүй” гэж хэлчихээд эцэс сүүлд нь “Ирсэнгүй” гээд бүх шүүгдэгчийг хэлмэгдүүлж, хэдэн тэрбумын барьцаа нэхсэн нь ердөө өнгөрсөн сард болсон үйл явдал. Хууль гадарлахгүй энгийн иргэн ч Ё.Цогтзандан шүүгчийг ингэж аягласных нь төлөө “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэж хардана. Сонгуулийн сурталчилгааны ид үед АН-аас нэр дэвшсэн, рейтинг өндөртэй гурван нэр дэвшигчээс дааж давшгүй барьцаа нэхчихээд, тэр мөнгийг нь байршуулсангүй гээд барьж хорьсныг уншигчид санаж суугаа байх. Ингэж улс төрд үйлчилсэн шүүгчид итгэхэд хэцүү учраас өмгөөлөгчид дуу нэгтэйгээр шүүгчээс татгалзсан ч шүүх тэдний саналыг хүлээж авалгүйгээр хуралдааныг эхлүүлсэн юм.

С.Баярцогтын шүүх хурлыг дээр хэлсэн сүүлийн үгнээс нь утгачлаад эшилье. Тэр “Эрхэм шүүгч ээ, намайг цагаатгаж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Цаг хугацааны явцад надад есөн хэрэг үүсгэсэн. Хэрэгсэхгүй болсоор, одоо хоёр л асуудал үлдсэн. Тэр нь ахуйн шинжтэй. Оюу толгой гэж томоор ярьж ярьж байснаа орон байрны асуудал болоод хувирчихлаа. Надаас хүмүүс Оюу толгойн хэрэг чинь дууссан уу гэж асуудаг. Гэтэл эцэстээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудал дээр оччихлоо л доо. Миний зүгээс өчнөөн тайлбар хэлсэн. Бүх материалыг нь гаргаж өгсөн” гэсэн юм. М.Энхсайханыг зах зээлийн үнээс бага өртгөөр жийп машин авсан гэж ялласнаас ялгаагүй хошин шалтгаан хэлээд арван жил хорих шийд гаргачихсан гэсэн үг. Түүнийг яллахын тулд яллачихлаа гэж харах хүн олон байна. Цаад шалтгаан нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өчигдөр мэдэгдсэнчлэн “улс төрийн өс, хөрөнгө хураах эхлэл” ч байж мэдэх юм.

Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёрыг буруутгасан Дубайн төлөвлөгөө яг ямар шийдвэр байсныг Ч.Сайханбилэг өчигдөр нүүр номоороо дамжуулаад тов тодорхой хэлчихнэ лээ. Мань эр “Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Х.Баттулга аа” гэж гарчигласан ил захидалдаа “Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр нийт нөөцийн 80 хувь нь байдаг далд уурхайн үйл ажиллагаа эхэлж, уурхай 30 жил бус 99 жил ажиллаж, монголчууд 6 тэрбум биш 46 тэрбум доллар хүртэх боломжтой болсон. Дубайн гэрээ гэж андуурдаг Санхүүжилтийн төлөвлөгөөг нэг өгүүлбэрт багтаавал ийм л энгийн” гэж хэлснийг уншигчид олоод харчихсан байх. Монголд байгаа гадаадын ганц том хөрөнгө оруулалт, эдийн засгийг нуруундаа үүрч яваа цор ганц төсөл бол Оюу толгой. Энэ аварга төслийг өдий хүртэл дажгүй хөдөлгөж яваа шийдвэрийг гаргахад оролцсон хүмүүсийг ялласан нь гадаад ертөнцөд, гуравдагч орны хөрөнгө оруулагчдад сөрөг мессэж болсныг онцлохгүй орхиж болохгүй. Шуудхан хэлэхэд эдийн засгийн том төсөл хөдөлгөх зориг хүсэлтэй залуус энэ цагаас хойш лав гарч ирэхгүй. УИХ-ын хоёр тогтоол, Засгийн газрын хоёр шийдвэр, Ерөнхий сайдын дөрвөн захирамжаар огт халилгүйгээр үүрэг даалгаврыг нь ягштал биелүүлж ажилласан төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлуудыг яллаад буруутгачихаар төрд зүтгэдэг албан тушаалтнууд УИХ, Ерөнхий сайдын шийдвэрт ч эргэлзэж амьдрахаар болчихож байна. Өөрөөр хэлбэл, энэ цагаас Монголд ямар ч том хөрөнгө оруулалтын төсөл хөдлөхгүй байх өндөр эрсдэл үүсчихлээ. Гуравдагч орны, дэлхийн жишиг стандартыг дагаж мөрдөж ажилладаг хөрөнгө оруулагчид Азийн Монголыг тоож ирэхгүй болчихвол гайхах зүйл алга. Шүүхээс гарсан шийдвэрийн бүр цаад улбаа, хор нь юу гээч. Эрх мэдэлтнүүдэд авлига цутгаж, байгаль сүйтгэж баялаг тонох сонирхолтой их мөнгөтэй хүмүүс уул уурхайг эзэгнэнэ. Их мөнгөтэй тийм хүмүүс урд хөршид олноороо бий. Асар их баялагтай хэрнээ, баялгаас олсон мөнгө нь эрх мэдэлтнүүдэд очиж, нийт олонх нь өлөн зэлмүүн аж төрдөг Африкийн улсуудын эхэн үеийн түүх ингэж эхэлсэн байдаг. Дубайн төлөвлөгөө тойрсон улстөржилтийн хамгийн том сөрөг тал нь энэ.

Б.Бямбасайхан бол хөрөнгө оруулагчидтай эн тэнцүү, яг түвшинд нь харилцаж чаддаг унаган англи хэлтэй, хөрөнгө оруулалт, том төслийн чиглэлээр мэргэшсэн өндөр туршлагатай хуруу дарам залуусын нэг. Гадаадын хөрөнгө оруулалт шилээ харуулсан, хар, саарал жагсаалтаас хэзээ гарах нь тодорхойгүй, төгрөгийн ханш хэд хүртлээ уруудах нь ойлгомжгүй, коронагаас болж тэс өөр дүрэм журам дор дэлхийгээрээ амьдарч эхэлсэн ийм цагт түүн шиг залуус Монголд ус агаар шиг хэрэгтэй. Түүний толгойлдог Монголын бизнесийн зөвлөлд гадаадын хөрөнгө оруулалттай олон компани гишүүнчлэлтэй. Б.Бямбасайханыг сайн мэдэх хөрөнгө оруулагчдад таатай сэтгэл лав төрөхгүй. Хөрөнгө оруулалт татаж том төсөл хөдөлгөсөн залууг хэлмэгдүүлж барьж хорилоо гэж л харна. Дахиад хэлэхэд бид хөрөнгө оруулагчдын өмнө үнэлгээгээ унагачихлаа, Б.Бямбасайханыг хорьсноор. Эрүүл саруулаар харах гэж оролдъё. Яаж ч харсан Дубайн төлөвлөгөө үнэхээр буруу бол тэр шийдвэрийг гаргасан УИХ, Засгийн газрыг буруутгах ёстой. Бүр тодруулж хэлбэл, тухайн үед УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийг шүүхийн танхимд дуудаж, ял асуух учиртай. Ингэвэл Монголын шүүх, Монгол Улс гадаад ертөнцөд илүү эрүүл, зөв харагдана.

Б.Бямбасайхантай адил шалтгаанаар ял сонссон Да.Ганболдын баривчилгааг ч гуравдагч хөршүүд өөр өнцгөөр харж суугаа. 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлэгчдийн нэг, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтад толгой дохидог улстөрчөө бариад хорьчихлоо гэж харж байгаа. Гуравдагч хөршийн элчин сайдууд М.Энхсайханы хэргийг анхааралтай ажиглана гэж мэдэгдсэн нь ч цаанаа ийм учиртай. Бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг эерэг имижээ балласан шийдвэр өнгөрсөн долоо хоногт дууссан шүүх хуралдаанаас гарчихлаа гээд дүгнэчихэд дэгсдүүлэг болохгүй.

Нээлттэй өрнөсөн шүүх хуралд хоёр ч өдөр сууж ажигласны хувьд бас нэг зүйлийг онцлохгүй орхиж боломгүй санагдаж байна. Шүүх хуралд Дубайн төлөвлөгөөнөөс болж хохирсон гэх хоёр хүн оролцсоны нэг нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, нөгөө нь Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн. Засгийг төлөөлж хохирогчоор оролцож буй Хууль зүйн яамны залуугаас өмгөөлөгч, шүүгчдэгчид асуулт асуусан юм. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга бараг бүх асуултад бүдэрсэн гэхэд дэгсдүүлэг болохгүй. Яаж хохирсноо, яагаад хохирсоноо мэдэхгүй түгдчиж, тэр бүү хэл яг ямар шийдвэрээр хохирогчоор томилогдсноо ч хариулж чадахгүй зогссоныг шүүх танхимд байгсад бүгд сонсоцгоосон. Сүүлдээ хохирогчид нь Чингис, Самурай, Димсам бондыг нийлүүлсэнтэй тэнцэх хоёр тэрбум ам.долларын хохирлын хэмжээ хаанаас гарсныг тайлбарлаж чадахгүй мэгдэхдээ “Шүүгдэгчдээс ямар нэг хохирол нэхэхгүй. Оюу толгойтой учраа олох ёстой” гэсэн утгатай бүрхэг хариу өгөөд дууссан бол прокурорын зүгээс “Хохирлоо жич нэхнэ” гэсэн хошин гэхэд багадахаар тайлбар хэлсэн юм. Шүүгчийн байр суурь бүр барьцгүй. “Ямар хохирлыг хэн нь хэнээсээ нэхэхээ сүүлд шийдээрэй” гэсэн утгатай зүйл хэлээд алхаа тогшчих жишээний. Эндээс ухаад бодохоор Дубайн төлөвлөгөөний гэх хэрэгт буруутгагдаж, ял сонссон Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр улсад ямар ч хохирол учруулаагүй болж таараад байгаа юм. Дахиад цааш нь ухаж харъя. Ямар ч хохирол учруулаагүй хүмүүст яагаад ял өгчихөв өө гэсэн асуулт эндээс ургаад ирж байна.

За тэгээд Ч.Сайханбилэгийг эзгүйд нь эчнээгээр ялласан, Оюу толгойтой холбоотой асуудлыг Оюу толгой компанийг оролцуулахгүйгээр шийдсэн, ийм хүсэлтийг өмгөөлөгчдийн зүгээс удаа дараа хүссэн ч огт хүлээж аваагүй, төрийн өмчит компанийн захирлыг төрийн албан хаагчтай адилтгаж ялласан, Засгийн газар, Улсын их хурлын тогтворжуулсан гэрээг Татварын байгууллага судалж үзэхгүйгээр акт тавьсан, хамжигч, гүйцэтгэгчийн алинаар буруутгаад байгаа нь мэдэгдэхгүй явсаар шүүх хурал өндөрлөсөн, Татварын хуульд татварын байцаагчийг татварын шинжээчээр ажиллахыг хориглодог атал дагаж мөрдөөгүй гэх мэт өчнөөн “но”-той шүүх хурал болж өнгөрч, Монгол Улс улс төрийн хоригдлынхоо тоог таваар нэмлээ.

Одоо давж заалдах, дээд шүүх гэсэн хоёр шат бий. Улстөржилтийн халуурал энэ янзаараа “галзуурч” шүүгч дахиад алх тогшиж ялыг хэвээр үлдээвэл Монгол Улс гадаад ертөнцөд сайхан харагдахгүй. Гадаадын ганц том хөрөнгө оруулалттай төсөл нь гацаж, гуравдагч хөршүүд нүүрээ буруулж эхлэх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой хэрэг. Энэ үед элгээрээ хэвтсэн эдийн засаг, тулах багана нь ганхсан тусгаар тогтнолын өмнө хэн хариуцлага хүлээх вэ?