Ардчилсан намын нэгэн шилжилтийн нас нь дуусаагүй явсан Ч.Сайханбилэг гэж залуу 90-ээд онд Монголын боловсролын яамны сайд болсноор Монгол оронд боловсрол бүрэн дүүрэн төгсгөл болсон.

Ч.Сайханбилэг залуу ардчиллыг боловсролгүй болгохын эхлэлийг тавьжээ. Ардчилал 20 жил боловсролгүй явж ирлээ. Ном уншихгүйгээр 20 жил гадуур тэнэлээ. Ардчилал өөрийн гэсэн бодолтой болж чадалгүй 20 жил толгой доторхоо эмх замбараагүйтүүллээ. 20 жил мөнгө хөөцгөөлөө. 20 жил далан худалчийн үлгэр ярьлаа. 20 жил “Үл мэдэх ба түүний нөхөд” ингэж өгүүлэв гэж худлаа өгүүлэв.

Социализмын үед жоохон ч гэсэн сурсан мэдлэгээ арга билгээр сольж ерөнхийлөгч, ерөнхий сайдууд нь мухар сүсэгтэж, бүх юм харьцангүй шүү дээ гэж эрдэмтэн профессорууд нь хоосон толгойгоо нууцгаалаа. Их дээд сургуулиуд мэдлэг боловсролыг доромжилж ямар ч хэрэгцээгүй мянга мянган дипломууд, зуу зуун докторууд, зуу зуун профессорууд үйлдвэрлэлээ. Сүүлдээ бүр дэлхийн хаа ч байдаггүй боловсролын доктор, шинжлэх ухааны доктор гэсэн цолнуудыг зохион бүтээж бөхийн харцага, шонхортой адил хүслийн цол зэрэгнүүдийг үйлдвэрлэдэг боллоо. Ямар их төөрөгдөл, эндүүрэл, заль мэх, хоосон хийрхэл, бас хоосон магталцал, хоосон дүр, хоосон жүжиглэл вэ. Ардчилсан Монгол биш хоосон Монгол болжээ.
 
Гадаадын онол ярихгүй шүү эзэн Чингисийн үеэс бид бас онолтой байсан гэж мэдэхгүйгээ далдлах гэж өвгөд дээдсээ шүүмжилж шалгахгүй, хоосон шүтэж мэдлэг боловсролоос зугатаалаа. Ганц ч ном уншихгүй мөртлөө номын гарчиг хараад л маргалдах гэсэн, мэтгэлцэх гэсэн хуучин социализмын үед овоо сэхээтэн гэж нэрлэдэг байсан хүмүүс боловсролгүй ардчиллын хэлмэгдэлд өртөж хоосорчээ. Ерөөсөө социализмын үед авсан жаахан мэдлэг өнөөдөр юу ч биш. Тэр үеийн дипломууд өнөөдөр хүчингүй гэдгийг хүлээн зөвшөөрч ухамсарлах хэрэгтэй. Хүн төрөлхтөний мэдлэгийн хэмжээ жил бүр л өсөж байна шүү дээ. 60, 70 нас хүрсэн хоосон хүмүүс гадаад дотоодод мэдлэг боловсрол эзэмшиж ирсэн залуу шинэ үеэ доромжилох энүүхэнд болжээ. Чи муу Европын шалбааган дотроос нэг муу философи сурч ирчихээд юу яриад байгаа юм бэ гэж улс орныхоо төлөө боловсрол эзэмшиж ирсэн залуу үеэ ад үзэж цааш 20 жил дахиад боловсролгүй Монголыг үйлдвэрлэх гэсэн хүмүүс явцгүй дээ. Философи гэдэг хоосон биш бас хийсвэр ч биш харин дэлхийг өөрчилж хүн төрөлхтөнд боловсрол бэлэглэсэн. Өнгөрсөн 20 жилд ямар ч боловсрол эзэмшиж шинийг сурч, төвөгтэйг ойлгож өөрийн гэсэн ухамсартай болж чадаагүй хүмүүс дахиад бүдүүлэгтэх боломжгүй болсон гэдгийг энд зориуд хэлэх байна.
 
Гадаадынх гэдэг нэрээр боловсролоос дайжих хэрэггүй. Боловсрол гэдэг хүнийг хөгжүүлж цааш явахад тус болж нэг үгээр хэлэхэд түрүүчийн бүхий л алдаатай үнэмшлүүдийг засаж залруулж шинэ мэдлэг шинэ танин мэдэхүй рүү авч явна. Зөвхөн ганц мэргэжил сурч диплом авах бол бүхэл бүтэн боловсролыг орлохгүй. Боловсрол бол тухайн хүний иж бүрэн хөгжил. Боловсрол гэдэг хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх тул өөртэйгээ буюу өөр дээрээ ажиллах. Тухайн хүн өөртэйгээ ажиллаж чадахгүй бол хэзээ ч боловсролтой болж чадахгүй. Зөвхөн цээжилсэн зүйлсээ л гаргаж ярих явцгүй. Тийм хүмүүс аль болох л мартахгүйг хичээнэ. Харин боловсрол нэгэнт тухайн хүний шинж чанар болсон тул мартчих вий гэж айх явдалгүй. Ундран урсах булгийн устай л адилхан булиглана. Хаа л бол эрдэмтэн хүний тухай ярина. Гэтэл хэнийг эрдэмтэн гэнэ вэ? Эрдэм гэсэн үг чинь жишээлбэл шударга ёсыг барьдаг хүнийг нэрлэдэг ойлголт шүү дээ. Маш эртний ойлголт. Тухайн үедээ хүн эрдэмтэй байдаг. Зарим үед эрдэм гаргахгүй. Мэдлэг бол өөр шүү. Физик техник эсвэл уран зохиол гэх мэт мэдлэгүүд. Физикч хүн шууд эрдэмтэй гэсэн ойлголт биш. Уран зохиолын хүмүүс бас л шууд эрдэмтэн биш.
 
Зөвхөн Монгол хэлэндээ сайн байх хүрэлцээгүй. Мэдлэг хэрэгтэй, цааш бас гадаад хэл хэрэгтэй. Асууж чаддаг болох, бас өөрийн бодсоноо бичиж чаддаг болох. Энэ бүр л ухааныг тогтоож төлөвшүүлнэ. Эхлээд үнэмшлүүдээ баталгаажуулж олон сайн аргументуудыг гарган тавьж өөрийн санаа болон үнэмшилүүд зэргүүдээ үнэн мэдлэг болгож чадах чадвар хэрэгтэй. Социализмын үе болон түүнээс өмнөх үеийн Монголын эрдэмтэн гэж буй хүмүүс хэтэрхий их хэлээр дамжуулан бүгдийг үгүйсгэж, Монгол үг л биш бол хүчингүй гэж гадаадаас ирсэн мэдлэгийг доромжилж өөрсдөө мундаг эрдэмтэн болох гэж хичээжээ. Зөвхөн л түүх ярьж, яруу найраг, шүлэг бичиж уран зохиолын л салбарыг хамгийн мундаг гэж төөрөгдөн мэдлэг болон боловсролыг сүүлийн 20 жил орхигдуулжээ. Боловсролтой хүн хэрхэн бодож буйгаа илэрхийлнэ, хэрхэн сэтгэж буй сэтгэлээ илчлэнэ, ярьж буй яриагаараа хэлэх гэснээ л хэлнэ.
 
Боловсролтой хүн яг л тэр хэмжээгээр ажиллаж амьдарна. Монгол хүний хувьд бол боловсролтой болж урьд өмнөх багш нарынхаа хир боловсролгүйг мэдэж тэднийг шүүмжилж засаж залруулах бол байж болшгүй зүйл. Тиймээс хойч үе нь хууччуудынхаа мэдлэгийн хэмжээнд үлдэж цааш хөгжих боломжгүй болжээ. Багш профессор гэж буй хүмүүс хуучирсан хоцрогдсоноосоо ангижрахгүй харин ч өвгөд хөгшчүүдийнхээ сүүдрээс гарч чадахгүй хулчийж үргэлжийн шүтсэн шүтлэг болон биширсэн бишрэл дотроо нойрсгоожээ. Монгол хүний хувьд бол бодлоо ил хэлэх гэдэг аюул, сэтгэлээ гаргах гэдэг боломжгүй. Бүгдийг нууж хааж ил гаргаж ярихгүй явсаар өнөөдрийн Монголын эрдэмтэд бодолгүй, сэтгэлгүй бас мэдлэггүй үлджээ. Эндээс л бүх жүжиглэл болон худлаанууд гаралтай. Монгол худлаа болжээ. Боловсрол гэдэг хөгжил тул урьд өмнөх мэдлэгүүдийг бүгдийг засаж залруулж цааш баяжуулах онолтой. Тиймээс энд ярьж буй зүйлс маш их хариуцлагатай үйлдэл. Гэтэл энэ хариуцлагаа умартаж Монгол хүн агуу эрдэмтэн, суут багш, ачит профессор гээд л зогсоо зайгүй мөргөл хийж багшийнхаа мэдлэгийг засаж цааш өөрөө илүү их мэдлэгтэй болоод явсангүй.
 
Мөргөдөг шавь нь мэдлэгийн төлөө зориг хатуужилгүй ажээ. Тэд багшинхаа хөшөө баримлын хажууд шүтэн биширч үлддэг тул бас өрөөлийг ч хөгжүүлэхгүй. Нэгэнт бүгдээрээ хөгжихгүй тул улс орныхоо хөгжилийг хойшлуулна. Өнгөрсөнийг дурсан санаж болно, багшийгаа хүндэтгэж болно, өвөг дээдсээ хайрлаж болно. Гэхдээ энэ бол тухайн хүний хувийн асуудал болохоос биш нийгэм хөгжихөд ямар ч хамаагүй. Нийгэмд хүчинтэй ганц эрдэмтэн гэж үгүй. Улс оронд хүчинтэй ганц соён гэгээрүүлэгч гэж үгүй.
 
Өнгөрсөний тухай түүхийн хичээл дээр л суралцах болохоос нийгэм цааш хөгжихөд ганцхан түүхийн хичээлээс өөр олон хичээл хэрэгтэй. Өөрийнхөө амьдарч ирсэн нийгмийг шүүмжлэх хэрэгтэй, өөрийнхөө ард түмний амьдарч ирсэн түүхийг шалгах хэрэгтэй, ёс заншилаа засаж залруулах хэрэгтэй, уламжлалт ёсоо шүүмжилж гярхай нүдээр харах хэрэгтэй. Шашин шүтлэгтээ эргэлзэж боловсролтойгоо жишиж харьцуулах хэрэгтэй. Бүх юм харьцангуй биш. Бүх монголчууд адилхан биш. Бүх юм цаанаа хамаарах хамааралтай. Тиймээс түүнийг олж мэдэх чухал. Бүх монголчууд адилхан биш.
 
Тиймээс хүн бүртэй харьцахдаа анхааралтай байх хэрэгтэй. Мэдлэггүй хүн мэдлэгтэй болж жүжиглэхийг хараад ялгаж чаддаг байх ухаан хэрэгтэй. Тэгээгүй цагт хоосон хүний тоглоом болж ашиглуулах л зам үлдэнэ. Гэр бүлийн хүмүүжил, гудамжны хүмүүсийн төрх, үзэж буй видео филмүүд болон уншсан номууд тухайн хүний ухааныг бүрдүүлэх гол нөлөөнүүд. Хүн ухаанаа хөгжүүлж асууж шалгааж засаж залруулах чухал болохоос шууд л хүлээн авч үнэмшээд л ганцхан л үнэмшсэнээр явах биш харин түүнийгээ шинэ зүйлээр үргэлж шинэчлэх хэрэгтэй. Үүний тулд шинийг сонирхож сониуч байх хэрэгтэй. Өөр орчинд амьдарч үзэх, өөр мэргэжил сурах, гадуур явж шал өөр төрлийн хүмүүстэй танилцах, өөрөөсөө залуу эсвэл хөгшин настай хүмүүстэй амьдрал ярьж хамгийн энгийн хүний амьдралаар амьдарч хүн ёсны хорвоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Боловсролтой хүн маш их ном уншина. Гэхдээ зүгээр унших биш өөрийгөө тэр хэмжээгээрээ өөрчилж чаддаг байх чухал.
 
Боловсролгүй багш нар, боловсролгүй эрдэмтэд олон бий гэдгийг мартаж болохгүй. Докторын цолтой эсвэл профессор цолтой гэчихээд боловсролгүй хүн захаасаа авахуулаад тааралдана. Үүнийг л санаж явах аминд хэрэгтэй. Монголын их дээд сургуулийг шууд боловсрол олгоно гэвэл үүн шиг худлаа зүйл үгүй. 4 жил сургуулийн байранд эргэлдээд ямар ч боловсрол аваагүй хүн олон. Тэр ч бүү хэл мэргэжил ч сураагүй дипломтой хүн олон. Энэ бол Монголын эмгэнэл. Мэдлэг авсан хүн шууд л сайн хүн гэсэн ойлголт биш яагаад гэвэл зарим хүн мэдлэгтэй ч гэсэн муу зүйл хийдэг. Зарим хүн эрдэмтэн гэсэн мөртлөө жинхэнэ эрдэмгүй зүйл хийдэг. Ийм хүмүүс яг л хоосон цээжлэсний гай. Мэдлэгийг үзүүлэн болгож мэдлэгээ өөртөө шингээж өөрийн болгож чадаагүй хүмүүс бусдад гэм хийнэ. Тиймээс боловсрол бол яг л тэр боловсролтой шигээ ажиллаж амьдарч бусдад нөлөөлж бусдыг зоригжуулж өөрийн боловсролоо бусдад халдааж чадахад туслана. Урлаг мэдэхгүй мөртлөө гавьяатууд олон болжээ.
 
Мэдлэггүй мөртлөө ардын жүжигчингүүд, гавьяат зүтгэлтэнгүүд олширчээ. Хаа л бол цолтой, медалтай, одонтой хүмүүс алхана. Энэ бол Монголын төөрөгдөл. Ардчилал социализмаас ялгарч ангижрах хэрэгтэй шүү дээ. Боловсролтой хүн бусад хүнтэй олон янзаар олон хэлбэрээр харьцаж чадах баялаг мэдлэгтэй тул хэзээ ч хэнийг ч уйдааж орчин тойрноо нэг хэвийн нэгэн өнгийн байлгахгүй. Боловсролгүй хүнтэй хамт байх уйтгартай, нэгэн төрлийн болон нэгэн хэвийн амьдрал үргэлжилнэ. Тиймээс хүн бүр бусдын төлөө, хойч үеийнхээ төлөө боловсролтой болох хэрэгтэй. Түүнээс биш урьд өмнө сайхан байсан, Чингисийн үед төртэй засагтай байсан, их засаг гэж хуультай байсан, урлагтай байсан эсвэл эрдэмтэн мэргэдтэй байсан гэж үнэмшихэд хэцүү хоосон түүх ярьж үлгэр домог мэт зүйлс бусдад тарааж орчин тойрноо хордуулж болохгүй.
 
Үүний оронд дэлхийн мэдлэгээс суралцаж Зигмунд Фройдын номыг уншиж сэтгэлийн тухай бусадтай ярилцах хэрэгтэй. Чарлес Дарвиний ном уншиж хүн хэрхэн сармагчинтай нэг гарал үүсэлтэй вэ тухай ярилцаж амьдралаа олон өнгийн болгож олон аялгуугаар нийгмээ чимэх хэрэгтэй. Толстойн номыг уншвал хүн үхэхээсээ өмнө ямар их зүйлийг хийх ёстой вэ гэдгийг ойлгоно. Монгол хүн хуучин үлгэр домгуудаасаа салж баттай мэдлэг, ул суурьтай боловсролтой танилцах цаг иржээ. Нэг их зүйл хийж бүтээгээгүй хүнийг эрдэмтэн мэргэд гэж хоосон шүтэн бишрэх биш тэднийг зүгээр л дотроо хүндэтгэж явах цаг болжээ. Мэргэжил гэдэг заавал нэг цаанаа ашигтай хэрэгтэй тул сурдаг. Бараг л ээж аав сур гэсэн тул сурч байнаа гэсэн ашиг болон шахалт дарамттай хамаатай. Харин боловсрол эхлээд заавал ашиг харахгүй. Хүн хэнээр ч заалгахгүй бас хэнээс ч хамааралгүй өөрийн ухаанаа хөгжүүлж өөрийн гэсэн бат боловсролтой болох боломжтой. Боловсролыг ашигтай гэж сурвал тэр бүтэхгүй. Харин сонирхож сониучлаж л боловсролтой болох боломжтой. Боловсролтой хүн мэдээж олон чадвартай болно бас боловсролоо цааш ашиглах боломжтой. Монгол орон хаа ч байхгүй боловсролын доктор гэсэн цолтой болжээ. Түүний цаана бас хаа ч үгүй шинжлэх ухааны доктор цолтой болжээ. Хэн ийм хачин цолнуудыг шинээр зохионо вэ? Энэ бол Монголын ичгүүр.
 
Боловсрол гэдэг үнэлэх боломжгүй үнэт зүйл. Боловсролтой хүн жаргалтай. Яагаад гэвэл ертөнцийг, хорвоог, амьдралыг шал өөр нүдээр харж чадах чадвартай. Уран зургийг өөрөөр харна, хөгжимийг өөрөөр сонсож эхлэнэ бас номыг өөрөөр уншиж эхлэнэ. Ингэж мэдрэмж хөгжинө бас сэтгэл бэхжинэ. Ном уншдаг хүн оюуны хүчийг мэдрэнэ, зураг ойлгоод ирэхээр түүний гэрэлтэж буйг анзаарна, хөгжимөнд уяраад эхлэхээр түүний аясыг аялна. Үүнийг бид соёл гэж зүй ёсоор нэрлэх ёстой. Соёлтой хүний тухай ярина гэвэл боловсролтой хүний тухай ярина гэсэн үг. Монгол хүн өнөөдөр 21-р зуунд хүн төрөлхтөний мэдлэгтэй танилцаж үлгэр домог болон хоосон уран зохиол бас юу ч хэлж хэнийг ч боловсролтой болгодоггүй яруу найргуудаасаа салж шинэ замд гарах цаг үетэй золгожээ. Соёлтой, боловсролтой, үнэ цэнэтэй Монгол хүмүүс үгүйлэгдэнэ. Нийгмийг тэргүүлэх ёстой урлагынхан, яруу найрагчид, биеийн тамир спортынхон хамгийн бүдүүлэг хамгийн соёлгүй хүмүүс болжээ. Тэд нийгмийг баллаж улс орны хөгжилийг ухраана. Тэднийг дагаад хоосон шинжлэх ухааны академч, хоосон хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс мухар сүсэгтэж ардчилалын жилүүдэд Монгол орныг мэдлэг боловсролоос хөндийрүүлжээ. Доктор профессор цол хаанаас ч юм авчихсан эрэгтэй эмэгтэй хүмүүс их дээд сургуулиудыг хордуулна. Ч.Сайханбилэгээс эхлэлтэй боловсролын хямралаас гарах хэрэгтэй. Тэр үеэс л эхлэж Монгол хүн боловсролыг үзэн ядаж, онолд харш, номонд дургүй болцгоожээ.
 
Боловсролыг медал зүүж олимпиадад түрүүлэх гэж ойлгуулж чаджээ. Тэр үеэс л боловсрол төрийн хэрэг биш хувийн компануудын хэрэг болжээ. Монгол орон боловсролтой болохын тулд хамгийн түрүүнд иргэдэд зориулсан оройн сургууль болон нийтийн сургуулиудыг байгуулах ёстой. Яруу найрагчидаас авахуулаад улстөрч хүртэл бүгд Ч.Сайханбилэгтэй хамтран оройгоор эсвэл эчнээгээр боловсрол эзэмших цаг нь болжээ. Одоо л сурахгүй бол оройтно шүү. Сур сур бас дахин сур л гэж бага насны үнэмшилээ хэлэх байна.