Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш. ОДОНБААТАРТАЙ ярилцлаа.

 

-Дэлхий нийтзд тархаад буй “COVID-19” цар тахлын энэ үед Гадаад харилцааны яам ямар бодлого чиглэл баримталж, хэрхэн ажиллаж байна вэ?

 

-Гадаад харилцааны яам Монгол Улсын аюулгүй байдал, хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ чиглэлээр тодорхой олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч “СOVID-19" цар тахлын улмаас олон ажил хойшилж, заримыг нь цахим хэлбэрээр болон алсын зайнаас зохион байгуулсан. Олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа, хамтын ажиллагаа хэвийн хэмжээнд явж байгаа. Монгол Улсынхаа гадаад харилцааг хөгжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ард иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлд гадаад бодлого, хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдол өндөр байдаг. Мөн бусад салбарын харилцаа хамтын ажиллагааг ч олон улсын хамтын нийгэмлэгтэй хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Дэлхий дахинд тархаад буй цар тахалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас гадаадад байгаа иргэдийн асуудалд тэргүүн зэрэгт анхаарч ажиллаж байгаа. Эхний ээлжид Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол иргэдэд тулгарч буй визийн зөвшөөрөл, оршин суух, хөрөнгө санхүү гэх мэт асуудлыг шийдвэрлэж байна. Мөн Монгол Улсын эдийн засгийг боломжийн хэмжээнд байлгах, сайжруулах, үүгээр дамжуулан ард иргэдийн амьдралд дэмжлэг болох чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Түүнчлэн бид шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулах чиглэл, саналаа бэлтгэж байна. Ойрын өдрүүдэд Засгийн газар, УИХ-аар хэлэлцэх байх.

 

-УИХ-ын сонгууль болж шинэ Засгийн газар байгуулагдаж, ажилдаа шуурхайлан орсон. Танай яамны тухайд шинэ удирдлага тань ажлаа юунаас эхлүүлэв. Юундтүлхүү анхаарч ажиллаж байна вэ?

 

-Шинэ удирдлага томилогдоод юуны түрүүнд “СOVID-19”-тэй холбоотой асуудлаар гадаадад байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд нэлээд идэвхтэй ажиллаж байна. Гадаад харилцааны сайд саяхан дэлхийн 55 улсын Засгийн газарт хандаж, төлөөний нот бичиг илгээсэн. Тухайн нот бичгээр дамжуулан дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас иргэдийн амьдрах орчин муудсан, визээ сунгах, шинжилгээ өгч, эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон, санхүүгийн хүндрэл бэрхшээлд орсон иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Засгийн газраас нь хүссэн. Үүний дагуу манай улсын гадаад дахь Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамд тухайн улс орны эрх баригчидтай уулзаж, энэ чилэлд тодорхой ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад хандаж, хүсэлт тавьсан. Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа тодорхой тооны иргэд хүнсний хомсдолд орох, орон байргүй болох зэрэг асуудал гарч байгаа учраас тусалж, дэмжихийг хүссэн. Тухайн байгууллага манай улсын хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан манай улсаас гадаад улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газар болон Элчин сайдын яам, Ерөнхий консул, Байнгын болон Худалдааны төлөөлөгчийн газарт сайд үүрэг даалгавар өгсөн.

 

Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул бүх Дипломат төлөөлөгчийн газар ч мөн ялгаагүй өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллана. Хэн, хэзээ, хаанаас ч холбогдсон түүнд хариу өгөхөд бэлэн байх ёстой. Тиймээс зөвхөн консулын асуудал хариуцсан бус бусад чиглэлийн ажилтнуудыг татан оролцуулж, бэлэн байдлаа хангах үүрэг даалгавар өгсөн. 

 

Удаан хугацаанд гадаадад гацсан холбогдох иргэдийн виз, оршин суух асуудал хүндэрч байна. Иймд эдгээр асуудлыг тухайн орны холбогдох байгууллагуудтай ярилцаж, шийдвэрлэхийг Элчин сайдын яамдад даалгасан. Засгийн газар экспортыг дэмжих бодлогыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тиймээс энд байгаа Элчин сайд нар энэ чиглэлд идэвх, санаачилгатай ажиллаж, хоёр талын хамтарсан үйлдвэрийг байгуулж, бүтээгдэхүүнээ тухайн улсад, бүр цаашилбал гурав дахь улсад гаргах чиглэлд ажиллах нь зүйтэй. Ингэснээр манай улсад ажлын байр бий болохын зэрэгцээ экспорт бодитоор нэмэгдэх тухай Н.Энхтайван сайдын саналыг Элчин сайд нар анхааралдаа авсан.

 

-Эх орондоо ирэх хүсэлт гаргасан хүн бүр ирж чадахгүй байгаа асуудал бий. Үүнийг шийдэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ. Албан ёсоор хэчнээн иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна вэ?

 

-Хамгийн хурцаар тавигдаж буй зүйл бол эх орондоо эргэж ирэх асуудал байгаа. Тиймээс сайд энэ чиглэлд тодорхой үүрэг даалгавар өгсөн. Иргэн бүрд хүрч, мэдээлэл өгч ажиллах шаардлагатай тухай албан шаардлагыг Элчин сайдын яамдад хүргүүлсэн. Үүний дагуу Элчин сайдын яамдаас Гадаад харилцааны яаманд тодорхой мэдээлэл ирүүлж, хийсэн ажлаа тайлагнах ёстой. Элчин сайдын яамд эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэсэн бүртгэлээ УОК-т ирүүлдэг. Ингэснээр УОК тавьж буй шаардлагынхаа дагуу ангилж татан авах ажлаа зохион байгуулж байна. Бид бол үүнд техникийн талаас нь тусламж дэмжлэг үзүүлж байдаг. Бүртгэхээс гадна өвчтэй, жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй хүмүүсийн өргөдөл, хүсэлтийг харилцааны яам болон холбогдох байгууллагуудтай харилцаагаа улам гүнзгийрүүлэх шаардлага үүсч байна.

 

 

 

Тухайн улс оронд байгаа монгол иргэдэд туслах, татан авахаас гадна эдийн засгаа сэргээх, худалдааны хамтын ажиллагааг унагаахгүй, тоо хэмжээг нь бууруулахгүй байх чиглэлээр хамтарч ажиллах, уриалах хүсэлт гарган ярилцаж байна. Шинээр томилогдсон сайд бусад улс орны Гадаад хэргийн сайд нартай холбогдож, энэ чиглэлийн хүсэлтийг тавьж байгаа. Ийм хүнд нөхцөлд харилцаа хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх ёстой.

 

 

Харилцан туслалцсанаар эдийн засгаа бууруулахгүйн зэрэгцээ ард иргэдээ өвчнөөс хамгаалах хамтын хүчин чармайлтын асуудалд түлхүү анхаарч ажиллах талаар ярилцаж байна.

 

-Тухайлбал, аль улсын Гадаад харилцааны сайдтай холбогдсон бэ. Хамтын ажиллагаатай улс орнуудаас ямар тусламж дэмжлэг үзүүлж байна вэ? 

 

-Энэ долоо хоногт /өнгөрсөн долоо хоног/ Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хоёр, гурван улсын Гадаад хэргийн сайдтай утсаар холбогдсон. Мөн Монгол Улсад суугаа 11 Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Стратегийн түншлэлтэй Япон, Энэтхэг, иж бүрэн түншлэлийн харилцаатай БНСУ, мөн уламжлалт найрсаг харилцаатай БНАСАУ-ын Элчин сайдтай уулзсан. Энэ үеэр иргэдэд тулгамдаж буй асуудал, эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлыг хөндөж ярилцлаа. Ер нь гадаад улс орнуудаас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Тухайлбал, Япон улсын Засгийн газраас “СOVID-19” цар тахлын улмаас үүсээд буй хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж манай улсад хоёр сая орчим ам.долларын санхүүжилтийг олгосон.Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 9.3 сая ам.долларын үнэ бүхий эмнэлгийн төхөөрөмжийг нийлүүлэхээр болж, өнгөрсөн зургаадугаар сард талууд солилцох нот бичигт гарын үсэг зурсан. Үүнээс гадна эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, төсвийг дэмжих хүрээнд Япон улсын Засгийн газар ойр дотно харилцаатай зарим улс оронд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг судалж байгаа. Эхний ээлжид зээл авах орнуудын жагсаалтад манай улс багтсан. Япон улсын Засгийн газраас олгохоор судалж байгаа зээл эдийн засгийн байдлыг илүү сайжруулж, төсвийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Европын орнуудын тухайд мөн хэд хэдэн уулзалт зохион байгуулсан. Тухайлбал, Бүгд найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд манай сайдтай утсаар холбогдож, энэхүү албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, цар тахлын үед хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан. Мөн ХБНГУ, Европын холбоо болон Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзсан. Германы Засгийн газраас нэг сая еврогийн тусламж үзүүлж байгаагаа мэдэгдсэн. Европын холбооны Элчин сайдын хувьд Европын холбооны талаас манай улсын төсөвт дэмжлэг болгож, 50.8 сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа.

 

-Үүсээд буй нөхцөл байдлын улмаас стратегийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлж буй мега төслүүд удаашрах, зогсонги байдалд орох эрсдэл үүсч байгаа. Энэ асуудлаар тухайн улс орны холбогдох албан тушаалтнуудтай хэрхэн санал солилцов. Ямар шийдэлд хүрсэн бэ?

 

-Монгол Улс Ази дахь стратегийн түнш гуравдагч хөршүүдтэйгээ мега төсөл хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Мөн Япон улстай хамтран хэрэгжүүлсэн нисэх онгоцны шинэ буудал нээлтээ хийх бэлтгэл ажлаа хангаж байна. Гэхдээ “СOVID-19’’ цар тахал зарим бэлтгэл ажилд нөлөөлж байна. Үүнээс гадна Газрын тос боловсруулах үйдвэр барих ажлын талаар яриа хэлэлцээ явуулахад төлөөлөгчид биеэрээ уулзаж чадахгүй байх хүндрэл гарч байна. Гэсэн ч хоёр тал мега төслүүдийн хэрэгжилтийн эрчийг бууруулах ёсгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайдтай утсаар ярьж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр болсон Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг томоохон төслүүдийг урагшлуулахад идэвхтэй ажиллахаар болсон.

 

-Цар тахлын тархалт ирэх аравдугаар сард илүү нэмэгдэх магадлалтай талаар холбогдох байгууллагууд анхааруулж байна. Ийм нөхцөлд яаж ажиллах вэ?

 

-Гадаад улс оронтой харилцаагаа хөгжүүлэх, хамтын  ажиллагааны талаар ярилцана гэдэг цөөн хэдэн үгийн цаана Монголд хэрэгцээтэй эдийн засгийн, хөгжлийн бүх чиглэлийн хамтын ажиллагаа идэвхжиж байдаг. Хамтын ажиллагааг идэвхжүүлснээр зээл тусламж авах, хөгжлийг урагшлуулах боломж нээгддэг. Тийм ч учраас Монгол Улсын талаас санаачилга гаргаж, БНХАУ-д тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлсэн.

 

 

 

Цар тахлын үед манай улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсан нь хоёр орны харилцаанд Монгол Улс маш өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл болсон. Ингэж итгэлцлийг бэхжүүлсний үндсэн дээр цаашдын харилцаа гүнзгийрнэ л гэсэн үг. Хятад улс эхний ээлжид 830 мянган юанийн өртөг бүхий хамгаалалтын хувцас, оношлуур, 500 мянган ширхэг амны хаалтыг тусламжаар өгч байх жишээтэй.

 

 

 

Мөн АНУ 1.2 сая ам.доллар, тус улсын Батлан хамгаалахын яамнаас 28 мянган ам.долларын тусламжийг манай улсад үзүүлсэн. Энэ бүхний ард Гадаад харилцааны яам хоорондын яриа хэлэлцээрийн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, бид тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тухайн улс оронд зөв ойлгуулж, олон удаагийн яриа хэлэлцээ өрнүүлж байж, зээл, тусламж, дэмжлэг авч байдаг.

 

-Зарим улс орон вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэсэн тухай мэдээлэл гарч байгаа. Албан ёсоор үйлдвэрлэж, эмчилгээнд нэвтрүүлсэн тохиолдол байвал түүнийг оруулж ирэх талаар ярилцаж байгаа зүйл бий юү?

 

-Вакцин бол тэргүүн зэргийн асуудал. Энэ чиглэлээр Эрүүл мэндийн яамтай хамтарч маш тодорхой ажлуудыг хийж байна. Бид вакцины асуудалд хяналттай, няхуур ажиллаж байгаа. Вакцин үйлдвэрлэх чадавх бүхий улс орнуудтай маш нарийн, ойр дотно харилцаж байгаа. ДЭМБ болон холбогдох байгууллагаас өдөр бүр мэдээлэл авч байна. Вакцин албан ёсоор гарсан даруйд Монгол Улсын иргэдээ хамруулах асуудлыг Засгийн газар анхааралдаа байлгаж байна. Хөрөнгө мөнгийг нь ч төсөвлөчихсөн.

 

-“Ногоон гарц”-ын асуудалд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байна?

 

-Зайлшгүй хийгдэх шаардлагатай бүтээн байгуулалтын ажил гэж бий. Энэхүү бүтээн байгуулалтад оролцох хүмүүсийн орж, гарах асуудлыг хөнгөлөлттэй байлгаж, бүтээн байгуулалтаа өрнүүлэхгүй бол эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудалд хүндрэл үүсч магадгүй. Хамгийн гол нь орж ирж буй хүмүүсийн тухайд эмнэлзүйн шинж чанар нь анхаарлын төвд байх ёстой. Манай улсын Гадаад харилцааны сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай холбогдох үеэрээ хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт санал нэгдсэн.

 

 

C.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин