УОК-ын өнөөдрийн 27 дугаар хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасан тухай ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэв. 

ДЭМБ-ын мэдээгээр, дэлхий даяар 16.4 сая хүн шинэ коронавирусээр халдварлаж, 655 мянган хүн амиа алджээ. Нөхцөл байдлаас хамаарч дэлхийн 35 улс онц байдал зарласан бол 22 улс хөл хорио тогтоожээ. Мөн 88 улс орон хилээ хэсэгчлэн болон урт хугацаагаар хаасан байна. БНХАУ-д хоногт 160-180 халдварын тохиолдол нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 87 мянга гаруй хүн өвдөж, 4663 хүн амиа алдсанаас гадна шинж тэмдэггүй тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. Харин ОХУ-д хоногт 4-6 мянган халдварын тохиолдол шинээр гарч байгаа юм. Тэр дундаа манай улстай хил залгаа Буриад, Тува, Эрхүү мужид нийт 4-12 мянган тохиолдол бүртгэгдэж амиа алдсан хүний тоо 200 даваад байгаа талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэлдээ тэмдэглэв. 

Монгол Улсад гаднаас ирсэн 289 иргэнээс коронавирус илэрсэн. Тэдгээрээс 67 нь яг одоо ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол 222 хүн эдгэрчээ. Нийт батлагдсан тохиолдлын 73.8 хувь нь ОХУ-д сурч, ажиллаж байсан иргэд байна. ХӨСҮТ-д эмчлүүлээд гарсан 23 иргэнээс ажиглалтад байх үед нь коронавирус илэрсэн. Тиймээс салбар дундын мэргэжлийн байгууллагууд цар тахлын нөхцөл байдлыг үнэлж манай улс дотооддоо алдах өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэсэн байна. 

Нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг дахин нэг сараар сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. УОК-ын шийдвэрийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, энэ талаарх тогтоол батлах юм. 

С.Мөнхбаатар

Эх сурвалж: Монцамэ агентлаг