Америкт байхдаа чулууны үйлдвэрлэл болон угсралтын ажил, заримдаа бусадтай хамтран барилгын заслын ажил хийж байсан. Энд хэдэн зарчим байдаг юм.

1.Хийх ажлынхаа бэлтгэлийг сайн хангана

2.Бүх ажлаа ѳѳрийн багаж, хэрэгслэлээр гүйцэтгэнэ

3.Ажлаа захиалагчийн хүсэлд таацуулан чанартай хийнэ

4.Ажлаа дуусгаад бүх хог хаягдлаа цэвэрлэж, анх ажил эхлэхэд байсан байдалд нь оруулна

5.Хог хаягдлаа ѳѳрсдѳѳ авч явна

6.Гүйцэтгэлийн явцад захиалагчийн гаргасан гомдлыг ѳѳрийн зардлаар засч залруулна

 

Бүх ажил гэрээгээр хийгдэх бѳгѳѳд, гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд заагдсан гүйцэтгэлийн хѳлсний 40%-50% ийг урьдчилгаанд ѳгч, ажил дуусан хүлээлцсэний дараа үлдэгдэл мѳнгийг тѳлнѳ. Ийм бизнесээс болж хүмүүс хоорондоо маргалдан муудалцахаас сэргийлж, ажлуудыг зуучлагч байгууллагуудаар дамжуулан гүйцэтгүүлдэг журамтай.

Гүйцэтгэгч, захиалагчдийн хооронд зуучлал хийж тодорхой хэмжээний хувь авдаг тусгай зѳвшѳѳрѳл авсан мэргэшсэн байгууллага л даа. Ѳѳрѳѳр хэлбэл захиалагч гүйцэтгэгч хоёрын хооронд гарах маргаан болон түүнээс шалтгаантай хариуцлагыг тэд үүрдэг гэсэн үг. “ХЭРЭГЛЭГЧ БОЛ ХААН” гэдэг зарчмыг бодитоор хэрэгжүүлдэг энэ үйлчилгээ бол гүйцэтгэлийн СТАНДАРТ мѳн.

 

Монголд амьдарч буй байрандаа засвар хийлгээд дуусч байна. “Би чадна”- чуудтай уулзаж хамтран ажиллаж, “100 айл руу 100 удаа явдаг” дурмийг биечлэн үзэв дээ, хэхэхэ. За тэгээд олон ч хүнтэй муудалцан сайдалцаж, заримыг нь аргадаж, заримд нь “чадуулж” юу эсийг үзэв дээ. Надад юу ажиглагдсан гээч!

-Бид бие биедээ чин сэтгэлээсээ чанартай үйлчилэхийн оронд, яаж ийж аргалаад “мѳнгѳ салгах” сэтгэхүйтэй болжээ. Сайхан амалж, сайхан сурталчлаад мѳнгѳѳ авсан л бол зан нь хувирч, эргээд аятайхан харьцахаа ч болино. Зѳвхѳн мѳнгѳ олох зорилгоор хийж буй ажилд сэтгэл дутаад чанартай болдоггүй юм аа

-Ажлаа эхэлсэнээ гэнэт алга болчихно. Удаж удаж ирэхдээ бѳѳн шалтаг, зовлон тоочно. Хэрэв тэдний үгэнд итгэх юм бол ах дүүс хамаатан садангүүд нь энэ ѳдрүүдэд ихэвчлэн гай зовлонд унадаг бололтой. Ажлаа бол “Яараад яахав дээ!” гэсэн уриатайгаар тааваараа хийнэ шүү дээ.

-Гүйцэтгэгч бол зүгээр л бие хүн. Захиалагч багажийг нь, материалыг нь за тэгээд хэрэгтэй жижиг сажиг зүйлсийг нь бүгдийг нь авч ѳгнѳ. “100 айл руу 100” удаа явдаг гэсэн хэллэг ингэж гарсан байх. Ѳѳрийнхѳѳ мѳнгѳѳр авч буй биш болохоор хэмжээнээс нь илүү гарсан материалуудаа буцааж ѳгѳх гэж бас л асуудал болно. “Зарагдсан барааг буцаахгүй” маягаар толгой нь гэдийчихнэ

-Ихэнх нь хогоо цэвэрлэхгүй оромдоод л орхино. “Шаварт унасан шарын эзэд” ѳѳрсдѳѳ цэвэрлэж ачуулна. Зах дээрээс авчирсан баг бол ихэнхдээ пээдгэр. Ажлаа хийж дуусаад хѳлсѳѳ аваад л архидна. Барилгын материалын зах тойрон амьдралаа залгуулдаг “бѳбѳѳчдийн бригад” иймэрхүү

-Барилгын материалын “Гурвалжин”, “Хермес”, “100 айл” гэсэн гурван том худалдааны тѳвтэй. Tэдний материалын чанарууд нь харилцан адилгүй боловч, сонголт хийх боломж байна. Зуны дэлгэр цагт ихэнхи барилгын засвар үйлчилгээний ажлууд хийгддэг болохоор ачаалал их, замбараагүй байдал нь Улаанбаатар хотын түгжрэлд нѳлѳѳлдѳг бололтой.

 

НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!

1.     Барилгын материалын стандартуудаа шинэчилж, чанартай сайн материалуудыг хилээр оруулж ирэхэд хяналт тавих ёстой юм байна

2.     Барилгын материалын тѳрѳлжсѳн “Home depot” маягийн орчин үеийн стандартын дэлгүүрүүдийг дүүрэг болгонд байгуулах хэрэгтэй юм шиг санагдлаа

3.     Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд зуучлан хариуцагч мэргэшсэн компаниуд байгуулан ажиллуулах эрх зүйн боломжийг бий болгох шаардлагатай юм байна. Энэ нь хэн хэнийхээ цаг, нервийг хамгаалан хариуцлагыг тодорхой болгоно гэсэн үг

Ѳѳ тэгээд, “Би чадна”-чуудаар эхлүүлж, мэргэжлийн бригадаар гүйцэтгүүлэн дуусгасан засварын ажил минь сайхан болсоон. Ѳѳрсдийн гүйцэтгэсэн ажлын мэдээллүүдээ сайтад тавьж сурталчлан хариуцлагатай сайн гүйцэтгэдэг компани, бригадууд зѳндѳѳ байна. Солонгост болон Америкт ажил хийж сурсан залуус ийм бизнес рүү нилээд орж ирэн ѳѳрсдийн соёлыг бий болгож байгаа юм байна. Сүүлийн үеийн шинэ технологи, материалууд зѳндѳѳ бий болжээ. Хѳгжил бол сайн тал руугаа явж байна. “Би чадна” гэдэг сайхан үгээр харь оронд олон монголчууд ажил амьдралаа эхлүүлж байсан.  Ѳѳртѳѳ итгэж ѳѳрѳѳ хѳгжихийн эхлэл хэмээн итгэдэг. Одоо харин дутаад байгаа СЭТГЭЛ ээ дүүргэчихвэл… Ийм ажлын эцсийн үр дүн нь, хэн хэнийх нь СЭТГЭЛ ХАНАМЖ юм шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Улаанбаатар хот