Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е болон Н нар зөвшөөрөлгүй цех ажиллуулан бог болон бод малын толгой шулах үйл ажиллагаа эрхэлж байсныг МХЕГ-ын байцаагчид илрүүлжээ.

Тус цехэд эмнэлгийн ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд, гарал үүсэл тодорхой бус малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Хүчит Шонхор” худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан иргэдэд нийлүүлдэг байсан байна. 

Мөн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангадаггүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, түүнчлэн ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг, цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлийг шалгалтын үеэр илрүүлжээ.

Иймээс иргэн Е болон Н нарт Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтын дагуу Зөрчлийн хэрэг нээж, цехийн үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлж, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.