Энэ эмнэлгийн хаалгаар орохоос халшрам. хэн нэгнээ хөтөлсөн, тэргэн дээр түрсэн баргар царайтай хүмүүс зөрөлдөнө. хавдартай гэсэн нэгнийхээ оношийг сонсоод айж сандарсан гэр бүлийнхэн.

Эсвэл хавдраа авахуулах хагалгаанд орсон нэгнийгээ хүлээх хэсэг хэсэг хүмүүс. бүгд л айсан түгшсэн, сандарсан байдалтай. ингээд зогсохгүй, эмчид үзүүлэх, хагалгаанд орох, хагалгааны дараа эмчилгээнд орох гэж хэдэн долоо хоног, сараар хүлээнэ. Бүгд л бусдыг гуйсан царайчилсан харцтай. Эмнэлэг нь ч ялгаагүй. Олны хөлд дарагдан навсайсан нэг тийм гунигтай орчин... эмч нар нь зогсоо чөлөөгүй хүн үзэж, хагалгаа хийж, эмчилгээ эхлүүлдэг ч өнөө урт дараалал, хүлээлт бахь байдгаараа. Төрийн бодлогоос гээгдэж хоцорсон саарал орчин, хүний урсгалдаа дарагдсан их хөлийн газар бол хавдар судлалын үндэсний төв. монголдоо хавдрын цор ганц мэргэшсэн эмнэлэг.

Энэ эмнэлгийг санах бүрийд яагаад монголчууд ийм эмгэнэлтэй амьдарч байгаад сэтгэл шимширдэг. Яагаад монголчуудыгаа ийм эмгэнэлтэй амьдруулж байгааг ойлгодоггүй. хэн ч өвдөж зовж болно. Гэхдээ өвдөж зовсон хүн эмнэлгийн тусамж үйлчилгээг саадгүй чөлөөтэй авч байх эрхтэй. Харин хавдраар өвдсөн монгол хүнд ийм эрх алга. Яагаад гэвэл эмч, эмнэлгийн ор хүрэлцдэггүй. бүр эм тариа нь хүрэхгүй дуусчихдаг гэвэл Та итгэх үү. Тиймээс хүн гуйж царайчилж байж нэг хоногийн ч өмнө болов хэвтэхээр эмч, эмнэлгийн хамааралтай хүнийг хайж олох эрэлд гардаг.

Бодит түүх өгүүлье. Д.Нямаа гуай хотын иргэн. Илт бие нь өвдөж шаналдаггүй ч, ядрах, өтгөн хатах, гүйлгэх зэрэг шинж бага зэрэг гардаг болсон болохоор хоёр жилийн өмнө урьдчилан сэргийлэх үзлэгээр нэгдүгээр эмнэлэгт гэдсээ дурандуулаад шулуун гэдэсний хавдартайгаа мэджээ. Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороод, туяа, хими эмчилгээ хийх шаардлагатай учраас хсүТ-д ирж бүртгүүлсэн. Зургаан сар химийн эмчилгээ хийлгэсэн ч өнгөрсөн жил хавдар нь сэдэрч үсэрхийлсэн учраас дахин химийн эмчилгээ эхлээд байгаа юм байна.

Д.Нямаа гуайн ярьснаар эмнэлгийн үйлчилгээ авах шиг хэцүү, хүндрэлтэй зүйл алга аж. Тэрээр “химийн эмчилгээнд орж байгаа хүн 21 хоноод давтан орох ёстой байдаг. гэтэл өнөөдөр эмчдээ үзүүлэхэд шинжилгээгээ өг гэдэг. шинжилгээгээ өгөөд хариугаа авна. дахин дугаар авч эмч дээрээ орно. жишээ нь, би 21 хоноод эмчилгээнд орох ёстой байтал тэр хугацаандаа яагаад ч орж чаддаггүй. ачаалал дэндүү их. 30-45 хоногийн дараа л хэвтэх дугаар авдаг. би энд ирээд монголчууд хавдраар ингэж их өвддөгийг хараад үнэхээр гайхсан. Маш хэцүү. Би сарын 5-нд бүртгүүллээ гэхэд дараа сарын 5 хавьцаа л хэвтэнэ гэсэн баримжаатай. хэвтэх дугаар олдохгүй удаан хүлээнэ. Ийм зовлон энд эмчлүүлдэг хүн бүрт тохиолддог” хэмээн ярьж байлаа. нэгэнт хэвтсэн тохиолдолд химийн тариа, хордлого тайлах дуслыг үнэ төлбөргүй хийдэг аж. Өвчтөнүүд үүний хажуугаар ходоод, элэг хамгаалах эм тариагаа өөрсдөө авч хийлгэнэ. Эдгээр эмний нэг өдрийн үнэ нь 40 гаруй мянган төгрөг. эмнэлгээс гараад мөн л хордлого тайлах тариа хийхгүй бол дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоол идэх дуршилгүй болох зэрэг хордлогын шинжүүд арилахгүй зовоодог гэнэ. энэ бүхэнд хувь хүмүүс өөрсдөө эм тариагаа авдаг. нийт нэг удаагийн эмчилгээнд 200 гаруй мянган төгрөг хувиасаа гаргадаг. үүний хажуугаар үнэтэй томографын зураг авахуулна. Хавдартай хүмүүс группийн мөнгө гэж 350 мянган төгрөг авдаг. ийм орлоготой хүмүүс эм тариагаа яагаад ч дийлдэггүй. Ёстой л ах дүүс, ойр дотныхныхоо тусламжаар болдог. "их хэцүү шүү, бие өвдөхийн хажуугаар эдийн засгийн хувьд сөхрүүлдэг” гэж Д.Нямаа гуай шүүрс алдан ярьсан. гэхдээ тэр хэцүү бүхнийг уйлж дуулаад давж яваа дайчин эмэгтэй.

Д.Нямаа гуайн чин хүсэл гэвэл эмчилгээндээ хугацаандаа орох. энэ бол ХСҮТ-д эмчлүүлж яваа бүх хүний чин хүсэл.

Д.Нямаа гуайтай ярьж суутал “Чи нэг дэх өдөр энд ямар байдаг гэж бодож байна” гэж асууснаа хариу хэлэхийн завдалгүй “Хөл тавих зайгүй шд. Энд тэндгүй оочерлож хүлээсэн хүмүүс пиг. Эгч нь ноднин зургаан удаа хими эмчилгээнд, 30 удаа туяанд орсон. Маш хүнд эмчилгээ. Хордлого тайлагдахгүй, дархлаа унана. Гаднаас маш үнэтэй эм тариа хувиараа авч хэрэглэдэг. Нэг уураг гэхэд л 250 мянган төгрөг” хэмээн гунигтай дуугарав. Хоёр жилийн хугацаанд хэр их зардал гаргасныг нь сонирхоход “Өвдсөнөөс хойш 10 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Он гараад дөрвөн ч удаа хагалгаанд орчихож. Улсаас үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа ч яалт ч үгүй хувиасаа эм, тариа авах шаардлага гардаг” гэж байна. “Ийм үед ядаж хугацаандаа эмчилгээндээ орж байвал бас сэтгэл амар байхсан” хэмээн тайвшруулах санаатай дуугарахад нэг их уртаар санаа алдсанаа “Тэгэлгүй яахав. Эмнэлэгт хэвтэх болохоор хоногоо тоолоод хүлээгээд суучихдаг. Нэг дэхэд дуудах болов уу, эсвэл тав дахид ир гэх юм болов уу утсаа чагнаад эхэлнэ шүү дээ. Сэтгэлийн дарамт шаналан юм даа. Миний өмнө орох оочертой хүмүүс ороогүй байхад адилхан өвдөж зовж байж “би орно” гээд дайрах хэцүү. Хүлээхээс өөр аргагүй. Дөнгөж 20 гарч байгаа залуус ирж байна. Үнэхээр хэцүү. Энэ өвчин бие сэтгэл болоод айл гэрийн санхүүг мөлхүүлнэ шүү дээ. Миний хавдар үсэрхийлсэн болохоор эмнэлгийн зүгээс бай эмчилгээ санал болгосон. Бай эмчилгээ хавдрыг вакумжуулаад зогсоочихдог юм байна. Гэтэл нэг удаагийн эмчилгээнд гурван сая төгрөг хувиасаа гаргаж хийлгэнэ гэдэг чанга. Зургаан удаа ороход 18 сая төгрөг. Группийн мөнгөнөөс өөр орлогогүй би хаанаасаа ийм мөнгө олох билээ, чадахгүй” гээд эмчилгээндээ яарав.

Эгчийн яриа нэг хувь хүнийх мэт боловч хавдраар өвдсөн хүмүүст байдаг л нийтлэг зовлон, тойрч гарах аргагүй бэрхшээл юм. Олон удаа хагалгаанд орсон болохоор Д.Нямаа эгч тэргэнцэр дээр суудаг. Ээжийгээ сахих арав гаруйхан настай дэрмэгэр жаахан охин ч энэ бүх зовлонг биеэрээ туулж явна.

Химийн тасгийн хэвтэж эмчлүүлэх өрөөнүүд нам гүм. Олон цагийн химийн дусал тариа залгуулсан хүмүүс тамирдаж ядардаг болтой. Тасгийн үүдний том өрөөнд өдрийн эмчилгээнд орж буй хүмүүс мөн л дусал залгуулан эгнэн суужээ. Хөгшин залуу гээд нас насны хүмүүсийн ихэнх нь үсээ хусуулжээ. Ядрангуй шаргал царайтай эмэгтэйг Б.Шүр гэдэг. Өвөрхангайгаас ирсэн тэрээр хими, туяа эмчилгээнд хавсарч орж байгаа аж. Мөн л эдийн засгийн хувьд туйлдаж яваагаа ярив. Түүний дэргэдэх сандал дээр химийн дусал хийлгэж буй эмэгтэй хорт хавдрын улмаас гурав дахь удаагаа хагалгаанд ороод байгаагаа ярьж, мөн л хугацаандаа эмчлүүлэх чин хүсэлтэй байгаагаа дуулгав. Биднийг ярилцах зуур дэргэдэх хүмүүс ч мөн ярианд оролцож саналаа хэлж эхэллээ. Бүгд л “Яг хугацаандаа эмчилгээндээ орж баймаар байна” гэцгээсэн юм. Химийн эмчилгээг 21 хоногийн тэр схемийн дагуу л хийхгүй бол үр дүн багасдаг гэдэг болохоор тэдний ингэж хүсэх нь аргагүй л дээ.

Өнгөрсөн онд л гэхэд 7000 шахам хүн хорт хавдартай гэж шинээр оношлогджээ. Нийт 20 гаруй мянган хүн хорт хавдрын улмаас эмнэлгийн хяналтад байдаг юм байна. Тэд хотын төвд шахуу байрлах хавдрын төвийн жижигхэн шар байшинг элэгдтэл эргэлддэг. Тэдний зовлон тэндээ л оволзож байна. Энэ олон жилүүдэд тийшээ өнгийж харсан, санаа тавьсан, асуудлыг олж харсан хүн хэр олон байгаа бол. Хэрэв жаахан ч гэсэн анхаарсан бол өнөөдөр хүмүүс эмчилгээний оочер хэдэн сараар хүлээж, өвдөж шаналж, сөхөрч сөгдөхгүйсэн.

Өнөөдөр монголчууд бие биенээ хайрлаж байна уу, Монголын төрд иргэнээ гэсэн элэг зүрхний бодлого байна уу гэсэн асуулт ХСҮТ-д саатах хугацаанд толгойнд эргэлдсээр байсан юм. Эм тариагүй, хэвтэх ор олдохгүй хүлээж суугаа нэгэндээ сэтгэл гаргаж, мөнгө хуваарилахдаа харамлаж байна. Өнөө муу өвчтөнүүдээ багтааж чадахаа байсан навтгар шар эмнэлгийг доог тохуу хийж байгаа мэт яг дэргэд нь цэрэг, цагдаагийн гоёмсог шилэн барилгууд нүд гялбуулан сүндэрлэн босч байна. Тэнд монголчуудыгаа шийтгэж яллах таатай орчинг бий болгох их ажил өрнөж байна. Монголдоо хайргүй Монгол л гэж энэ байх...