Санхүүгийн эрх зүйч Зуунайн Шагдарсүрэнтэй ярилцлаа.

 

Ярилцлагаа УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр сошиал орчинд тарсан нэг зургийн тухай яриагаар эхлүүлье.

ИХ-ын сонгуульд өрсөлдсөн АН-ын дэд дарга асан, Б.Дэлгэрмаа, “Босоо Хөх Монгол”-ын П.Шинжээравдан болон та гурвын гар гараасаа барьсан “Нэг баг” гэсэн тайлбартай зураг байсныг санаж байна. Яагаад та гурав нэг баг болох болов?

 

Монгол улсад зарчмын томоохон өөрчлөлт гаргая, хөгжлийн шинэ уур амьсгал, шинэ салхи авчиръя гэвэл Монгол улсын төрийн эрхийг өнгөрсөн гучин жил ээлжлэн барьсаар ирсэн МАН, АН хоёроос өөр улс төрийн хүчин гарч ирэх ёстой. Тиймээс би улс төрд орж, МАХН-д элсэн, УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдсөн. Өнөөдөр Монголд улс төрийн гуравдагч хүчний орон зай үнэндээ нилээн замбараагүй, тархай бутархай байдалтай байна. Үүнээс МАХН маань харьцангуй нэгдэл бий болгохыг оролдож, ИЗНН, МУНН-тай “Та бидний эвсэл” байгуулж сонгуульд оролцсон. Сүхбаатар дүүрэгт “Та бидний эвсэл” квотоо хувиарлахдаа ИЗНН-аас АН-ын дэд дарга асан Б.Дэлгэрмаа, МУНН-аас “Босоо Монгол” ТББ-аас П.Шинжээравдан, МАХН-аас намайг гэж тогтсон. Иймээс л  бид нэг баг болсон хэрэг л дээ. 

 

Та “Зүүн төвийн холбоо”-г үүсгэн байгуулагчдын нэг. МАХН-ын хувьд үзэл баримтлал ойролцоо байсан болохоор “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн гэсэн үг үү?

 

Тиймээ. Ер нь  зүүн төвийн үзлийг албан ёсны үзэл баримтлалаараа тунхагласан нам Монголд нилээн олон байгаа шүү дээ. Тухайлбал МАХН, МАН, ХҮН зэрэг намууд албан ёсоор социал демократ үзлийг баримтална гээд дүрмэндээ заачихсан байгаа. Эдгээр намуудаас МАН төрийн эрх барьж байна. Гэвч МАН-тай ажил, амьдралаа холбосон хүмүүсийн амьжиргаа л дээшилж буй болохоос биш яг Монгол улсын хэмжээнд ядуурал буурсан билүү?

Ард иргэдэд төрийн бодлого хүртээмжтэй байна уу, амьжиргаанд нь нэмэр болж байна уу, үгүй юу? хүнээ гэсэн зүүний тууштай бодлого хэрэгжиж байна уу гэвэл үгүй. МАХН-ын хувьд дэмжигчид нь дундаж буюу дунджаас доогуур түвшний иргэд голдуу байдаг. Ялангуяа гэр хороолол орчимд дэмжлэг сайтай. Тиймээс ч  бодлогын цөм нь айл өрхийг орон сууцтай болгох, олон хүүхэдтэй бол хүүхдийн мөнгийг нэмж олгох, сургууль нэмж барих, нэг партан дээр гурван хүүхэд суудгийг болиулах, нэг сургууль хоёр гурван ээлжээр хичээллэхийг болиулъя гэсэн тодорхой бодлогодоо хатуу зогсдог. Иймээс ч МАХН-ыг зүүн төвийн бодлогыг бодитой хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртэй юм байна гэсэн ойлголт дээр бид нэгдсэн. Гэхдээ Зүүн төвийн холбооны хувьд бол аливаа нэг намын харьяа биш. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш маш олон залуучууд манай холбоонд гишүүнээр элсэж байна, хамтарч ажиллая гэж санал тавьж байна. Цаашдаа ч МАН, ШИНЭ, АН гээд нам харгалзахгүй хамтарч ажиллах болно. 

 

“Уухай” хөдөлгөөнтэй төстэй юм байна шүү дээ?

 

Зарим нэг талаараа төстэй мэт санагдаж болно.

 

Гэхдээ “Уухай” хөдөлгөөний зорилго, үйл ажиллагааг би сайн ойлгоогүй. Яахав залуу үе, шинэ үе гэсэн сегмэнт бол байсан.  Гэхдээ яг үнэндээ залуу, шинэ үе байна уу? хуучин, настайчууд байна уу гэдэг нь чухал биш шүү дээ. Үзэл баримтлал л илүү чухал. “Уухай” хөдөлгөөний хувьд бол зүүн төв үү, баруун төв үү, ер нь яг ямар бодлого явуулах юм, ямар учиртай юм гэдэг нь үнэндээ тодорхой байгаагүй. Зүгээр л УИХ-ын сонгуулийн өмнөх PR-ын зорилготойгоор л залуучууд хамтран ажиллаж байгаа юм болов уу даа гэсэн сэтгэгдэл надад төрсөн.

 

Зүүн төвийн холбоо бол “Уухай”-гаас ялгаатай нь  нас биш үзэл баримтлал дээрээ л  тулгуурладаг байх нь?

 

Бид яг залуучуудын байгууллага биш. Улс төрийн идэвхитэй, сонирхолтой ямар ч хүнд нээлттэй. Гол нь энэ улс маань дараагийн  гучин жил ямар бодлого барих юм, ард иргэдийнхээ амьжиргааг яаж  дэмжих юм, гучин жилийн дараа ямар байх юм, хүн амын бүтэц ямархуу байх юм, зарим хүний хэлдэг шиг цөөхөн хэдэн том компани гарч ирээд улс орныхоо хөгжлийг чирэх юм уу? үгүй бол үнэхээр жижиг, дунд үйлдвэрийг дэмжээд дундаж давхарга сайтай хүн амын бүтцийг бий болох юм уу гэх мэт асуудлуудад л анхаарч байна. Эдгээр асуудал дээрээ үзэл бодол нэгдэх аваас цаашдын чиглэл маань илүү тодорхой болно.

 

Та анх удаагаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдлөө. Сонгуулийн үйл явц, үр дүнг хэрхэн дүгнэж байна? Шударга сонгууль болж чадсан уу?

 

Сонгууль шударга болоогүй. Ерөнхийдөө эрх баригчид сонгуульд маш их мөнгө зарцуулдаг юм байна. Мөн 30 жил төрийн эрх барьж ирсэн МАН, АН-д хатуу тогтсон дэмжигчид, амь, амьжиргаагаа холбосон хүмүүс ч маш их байдаг юм байна. Эдгээр хүмүүс дотроо хэдийгээр намынхаа явуулж байгаа бодлого, арга хэмжээнд шүүмжлэлтэй ханддаг боловч нам нь уначихвал дагаад  амьжиргаа, албан тушаал, ажлаа алдчихна гэсэн айдас, хүйдэстэй байдаг юм байна. 

Тэд Нийслэлийн дүүргийн хороод, хэсгүүдээ, тэр бүү хэл сөрөг хүчин болох МАХН-ын гишүүд дэмжигчдийг  хүртэл халамжийн бодлогоороо атгачихаж. Жишээлбэл, хэсгийн хорооны удирдлагуудад иргэддээ “Та нар “Та бидний эвсэл”-ийн зохион байгуулж байгаа хурал цуглаан, уулзалтад очих юм бл халамжийн жагсаалтаас хасна шүү” гэдэг гэнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, алдар цуутай хүмүүс нь хэнд ажилладаг билээ гээд бодохоор үнэхээр л бүх талаараа хүч тэнцвэргүй тулаан болдог юм байна. Санал тоолох ажиллагааг хар машинаар луйвардсан гээд байгаа дээр бол надад баримттай, ажиглагдсан зүйл алга. 

Ер нь бол сууриараа шударга бус,  хүч тэнцвэргүй сонгууль боллоо.

Ерөнхий сайд гэхэд л төрийн хамгаалалттай хар машин унаад уулзалт хийгээд явж байна шүү дээ. Ингэж огт болохгүй. Уг нь бол сонгуулийн үеэр, намынхаа сонгуулийн  сурталчилгааны ажлыг хийж байгаа бол намынхаа, хувийнхаа машинд суудаг ч юм уу эсвэл явган яваад сонгуулийнхаа сурталчилгааг хийх ёстой байдаг, гэтэл аанай л төрийн ресурсийг ашигласаар л байна.

 

Гэтэл биид нар чинь хувийнхаа багахан мөнгөөр л сонгуулийн кампанит ажлаа хийж байгаа шүү дээ. Өрсөлдөгчид буюу эрх баригчид олон тэрбум төгрөг зарцуулсан нь  бүхий л зүйл дээр мэдрэгдсэн. 10 сандал авахад хэдэн төгрөг билээ гэх мэт жижиг зүйл дээр тооцоо хийхэд л илт анзаарагдана. Гэтэл эрх баригчид зүгээр л иргэдтэй уулзахын тулд л нүсэр тайз засаад хэдэн зуун саяыг зарцуулдаг. Тэр мөнгө нь сонгуулийн тайлан дээр нь харагддаггүй. Тэгэхээр энэ их мөнгө төгрөг нь хаанаас гардаг юм? маш их сэжигтэй.

 

Энэ бүх шударга бус зүйлийг өөрчилж, сонгуулийг хуулийн дагуу явуулахын тулд ер нь юу хийх ёстой юм бэ? Сонгууль шударга бус болоод байх юм бол ардчилал чинь үгүй болно шүү дээ?

 

Энэ дүр эсгэсэн, хиймэл ардчилал гэдэг чинь зөвхөн Монголд  биш олон газар оршиж байна. Хэлбэрийн хувьд ардчилсан болохоос агуулгаараа огт ардчилалгүй. Ардчилал эдийн засагт, зах зээлд, нийгмийн амьдралын олон салбарт нэвчиж байж жинхэнэ Ардчилал болдог. Түүнээс зүгээр л чөлөөтэй бурж байгаагаа ардчилсан нийгэмд байна гэж ойлгож болохгүй. Өнөөдөр Монголд хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн боломж нь бүгд боогдмол болчихож. Энэ утгаараа бол Монголчууд бид өөрсдийгөө ардчилсан улс гэж хэлэхэд хэцүү. Төрийн албанд эрх баригчид өөрсдийнхөө хүнийг шургуулдаг, энэ байдлаа сонгуульдаа ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Энэ замбараагүй их мөнгө зарцуулдгийг болиулах хэрэгтэй. Тэгээд энэ олон ухуулагчид байна.  Яг үнэндээ бол тэр ухуулагч гэх хүмүүст сонгуулийн үеэр плакатаа бариулж байгаад нэр дэвшигч өөртөө санал өгүүлэх, цаашилбал тэр хүмүүсийн гэр бүл, найз нөхдийн саналыг худалдаж авах ажиллагаа явдаг. Цаашдаа сонгуулиар хэрэгтэй, хэрэггүй зурагтаар гарах, сонин, хэвлэл, танилцуулга тараах ч шаардлагагүй.   

Шинэ, эдийн засгийн хувьд сулхан өрсөлдөгчөө дарамталж мэдээллийн урсгалд живүүлж байгааг багасгаж, аль болох цахим  сонгууль хийх хэрэгтэй. Японд жишээлбэл зурагт хуудас байршуулах самбарыг төрөөс хэдхэн газар байршуулчихдаг.   Иймэрхүү зохицуулалтыг бусад улсууд ч хэдийн хийчихсэн. Манай өнөөгийн эрх баригчдад ашиггүй учраас  л өнөөг хүртэл ийм шийдлийг хэрэгжүүлэхгүй байна. 

 

МАХН, ”Та бидний эвсэл” УИХ-ын 2020 оны сонгуульд ганцхан суудал авлаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр цаашид бүх шатны сонгуульд  дахиж оролцохгүй гэдгээ бас албан ёсоор мэдэгдчихлээ.  МАХН-ын ирээдүйг та хэрхэн харж байна? 

 

Манайд гуравдагч хүчний орон зай сайн бэхжээгүй байна. Сая сонгуулиар ШИНЭ эвсэл, “Зөв Хүн Электорат” эвсэл гэх мэт гуравдагч хүчнүүд саналаа хуваагаад жинхэнэ хоёр том өрсөлдөгчдөө боломж олгочихсон. Эрх баригчдаас гэсэн гуравдагч хүчний саналыг хуваахын тулд зардлыг нь гаргаад бие даагчдыг нэр дэвшүүлчихдэг болж.

 МАХН-ын хувьд бол гуравдагч хүчнээр зогсохгүй, улсынхаа ирээдүйг тодорхойлолцож, төр засгийн хэмжээнд бодлого шийдвэр гаргах хэмжээнд очихын тулд ерөөсөө залуу үетэйгээ л ажиллах шаардлага байгаа нь  ажиглагдсан. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн магадгүй  залуучууд, шинэ үеэ удирдлагадаа олноор дэвшүүлэх шаардлагатай байгаа нь анзаарагдсан. Намын дотор ч гэсэн энэ дөрвөн жил бол намыг бэхжүүлэх, иргэдтэйгээ илүү ойр байж, тэдний дэмжлэгийг хүлээх хэмжээний бүтэц, бодлого, боловсон хүчинтэй болъё гэсэн зүйл яригдаж байна.

 

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж үзлээ. Сонгогчдын сэтгэл зүй ямар байдаг юм байна гэдгийг бас ажиглаж, өөрийн гэсэн туршлагатай болсон байх. Сонгогчид гэдэг чинь ер нь иймэрхүү хүмүүс байдаг юм байна аа гэсэн нэг ерөнхий бодол, дүгнэлттэй болсон байх тийм үү? 

 

Сонгогчдын ихэнх нь МАНАН гэж нэрлээд байгаа МАН, АН хоёрыг дэмждэггүй юм байна. Гэвч тэд зохион байгуулалттай, хатуу дэмжигчтэй тул  төр засагт байгаа давуу талаа ашиглаад л нийтдээ хорь, гучин хувийн саналаар л улс орны удирдлагыг аваад байгаа нь тодорхой боллоо. Түүнээс биш Монголын ард түмэн үнэхээр МАН улс орноо манлайлж, хөгжүүлж байна гэж бодоогүй нь илт шүү лээ. Иргэд эрх баригчдад сэтгэл хангалуун бус байгаа тул асуудал бэрхшээлээ их ярьсан,  өөрчлөлтийг хүсэж байна. Миний нэр дэвшсэн Сүхбаатар дүүргийн хувьд бол яахав дээ,  цөөн хэдэн хүн хотын төвд сайхан оффист, гоё машин унаад, гоё амьдраад байгаа юм шиг боловч нэг, хоёр километр холдоод харахад л Монголд шийдэх асуудал их байгааг анзаарч болно. Харин төр засгийн, засаг захиргааны сэтгэлгүй, хариуцлагагүй байдал, хулгай зэлгий бол гаарчихсан байна...

 

МАН УИХ-д дахин үнэмлэхүй олонх болсон. Ирэх дөрвөн жилд улс орныхоо   эдийн засгийг сайжруулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж  чадах болов уу? Эсвэл дахиад хоорондоо талцах вий гэсэн эргэлзээ олон нийтийн дунд байна. Таны бодлоор аль нь бодитой байж болох вэ? 

 

Ерөнхийдөө  Монголд сонгуулиас сонгуулийн хооронд савладаг зүй тогтол байдаг шүү дээ. МАН, АН хоёрын хооронд ингэж савлаж ирсэн. Сая МАН дахин олонхи боллоо. Гэхдээ 2024 онд МАН-д муу дүн тавиад, өөр улс төрийн хүчин сонгох магадлал бүр илүү өндөр болов уу? Илүү хүчтэй савлах байх. Сая сонгууль арай шударга явсан бол аль нь ч давамгай болохгүй байх байсан шүү дээ. Тиймээс дөрвөн жилийн дараа ард иргэд МАН-д хатуухан дүн тавих болов уу. Эрх баригчид амлалтаараа ч ялгарахаа байчихлаа. Тэгэхээрзээлийн хүү буулгах, орон сууцжуулах, боловсрол, эрүүл мэндтэй холбоотой шинэчлэлүүд, хүүхдийн мөнгө гээд ерөнхийдөө ард иргэдийн амьжиргааг энэ гурав дөрвөн жилийн хугацаанд бодитой нэмэгдүүлж чадах уу, үгүй юу гэдэг л асуудал байгаа.

МАН-д нэг инерци байдаг шүү дээ. Тэр нь маш их барагдчихсан нь харагдаад байгаа юм.

Сая сонгуулиар ганц нэг л шинэ хүмүүс харагдаж  байсан. Ерөнхийдөө бол нөгөө хууччуулаараа л явж байна. Энэ хүмүүсийн мэдлэг боловсрол өнгөрсөн хугацаанд нэмэгдээгүй, өөрчлөгдөөгүй. Тэгэхээр хүлээлт харьцангуй бага байна. Би УИХ-ын сонгуулийн үед ярьж байсан. Хүүхдийн мөнгийг зуун мянга болголоо. Үүнийг муулмааргүй байна. Гэхдээ сонгуулийн санал худалдаж авах гэж байгаа бол муу байна гэсэн. Тэгсэн сая энэ жилээ дуустал олгохоор боллоо. Энэ сайн хэрэг. Энэ мэтээр сайныг нь сайшааж, мууг нь шүүмжлэх л хэрэгтэй болов уу?

 

 Та бол санхүүгийн эрх зүйч мэргэжилтэй хүн. Мэргэжилтэй тань холбогдуулаад асуухад Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар та ер нь ямар байр суурьтай явдаг вэ. Ашигтай гэрээ болж чадсан болов уу? 

 

Би Оюу толгойн гэрээг уншаагүй тул өмнө нь ярьж байгаагүй. Хүмүүс уншаагүй байж муу, сайн гэрээ гэж л байдаг. Гэхдээ бодит байдал дээр Оюу толгойн гэрээнээс Монгол улсад хорин жил ашиг орлого орохгүй юм байна гэж хардаг. Монгол улс нэмэлт хөрөнгө оруулалтын зардлаас болж өрөнд орж байгаа юм байна. Ордын 34 хувийн хувьцааг нь эзэмшсэн учраас адилхан тэр хөрөнгө оруулалтын зардлыг нь хариуцах ёстой юм байна. Ингээд янз бүрийн хүчин зүйлийг ажиглаад байхад Монгол улсад эдийн засгийн үр ашигтай гэрээ гэхэд хэцүү. Яагаад гэвэл нэг талд Монгол улсын баялаг, нөгөө тал бол энэ баялгийг олборлож өгч байгаа тал. Энэ хамтын ажиллагаанд ашиг орлого, зардлыг хуваахад Монгол улсад ашигтай байж болох хувилбарууд зөндөө байсан гэдэгт би ч гэсэн санал нэгтэй байдаг. Ерөнхий сайд асан С.Баяр : “Энэ гэрээг бид нар мэргэжлийн, гадаадын хуулийн байгууллага хөлслөөд ажиллуулчихсан бол таван сая доллар гарах байсан юм. Гэхдээ би тэгээгүй. Би нэг хуулийн ферм хөлслөөд түүндээ хардагдаад, тэр хуулийн фирмтэй хамтарч нэг, хоёр сая доллар идсэн гэж хардагдаад яллагдах байсан байх” гэж хэлсэн байсан. Энэ бол буруу . Ерөнхий сайд хүнд тэр зэргийн зориг байх ёстой биз дээ. Таван сая доллар бас нэр хүндээ бодсон гэж хэлээд цаана нь нөгөө хэдэн зуун тэрбумын хөрөнгийг тэгж ашиггүй тавьж туусан нь бол буруу. Тухайн үед бол гайхаж байсан л даа. Монголын талаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлцлийг хийхдээ өмнө нь ганц ч удаа тиймэрхүү төрлийн хэлэлцээр, гэрээ байгуулж үзээгүй, мэдэхгүй залуучууд хэлэлцээрийн ширээнд суусан байх. Тэгээд сайд нар нь гэрээгээ уншаад хэр ойлгодог ч юм? Гэрээний англи хэл чинь маш хэцүү шүү дээ. Гэтэл хэдэн улс төрч ороод л Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг зурчихсан. Энэ нь хандлагын маш том алдаа.

 

Ерөнхий сайд асан С.Баяр: “Оюу толгойн гэрээг зурснаараа би маш их бахархаж явдаг” гэж ярьсан. Хэрвээ С.Баяр тухайн үед таван сая доллароор мэргэжилтнүүд хөлслөөд Оюу Толгойн гэрээг хийлгэсэн бол бид өнөөдөр арай илүү ашигтай сууж байх байжээ дээ?

 

Компаний эрх зүй гэж байдаг шүү дээ. Гадаадын хуулийн сургуульд сурч байхад компанийн эрх зүй нэлээн том хичээлийнх нь нэг байдаг. Тэнд үзсэнээр бол ТУЗ-ийн гишүүн бол их чухал. Компанийн эрх зүйн субъект байхгүй юу. Манайд л ТУЗ-ийн гишүүн гээд нэг ач холбогдолгүй нөхдүүд яваад байдаг. Үнэндээ ТУЗ-ийн гишүүн бол хувьцаа эзэмшигчдийн талын хүн байна. ТУЗ-ийн гишүүн бол бүх юмны мэргэжилтэн байх боломжгүй, алба ч үгүй. Өөрөөр хэлбэл том уурхайн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол тэр хүн заавал тэр гэрээг уул уурхайн гэрээ хэлэлцээрээр мэргэшсэн компани, санхүүгийн зөвлөх компани, хуулийн зөвлөх компанийг ажиллуулчих юм бол тэр хүн ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг болно. Энгийн компани дээр ч яг л ийм байдаг. Өнөөдөр уг гэрээг зарим нь шүүмжлээд л, зарим нь өмөөрөөд л хоёр хуваагдаад маргалдаад байна л даа. Өмөөрч байгаа улсуудыг харахад Оюу толгой төчнөөн ажлын байр үүсгэж байна,  өчнөөн Монгол айл орлоготой, цалинтай байна гэдэг.

 

Яг үнэндээ Оюу толгойгоос хараат байдалтай болчихсон улсууд их өмөөрч байгаа харагддаг. Ялангуяа гадаадад мастер хамгаалаад, англи хэлтэй болчихсон, Оюу толгойтой холбоотой ажилд орчихсон ч юм уу, ханган нийлүүлэгч болчихсон ч юм уу тийм хүмүүс өнөөдөр сошиал түлхүү ашиглаж  байна. Тэнд илүү дуу хоолойгоо хүргэж чадаж байна. Тэгээд тиймэрхүү хүмүүс байнга иймэрхүү зүйл яриад байхаар иргэдэд “ Үгүй нээрээ Оюу толгой байгаагүй бол” гэсэн сэтгэгдэл эрхгүй төрдөг.  Энэ бол саармагжуулалт гэдгийг шууд хэлчихмээр санагддаг.

 

Монголд эргэлдэж байгаа таван төгрөг тутмын нэг нь Оюу толгойн гэрээ байгуулсны ашиг, үр дүн гэж тайлбарлах хүн байдаг.

 

Гурав ч юм уу, арав ч юмуу төгрөгийн нэг нь байж л байгаа байх. Гэвч энэ нь уг гэрээний сайн, мууг дүгнэх үндэслэл биш. Бид таван төгрөг байх бололцоотой юмыг нэг болгочихсон юм уу, эсвэл угаасаа нэгээс дээш байх боломжгүй юмыг шүүмжлээд байгаа юм уу гэдэг асуулт байгаа шүү дээ.

 

Таны аав УИХ-ын анхны бие даагч гишүүн Г.Зуунай гэж хүн байсан гэдгийг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр мэдлээ. Аавыгаа дурсвал?

 

 

Монголчууд аливаа хүний удмыг чухалчилж үздэг учир аавынхаа тухай сонгуулийн үеэр тодорхой хэмжээнд ярьсан л даа. Бурхан болоод хориод жил болж. 1976 онд байна уу даа? барууны өндөр хөгжилтэй оронд, тухайн орны хэл, соёлыг судлах зорилгоор цөөхөн оюутан явуулсан юм билээ. Аав тэр шугамаар Францад сурсан. Мөн Москвад анагаах ухааны докторын зэрэг хамгаалахдаа Англи хэлний академид сураад англи хэлтэй болсон. Ерөнхийдөө ерээд оны нийгэм солигдох үед  баруунд амьдраад үзчихсэн, Франц, Англи, Орос хэлтэй, Анагаахын зохион байгуулагч гэдэг мэргэжилтэй өндөр боловсролтой сэхээтэн болсон байсан. Эрүүл мэндийн тогтолцоог хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн тооцоо, үндэслэл, дэлхийн дундаж ямар байдаг юм, Монгол улс ямар байдлаар энэ хязгаарлагдмал нөөц бололцоогоо ашиглаад, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээгээ харьцангуй сайн хүргэж чадах юм бэ гэдгээр мэргэшсэн хүн байсан. Шатрын спортын мастер, яруу найрагч, зохиолч, спортын гэх мэт олон талын авьяастай. Спортын хэд, хэдэн төрлөөр хичээллэдэг, хэрэглээний гимнастикийн улсын нэгдүгээр зэрэгтэй гээд л ер нь их идэвхтэй амьдралтай хүн байсан. Хамгийн гол нь их шударга, тууштай, хүмүүсийн хүндлэл хүлээсэн хүн байжээ. Мэдэх хүмүүс нь одоо ч сайнаар дурсдаг.  Аав маань амьд сэрүүн байсан бол улс, эх орондоо багагүй хувь нэмэр оруулах байсан болов уу гэж боддог. Одоо энэ улс орноо өнөөдөр ийм болчихсон байгааг хараад бас юу гэж хэлэх байсан бол, харамсах байсан болов уу? Баярлах байсан болов уу. Тэгээд юуг нь шүүмжлэх байсан бол? Өөрийнх нь хүсэж зорьж байсан дүр төрхтэй хэр нийцтэй байгаа бол гэж хаяа бодох үе бий.

 

За баярлалаа. Танд амжилт хүсье. 

 

Баярлалаа, 

 

Сэтгүүлч Ч.Явуухүү

sonin.mn