УИХ-ын ээлжит бус чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдааны эхэнд энэ сарын  25-нд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцээд гишүүдийн олонхи уг хуулийг дэмжээгүй тул хууль санаачлагчид буцаалаа.

Өнөөгийн байдлаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас болж 2400 гаруй хэрэг хуримтлагдаж, цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа ажээ. Гэтэл хэргийг хянан хэлэлцэх явцад өөр танхимын шүүгч бүрэлдэхүүнд орж ажиллах боломж хуулиар хязгаарлагдсан байдаг байна.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг танхим хооронд томилох эрхийг Ерөнхий шүүгчид олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Х.Нямбаатар сайд илтгэлдээ 2400 гаруй хэрэг овоорсон гэж хэллээ. Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа. Иргэний хэргийн танхим таван гишүүнтэй. Шударга бус хонгилыг нураана гэчихээд дахиад шинэ хонгил угсрах гээд байгаа биш үү гэсэн болгоомжлол байна.  Улсын Дээд шүүхийн Д.Ганзориг гэдэг ерөнхий шүүгчийнхээ эрх мэдлийг нэмэгдүүлэх гээд байгаа биш үү, үнэртэж байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:-Өнөөдөр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас хэргийн түгжрэл бий болчихсон. 2400 гаруй хэрэг хуримтлагдаж байгаагийн 10 мянга орчим хэргийн оролцогчийн  эрх ашиг хөндөгдөж байгаа. Цаашид энэхүү тоо өсөж, энэ хэрээр хэргийн оролцогчийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд байна. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг өгнө. Өнөөдөр энэ зохицуулалт цоорхой байгаа. Хоёрдугаарт хуульд заасан үндэслэлээр танхимын бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд танхим хооронд сэлгүүлж шүүгчийг томилно гэсэн хоёр эрхийг олгож байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Хэний захиалгатайгаар гэнэт ээлжит бус чуулганаар энэ хуулийг  яаралтайгаар оруулж ирэв. Энэ хуулиар Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах , танхим хооронд сэлгэх эрх өгөх гэж байна.Шүүх хараат бус байна гэдэгт шүүгч шүүгчээсээ хараат бус байхыг ч хэлнэ.  Шүүгчид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг хүмүүс бол шүүгчид өөрсдөө гэж гарсан. Гэтэл үүнийг одоо баталгаажуулах гэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:-Хуулийн төслийг гэнэт оруулж ирээгүй 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд Засгийн газраас УИХ-д  өргөн барьсан байсан. Өмнөх парламент хуулийг хэлэлцэх гэж байтал шинээр Шүүхийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Шүүхийн тухай хууль батлагдах хүртэл тодорхой хугацаа орох учраас энэ хуулийг оруулж ирсэн. Таны хэлж байгаа үзэл баримтлалаар энэ хуулийг оруулж ирээгүй. Маш олон иргэний маргаан шийдэгдэхгүй байгаа учраас үүнийг шийдэх ёстой. Иргэний хэргийн шүүх таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралддаг, иргэн нэг шүүгчээс татгалзвал хуралдах боломжгүй болоод байгаа бодит үндэслэл бий.

Гишүүд үг хэлж дууссаны дараа Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнгүй.Тиймээс хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Эх сурвалж:www:polit.mn