Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.09.04/ боллоо. 

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их дээд сургуулиуд,  Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Боловсролын реформ хөдөлгөөн зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. “Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийнхаа Үндэсний хөтөлбөрийг өөрийн хэрэгцээ, шаардлага, зорилгод нийцүүлэн сайжруулж авч явах ёстой, үндэсний үнэт зүйл, хүний эрх, тэгш хүртээмжийг дээдэлсэн бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Нийт сургуулийн 721 нь ердийн, 15 нь мэргэжлийн, 70 нь гүнзгийрсэн, 6 нь тусгай, 8 нь олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Улсын хэмжээнд 2 сургуулийн 9 бүлэгт 308 сурагч 3 ээлжид хичээллэж байгаа бөгөөд бүлэг дүүргэлт зохих хэмжээнээс хэтэрсэн нийслэлийн 35 сургууль, аймгийн 6 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэдэн тоо Та бидэнд байгаа байдалдаа дүгнэлт хийж, хөрсөн дээрээ бууж, асуудалд бодитоор хандах хэрэгтэй байгааг сануулж байна'' хэмээлээ. 

УИХ-ын гишүүн, БСШУБХ-ны дарга Ж.Мөнхбат боловсролын салбарт улс төржилт байх ёсгүй. Бүгд хэлэлцэж, зөвшилцөж зөв гаргалгаа гаргах учиртайг онцлоод цаашлаад хэд хэдэн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах, намрын ээлжит чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэх төлөвлөгөөг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Төрөөс баримтлах боловсролын бодлого хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход анхаарах, ашгийн бус сургалтын байгууллагыг төрөөс дэмжих, багшийн нийгэм дэх үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангахад чиглэх ёстой” гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлж, хэлэлцүүлгийг удирдан явуулсан юм. 

Хэлэлцүүлэгт тавьсан зарим илтгэлээс онцолбол доктор, профессор, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Д.Бум-Очир

“Боловсролын колоничлол” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “Англи-Америкийн мэдлэгийн колоничлол хүч түрж байна. Колоничлолын мэдлэгийн үр дүнд Үндэстний үнэгүйдэл бий болдог. Жишээлбэл сонгодог урлаг бол урлаг, Ардын урлаг урлаг биш. Европ эмнэлэг бол эмнэлэг, Ардын уламжлалт эмнэлэг эмнэлэг биш болох зэрэг  Үндэстний өв соёл үнэгүйдэх аюултайг онцолсон юм. 

Үүний дараа  доктор, дэд профессор, МУБИС-ийн багш С.Түмэндэлгэр “Бүх нийтийн боловсролын үйлчилгээг шударга ёсны үүднээс хэлэлцэх нь”  сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр илтгэлдээ боловсролын салбарт хийгдэж буй санхүүжилтийн асуудлыг хөндсөн юм. Өөрөөр хэлбэл нийтийн хөрөнгөнөөс Кембрижийн хөтөлбөрийг нэмэлт өртөгтэйгөөр санхүүжүүлэх үү, эсвэл нийтийн хөрөнгөөр бүх нийтийн боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах уу зэрэг асуудлыг илтгэлдээ онцоллоо. Мөн “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч  Д.Тунгалаг “Кембрижийн хөтөлбөр: Үйл явц, үр дагавар”, МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн захирал П.Түвшинтөр “Монголын боловсролын тогтолцоог сайжруулах арга зам” сэдвээр илтгэлүүдийг тус тус тавилаа.

Ингээд оролцогчид дурдсан илтгэлтэй холбоотой асуулт хариулт, санал шүүмж хэлж, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Учрал тэгш боловсрол чухал байгааг онцлоод, дэлхийд өрсөлдөх чадвартай ирээдүйг бэлдэх учиртайг санууллаа. 

 

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Үндсэн хуульд нас, хүйс, шашин шүтлэг, гарал үүслээс шалтгаалахгүй боловсрол олгох тухай заасан байдаг. Гэтэл бид хүүхдүүдээ ангилан ялгаж хуваасаар байна. Баян чинээлэг айлын хүүхэд, даргын хүүхэд, гэр хорооллын хүүхэд гэх мэт. Бид Үндсэн хуулиа мартсан. Одоогийн нийгэмд хүүхдийг ялгаварлан гадуурхах тогтолцоог бид бий болгожээ. Би сайдаар ажиллаж байхад Элчин сайдын хүүхдүүд Элчин сайд болдог байсан.

Гадаад гэж хошуурахаа болимоор байна. Гадаадад төгсөж ирсэн хүүхдийг тахин шүтэж байна. Бакалаврын түвшний хүүхдүүдийг гадаад руу явуулмааргүй байгаа юм. Гадаад руу тэмүүлдэг тэр тогтолцоог болиулмаар байна. Тэгш бус нөхцөлийг бий болгож байна. Хүүхдүүдэд багаас нь гадаад хэл заахыг хориглосон хуулийн заалт оруулах хэрэгтэй. Монгол хүүхэд юм бол монгол хэлээ сур. Дунд ангиас эхлээд гадаад хэлээ сурч болно. Зургаадугаар ангиас эхэлж гадаад хэл үзэж болно. Яахаараа Монгол хэл англи хэлний хажуугаар ордог юм бэ. Монгол хэлийг тээж авч явах нь бидний үүрэг шүү дээ. Бид нарын үр хүүхэд Монгол хэлийг сурахгүй бол яах вэ гэсэн юм.