-ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ СЭТГЭЛД ХҮРЭХГҮЙ БАЙХ ВИЙ ГЭХЭЭС ХАМГИЙН ИХ АЙДАГ-

“Medway Consulting” компанийн гүйцэтгэх захирал, хүний их эмч С.Анударьтай ярилцлаа.


-Хүн ямар нэгэн байдлаар айдастай нүүр тулгарч байдаг шүү дээ. Тэгвэл айдас гэж чухам юу болох талаар шинжлэх ухааны үүднээс нь дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Айдас гэдэг нь ямар нэгэн биет болон биет бус зүйлд үзүүлж байгаа хүний сөрөг сэтгэлийн хөдөлгөөн. Одоогийн байдлаар дэлхийд 400 гаруй айдас бий. ангилбал нийгмийн, талбайн, өвөрмөц гэж гурав ангилдаг. Үүнээс гадна айдсын эмгэг, айдас гэдэг хоёр өөр ухагдахуун бий. Нэг зүйлээс цочиж айх бол энгийн айдас. Харин тухайн айдас нь сар юм уу түүнээс илүү хугацаанд үргэлжилж тухайн хүний хооллолт, нойр, энгийн өдөр тутмын амьдралд нь нөлөөлбөл эмгэг буюу өвчин болж байгаа хэрэг. Яахав, айдас гэдэг монголчуудын хувьд хол сэдэв байх л даа. Бага насны хүүхэд дээр жишээ авч ярихад л гадаадууд хүүхдээ багаас нь өөр өрөөнд байлгадаг. Гэтэл монголчууд насанд хүртэл нь шахуу хамт амьдардаг. Гэхдээ сүүлийн үед амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой манайхан тусдаа өрөөнд байх болсон.

-Айдсын эхлэл хүүхэд насанд тавигддаг шүү дээ. Бага насандаа нэг зүйлээс олон дахин айснаар томрох тусам эмгэг болох тохиолдол бий гэж ярьдаг?

-эхлэл хүүхэд насанд тавигддаг гэж үздэг. Наснаасаа шалтгаалаад тодорхой цаг үеүдэд туулдаг айдас гэж бий. 0-6 сартайдаа хүүхэд хурдан хөдөлдөг, олон өнгийн алагласан зүйлсээс айдаг бол 3-6 насандаа эргэн тойрныхоо зүйлсийг мэдэрч, өөрийгөө хэн бэ гэдгийг ухамсарлаж ирдэг. Энэ хугацаанд ямар нэгэн зүйлээс айх нь хүүхдэд том цохилт болно л доо. Харин 7-8 настайдаа хүүхэд эцэг эхдээ гологдох вий дээ гэдгээс маш их айдаг. Нэг үгээр эцэг эхдээ хангалтгүй байна гэж хэлүүлэхээс айна гэсэн үг. Тэгэхээр энэ үед нь хүүхэдтэйгээ найзын харилцаатай байж ямар ч үед хамт байна гэдгийг сайн ойлгуулах нь зүйтэй. Ингээд эргээд насанд хүрээд ажил дээр гараад ажлынхандаа таалагдахгүй байх вий гэж хүртэл эмээдэг. Энэ байдал нь чухамдаа багаасаа ямар нэгэн айдсыг эцэг эхийн тусламжгүй давснаар эмгэг болох аюултай. Тэгэхээр хүүхэд насанд нь үлдсэн айдас насанд хүрсэн хойно ч дагасаар л байдаг.

-Айдас олон дахин давтагдаж, өдөр тутмын амьдралд нь өөрчлөлт орох үед эмгэг болж хувирдаг юм байна шүү дээ. Тэгвэл энэ эмгэгийг ямар аргаар эмчилж байна вэ?

-Айдсын тухай ярихаараа хүмүүс ихэвчлэн осол гэмтлийг л чухалчилж яриад байдаг. Түүнээс гадна ойр дотныхон буюу эмээ өвөө нь нас барах хүүхдэд маш том цочрол өгдөг. Нас нь бага юм чинь юу ч мэдэхгүй гэж боддог. Гэтэл гурван наснаас эхлээд л бие хүн болж төлөвшөөд эхэлж байгаа. Энэ үед л ямар нэгэн зүйл болбол мэргэжлийн эмч юмуу, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмчид хандаад тухайн хүүхэд айдсаа хүлээн зөвшөөрөөд эмчлүүлбэл насанд хүрсэн хойно нь ямар нэгэн асуудал үүсэхгүй.

-Залуусын хувьд тохиолддог хамгийн энгийн айдас бол илтгэл тавихад гардаг сандрал. өдөр бүр нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог учраас өөр олон ч төрлийн айдас бий байх?

-Тийм шүү. Ер нь залууст харилцаа холбоотой айдас их тохиолддог. Тухайлбал, гэр бүлтэй холбоотой айдас байна. Хэрэв бага насанд нь гэр бүл нь ямар нэгэн асуудалтай байсан бол тухайн хүүхдэд цочрол болж гэрлэх нас нь болчихсон байгаа хэрнээ хүнтэй гэрлэхгүй яваад байдаг асуудал бий. Мөн давчуу орон зайнаас айдаг, лифтэнд сууж чаддаггүй хүмүүс байна. Хэтэрхий давчуу орон зайд орохоороо хөлс нь гарах, зүрх нь хүчтэй цохилох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн олон хүний өмнө гарахаараа сандарна, айна. Гэхдээ энэ бол тухайн үеийн л зүйл. Дасаагүй орчинд ороход хүнээс бага зэрэг сөрөг сэтгэл хөдлөл илэрдэг. Харин олны өмнө гараад ухаан балартаад унах, чичирч салганаад өөрийгөө хянаж чадахгүй байгаа тохиолдлууд эмгэгийн төрөлд багтана.

-Эдгээр айдсуудыг хэрхэн даван туулах вэ?

-Айдсыг давах хоёр л арга бий. Эхнийх нь тэр айдсаасаа зугтах, нөгөөх нь айдастайгаа нүүр тулах. Жишээлбэл, олны өмнө гарч чаддаггүй бол гарахаасаа өмнө цээжлэх, бэлтгэлээ сайн хийх, гартаа юм бариад гарах гэх мэт. Хэрэв үнэхээр өдөр тутам тэр айдастайгаа нүүр тулахаас өөр аргагүй бол дасан зохицохоос өөр арга байхгүй. Гэхдээ айдастайгаа нүүр тулж байж тухайн айдсыг даван туулна гэдэг зарчмын хувьд зөв. Гол нь айдсын эмгэгтэй хүмүүс дан ганцаараа айдастайгаа нүүр тулахад хэтэрхий аюултай.

-Цаг хугацаанаас айх, үгнээс айх гээд өвөрмөц айдастай хүмүүс байдаг юм билээ?

-Цаг хугацаанаас айх айдсын талаар Монголд одоогоор дата мэдээлэл байхгүй. Харин аНУ-ын хүн амынх нь 12.5 хувь нь ийм айдастай гэсэн судалгаа бий. Хонхны баяр, төрсөн өдөр, шинэ жил гэх мэт тэмдэглэлт өдрүүдэд мэдрэгддэг. Цаг хугацаа хурдан явж байна, дуусч байна шүү л гэсэн мэдрэмжийг аваад байгаа юм л даа. Цаашлаад тэр айдсаасаа хүчтэй шаналдаг. Ялангуяа юмс өөрчлөгдөх, толины тусгал, алиалагч/АНУ/, мэдлэг, үг, хүний нүд рүү харахаас, дурлахаас, нүхнээс, үхлээс айх гээд олон төрлийн өвөрмөц айдас бий. Мөн бидний сонсож байгаагүй нэг айдас бол аз жаргалаас айх айдас. аз жаргалаас айх айдсын онцлог нь тухайн хүнд ямар нэгэн баяртай сайхан үйл явдал боллоо гэхэд айдаг. Яагаад гэхээр энэ удаа надад сайн зүйл тохиолдсон юм чинь дараагийн удаа заавал ч үгүй муу юм болно гэж боддог. Үүнээсээ болоод аль болох аз жаргалтай байхаас зайлсхийдэг. Түүнчлэн аз жаргалаас айх болон дурлахаас айх айдас гэж ярьдаг бол хамгийн өвөрмөц хэрнээ өрөвдөлтэй айдсууд.

-Цаг хугацаа, үхлээс айх айдас ихэвчлэн ямар насны хүмүүст тохиолддог вэ?

- Ер нь айдас нас ахих тусам ихсэх хандлагатай байдаг. Хөгшин хүмүүст ихэвчлэн цаг хугацаатай холбоотой айдас, үхлээс айх айдас зонхилдог. Мөн үр хүүхдүүддээ санаа зовсон айдас. Төрөх, үхэх бол амьдралын жам шүү дээ. Мөн эргээд хүмүүст дурсагдахгүй, мартагдах вий гэхээс их айдаг.

-“Үхтэл үр харам” гэдэг. Монголчуудын хувьд үр хүүхдүүддээ маш их санаа зовдог?

-Тийм шүү. Үр хүүхдүүддээ санаа зовох айдас азиудад илүү илэрдэг. азиуд их гэр бүлсэг соёлтой. Гэр бүлтэй болсон ч эцэг эхтэйгээ хамт амьдарч асарч хамгаалж байдаг шүү дээ. Жишээлбэл, монголчууд эрт дээр үеэс хүүхдээ элдэв зүйлээс айвал ширгэлдэг. Ямар нэгэн эм тан өгөлгүй домнож эмчилдэг сэтгэл заслын аргатай. Ширгэлж байх явцдаа хүүхдээ үнсэнэ, за одоо айх зүйлгүй болчихсон гээд тайтгаруулж байгаа явц маань сэтгэлийг нь засаж байгаа юм. Энэ мэт сэтгэл зүйгээр холбогддог учраас үр хүүхдэдээ санаа зовох тохиолдол элбэг шүү.

-Айдсын эмгэг хүндэрвэл ямар нэгэн өвчний суурь болох уу?

-Өвчний суурь болох гэхээсээ илүү айдастай нүүр тулж байгаа хүний биед маш их өөрчлөлт гарна. Тухайн хүн шоконд ороод өөрийнхөө оюун ухаанаа алдаад ухаан балартах хэмжээнд хүрч хүчтэй зүрх дэлссэнээс шалтгаалж амь насаа алдах ч эрсдэлтэй. Бидний энгийн гэж боддог зүйлс айдсын эмгэгтэй хүнд ямар ч аймшигтай зүйл болж харагдахыг үгүйсгэхгүй. Тэр хүний төсөөллөөс шалтгаалж байгаа учраас бид мэдэх арга байхгүй. Харин энгийн хүн айдастай нүүр тулахад зүрх дэлсэх, бүх биеэр халуу дүүгэх, гэнэт их хэмжээгээр хөлрөх чичрэх, арьс хуулрах, амьсгал давхцах, гэдэс муухайрах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ.

С.ЛХАМСҮРЭН