Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл цогцолборын явган хүний шат руу машинтайгаа зорчин улмаар гацсан зураг цахим орчинд тараад байсан билээ.

Тэгвэл энэхүү машиныг жолоочийг олж хариуцлага хүлээлгэсэн байна. Тодруулбал  Тоёота Приус-30 маркийн автомашины жолооч энэ сарын 8-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явган хүний шатаар зорчсон зөрчил гаргасан юм.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Чимэдбат хэлэхдээ "Тухайн жолоочийн согтуурлын зэргийг хэмжихэд 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон.

Тиймээс тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэв.