Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээллээ. Шалгалтаар хэд хэдэн ШТС-ын шатахуунаас ус, лаг илэрчээ. Мөн хууль бусаар шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлж байсан гурван зөрчил илрүүлсэн ба зөрчлийг арилгуулан ажиллаж байгаа аж.

Импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг “Хяналт шалгалтын хүрээнд нийт 19 аж ахуйн нэгжийн ШТС-уудыг хамруулж, шатахууны дээж аван шинжилгээнд хамрууллаа. Магнай трейд, Мон-Суль, М-Ойл, Содмонгол, Петровис, Петростар, Нью энержи стар ШТС-уудын худалдаалж буй шатахуунууд бүгд Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй” гэх мэдээллийг өглөө.

Түүнчлэн шалгалтаар "Тэс петролиум ХХК"-ийн дизель болон А92 бензинээс, "Шунхлай ХХК"-ийн А95 бензинээс, "Синчи Ойл ХХК"-ийн А92 бензинээс, "Петрожамп ХХК" А92 бензинээс ус, лаг илэрчээ.

МХЕГ-ын төлөөлөл "Ус нь шатахууны саванд цэвэрлэгээ хийгээгүй удсанаас конденсацаар үүсдэг. Иймээс шатахуун худалдаалах байгууллагууд савны цэвэрлэгээг хийж, хэрэглэгчдэд цэвэр шатахуунаар үйлчлэх үүрэгтэй" хэмээв.

Сүүлийн хоёр жилд керосин тэргүүтэй дагалдах бодис их хэмжээгээр импортлох болсон ба тус бодисуудыг шууд хэрэглэх, худалдаалах зах зээл Монголд байхгүй. Иймээс үүнийг шатахуунтай хольж байна гэсэн хардлага байгааг МХЕГ-аас онцолсон юм.

Мөн тээвэрлэх зөвшөөрөлгүй 3 тонн даацтай авто машинаар шатахуун зөөж нийслэл рүү нэвтрэх товчоодод нийлүүлж буй зөрчил илэрсэн байна. Түүнчлэн дизель түлшийг 1500 төгрөгөөр зарж буй явдал гарсан бөгөөд энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Жижиг цэгүүдээр 1500 төгрөгөөр зарж болоод байгаа юм бол яагаад зах зээлд 2090 төгрөгөөр худалдаалж байна вэ? Үүнийг юм хольж дамлан зарж байна гэж хардахаас өөр аргагүй" гэв.