ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны есдүгээр сарын 9,10-нд буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд 1,816 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1,815 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Энэ нь ОХУ-ын иргэн, ТИР машины жолооч, 53 настай эрэгтэй хүн байна.

Уг тохиолдлыг Дархан-Уул аймгийн салбар лабораторид анх илрүүлж, ХӨСҮТ-ийн төв лабораторид баталжууллаа.

Шинжилгээнд 

  • 2020 оны наймдугаар сарын 21-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 хүний давтан
  • 2020 оны есдүгээр сарын 8-нд Хонг Конг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан
  • 2020 оны наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 280 хүний давтан
  • 2020 оны наймдугаар сарын 22-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 275 хүний давтан
  • 2020 оны наймдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 254 хүний давтан
  • 2020 оны наймдугаар сарын 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 66 хүний давтан
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 25 хүний давтан
  • Сувилалд тусгаарлагдсан 14 хүний давтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 63 жолоочийн шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 98 хүний давтан
  • Өмнөговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан
  • Дундговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан
  • Тандалтын зорилгоор 10 хүнээс сорьц авсан /СХД, Налайх, Нэгдүгээр эмнэлэг, Увс аймгийн нэгдсэн эмнэлгээс ирсэн сорьцууд/
  • Тусгаарлах байранд тусгаарлагдсан 132 хүний давтан шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээг тус тус хийсэн байна.


Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 311 боллоо. Үүнээс 298 хүн буюу нийт тохиолдлын 96 хувь нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс сувилалд 9, гэрийн ажиглалтад 26 хүн байгаа бол 263 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 13 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж буй. Тэдгээр хүмүүсийн 6 хүний биеийн байдал хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэв.