Жараад оны сүүлчээр нэг залуу техникч хувиараа пуужин бүтээгээд тэрийгээ Богд ууланд туршиж байгаад түймэр тавьчихжээ. Гамшиг тарьсных нь хувьд цагдан сэргийлэх баривчилж торгосон уу яасан, юутай ч шийтгэсэн.

Эрдэнэ баавай залууг өмөөрч эсээ бичсэн юмдаг. Пуужин амжилттай хөөрч дэлхийг тойрон эргэлдэнэ гэж итгээгүй л дээ, гэхдээ шинэ үеийн монголчуудын хүсэл тэмүүлэл өндөрт гарч гэдэгт нь бахархсан хэрэг. Гагарин сансарт нисэж, Леонов задгай сансарт зугаалж, Армстрон саран дээр алхалж байхад монгол хүн дутахгүй гэж нууцаар ч болов пуужингийн загвар өөрөө хийгээд туршиж байна. Тэмүүлэл нь сайхан, дундад зууны хоцрогдлоосоо саяхан гарч ирсэн монголчууд юутай ч сансарт хөөрөх пуужингийн хөдөлгүүр зарчмыг ойлгоод оролдлого хийж буй нь бахархам.

Леонардо да Винчигээс 400 жилийн хожим Гэлэнхүү өөрийн уралсан далавчаа биедээ бэхлээд нисэх оролдлого хийн өндөр цохионоос дүүлэн амжилттай газардсан. Гэтэл пуужинчин залуу Армстронгтой зэрэгцээд бүтэлгүй ч гэсэн туршилт хийжээ. Энэ бол хүн төрлөхтний сэтгэлгээтэй монголчууд маш хурдтайгаар дөхөж буйн илрэл. Сэтгэлгээний цар хүрээ тэлэхээр өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Монгол хүн пуужин туршсан тэр үед ийм нэг онигоо яригддаг байсан. Ордны ард монгол далбаатай пуужин буужээ. Бүгд гайхан цочирдож Цэдэнбалд хандсан байна “Москвагаас бушуу асуу, тэдний зөвшөөрөлгүй пуужин дээр нь монголын далбаа зурсан юм биш байгаа?”. Тэгэхээр нь Самбуу гуайд мэдэгджээ. “Юу ч гэсэн эхлээд Төмрийн заводоос асуусан нь дээр байх”. 

Харин энэ онигоо биш болсон явдал гэж барим тавим хэлэлцэх юм билээ. Хэнтийд нутаг нугадаа магтагддаг нэг дархан (инжаан л байх даа?) байжээ. Тэр нутагт анх удаа трактор “айлчилсан” юм байх. Хүмүүс сонирхоод л тойрч бүчээд л… Мөнөөх дархан нэлээд хожуу ирэн тракторыг баахан тойрч ажигласнаа “ахиухан төмөр олдвол хийчих л эд байна”. Хэдийгээр дотоод механизмыг нь ойлгоогүй ч үнэхээр төмөр олдвол гадаад дүрсийг нь дуурайлгаад хийчих итгэл төрсөн хэрэг, шоолоод ч яахав дээ. 

Шинэ үеийн монголчуудын 2-3 үе үндэсний бахархалаа үгүйсгэсэн орчинд өсөж өндийж хүмүүжжээ. Зан заншил, уламжлал, үндэсний бахархалаас эхлээд явж ирсэн зам мөр, түүх соёлоо гутаан доромжилсон, эсэргүүцэн муйхарласан албадлагын орчин. Энэ үндэстнийг эмхлэн буй болгосон Чингис шиг адгийн шаар байхгүй учир нэрийг нь ч дурсахыг хориглоно. Үндэстнээрээ бахархсан “Тусгаар тогтнол” найраг хоригдсон, үндэстнээ магтан дуулсан Чойном шоронд. Хүнийг буруутгасан хамгийн муухай, хамгийн аймаар хараал нь “үндэсний үзэлтэн”! Үндэсний үзэлтэн гэж тодорхойлогдсон гүүш Ринчин, Дамдинсүрэн нар жигших үзүүлэнгийн самбар. Монгол хуучин заншил болгон хортой. Цагаан сар хийж болохгүй. Шашин шүтэх ялтай. Социализм байгуулагч интернациональч монгол иргэний бахархал бол “Зөвлөлтийн тусламж”, “Социалист бүтээн байгуулалт” л байх ёстой. 

Монгол хүн юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй. “Хоцрогдсон бүдүүлэг хүннүүдийн хажууд ялсан пролетари суун зааж өгөөд байвал тэд капитализм туулж зовох шаардлагагүй, алгасаад харайчиж болно” гэж Ленин сургасан. Эхлээд комиссар, дараа нь сургагч, эцэст нь зөвлөлтийн мэргэжилтэн нэртэй болсон ялсан пролетариуд алхам болгоныг заах болов. “Зөвлөлтийн туршлагаас суралц”, “Зөвлөлтийн мэргэжилтнээс асуусан уу?”, “Зөвлөлтийн мэргэжилтэн зөвшөөрсөн үү?” Амьдралдаа амьд хонь үзээгүй мэргэжилтнүүд монгол ардад хонь хариулахыг нэг бүрчлэн заана. Монголд цэрэг оруулсан шалтгаанаар 20 жилд 17 тэрбум доллартой тэнцэх шилжих рубль зээлдүүлсний 63 хувийг өөрийгөө тэжээгээд явдаг хагас зэрлэг билчээрийн мал тордоход зарцуулуулжээ. Гол дагасан мянган худаг, талд босгосон цементэн өвөлжөө, нисдэг тэргээр зөөдөг өвс, хурга ишиг тэжээх хуурай сүү, хүчит тэжээлийн үйлдвэр, багсармал тэжээлийн цех… Тэгээд өссөнгүй ээ?

Нэг нартай сайхан өдөр коммунизм дэлхий даяар нуран уналаа. Зөвлөлтийн цэрэг мэргэжилтнүүдтэй хамт нутаг буцав. Хүмүүс, ялангуяа монголын сэхээтнүүд үндэсний үзлээ цээжин дотроо тас нууж байсан нь мэдэгдлээ. Бараг бүгд үндэс угсаагаа хайралдаг, түүх соёл уламжлал зан заншлаа дээдэлдэг, тэр болгоныг нь доош дарж гутаан доромжилж байсанд дотроо их бухимддаг байжээ. “Мал маллахаа марксизмаар заалгахгүй”. Дотроо бодон бухимдаж байсан үг. “Гуравдарь хөрш”. Бид дахиж нэг орны эрхшээлд амьдрахгүй, бидэнд дайсан байхгүй, бид нийт хүн төрлөхтөнтэй мөр зэрэгцэнэ. Манай гуравдахь хөрш бол газар зүйн хил нийлсэн хоёр хөрш ба бусад бүх хиллэдэггүй орнууд мөн. “Иргэний нийгэм”. Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн ухамсар бүхий тэгш эрхт иргэдээс манай нийгэм бүрдэнэ. Сайхан эхлэл, одоо л нийгэм маань эрүүлжиж эхэллээ. Бахархах юмтай Үндэстэн сэргэвээ.

Дундад зууны хоцрогдолтой, дээр нь бүтэн 300 жилийг тусгаарлагдсан хаалттай орчинд өнгөрүүлсэн монголчууд орчин үеийн ертөнцийг таньж эхэллээ. Хорвоо ертөнц чинь ийм амархан байсан юм уу? Эгшин зуур бүгдийг нь гүйцээд урд нь гарчих юм байна шүү дээ. “Азийн бар болно”, “Хийгүй дугуй үйлдвэрлээд л дороо хөгжинө”, “Баян ах маань Голландад байсан юм байнашдээ”. “Итгэлт баян аль эрт хэлж байхад бид анзаарсагүй, Итгэлтийн замаар урагшаа”. Ерөнхий сайд маань аль түрүү нийгэмд зах зээлийн эдийн засгийг нууцаар судалж байсан юм байна. Геологийн баялагийг нисдэг тэргэнд суусан үзмэрч нээгээд нээгээд явчихдаг юм байна. 10 литр бензин хийчихээр цааш ямар ч шатахуун зарцуулалгүй дэлхий тойрч чадах 69 машин бүтээхээр шийдсэнийг төрөөс санхүүжүүлэв. “Мобилум пэрфэктум” гэдэг байхаа. Ромбу гаригтай бид холбоо тогтоолоо.

Гэхдээ нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд ерээд оны эхэнд болж байсан дээрх наргиантай адал явдлууд нь хаалттай ертөнцөөс гэнэт гэрэлд гарсан хүүхдийн гэнэн цайлган сэтгэгдэл мөрөөдөл байсан болохоос эд баялагт шунасан, ашиг завшаан хайсан муу муухай үйлдэл байгаагүй юм. Зэрэгцээт сэтгэцийн тэнцвэр алдагдсан “мэргэд” ч олноор мэндэлсэн. “Нээлт минь Нобелийн шагнал хүртэх ёстой нь эргэлзээгүй, бүтээлээ дахин тунгаасан чинь нэг биш гурван нобель авах юм байна”, “Би шинэ нээлтээрээ энэ жилдээ багтаад намраас Нобелийн шагнал хүртэнэ”, “Намайг Чингисийн удам гэж мэдчихээд дэлхийн хунтайж нарын уулзалтанд оролцох урилга ирүүлсэн чинь Засгийн газар урилгыг аваад нуучихжээ”, “Монголчуудын хөгжлийн зам мөрийг 100 мянган жилийн өмнө тодорхойлсон захиас надад бий”, “Мөнх тэнгэр монголчуудыг онцгойлон залж залруулж явдагийг физикийн ухааны доктор хүний хувьд би саяхан нээлээ”. Үнэндээ эдгээр нь нийгэмд төдийлөн хортой зүйл биш. Ийм үзэгдэл, ийм хүмүүс энэ хорвоогийн хаана л бол хаана бий. Этгээд байдлаар нийгэмд тодрох гэсэн нь ч бий, үнэхээр хий юм хардаг ч байж болох. Хөгжингүй орнуудынхаас манайд ялгаатай нь эд зохих газраа биш харин ч мэдээллийн хэрэгслэлийн баатрууд болдог явдал. Гэхдээ л ийм хүмүүс нийгэмд хор хүргэдэггүй, хүргэж ч чадахгүй.

Нэгэнт төмөр нь байгаад ч онгоц хийх сачий алга гэсэн хатуу үнэнтэй тулж эхэлмэгц нийгмийн аль “сэрэглэнгүүд” өөр аргад шилжлээ. Хортой арга. Хоцрогдонгүй нийгмийн сэтгэлгээ ноёлсон зах зээл дээр луйвар хийх арга. Байгаль орчин, нутаг хошуу, хүн зоноо хамгаалах өрөвдөх аврах эх оронч хөдөлгөөн зах зээлд бараг хорин жил ноёрхсон авч эцэст нь тэдний тар танигдаж, одоо моодноос гарч байх шиг. Тэд бол рэкэтчид. Таньж мэдэх хүрээндээ нэр муутай, хууль бус орлогыг илүүтэйд үздэг, голдуу ажил төрөлгүй, мэргэжил боловсрол дорой. Тэднийг хөрөнгө мөнгөтэйчүүд болон төрийн албан тушаалтнууд байнга ашигладаг учир хамгаалалттай, тиймээс ч ял шийтгэл хүлээх нь ховор. Энэ бол хэдийнээ ил болсон “нууц”. Ийнхүү явсаар Үндэсний бахархал маань Үндэсний шившиг болж хувирав.

Илүү боловсролтой, илүү ухаалаг, илүү зальжин, илүү хөлжүү хэсэг нь дээдэхийг бодвол илүү орлоготой. Тэд нийгмийн тулгамдсан асуудлыг ярина, эсвэл санаанаасаа бий болгоно. Үүндээ статистик, шинжлэх ухаан, дэлхийн тулгамдсан асуудал зэргийг сурамгай ашигладаг. Энгийн жишээ гэхэд газар хөдлөлтийг Монголд ирж буй гамшиг болгох. Манай дэлхийн гадрага хөдөлгөөнт хавтангууд дээр тогтдог. Хавтангуудын уулзвар цэг дээр газар хөдөлдөг. Япон гурван ч хавтангийн уулзвар дээр. Хавтангийн гол дээр байдаг Монголын өндөрлөг, Сибирьт тохиолдлын журмаар тун ховор сул хөдлөлт болно. Нью-Йоркт хөдлөхгүй, Сан Францискод дандаа. Англид хөдлөхгүй Италид үргэлж. 1907 оны Говь-Алтайн хөдлөлтийг марцелийн хэмжүүрээр 13 балл байсан гэж таамагладаг. Мацэлийн балл нүдэн баримжаагаар хэмждэг учир дээш хэд ч хүрч магадгүй. Рихтэрийн балл тэмдэглэгдсэнээр 9,2 балл хүрч байсан. Хооронд нь аягүй бол мэдсээр байж хольж танилцуулна. Газар хөдлөлт хэмждэг сүпэр компютэр Улаанбаатарт суулгаснаас болоод урьд мэддэггүй байсан яльгүй хөдлөлтийг мэдэрч тэмдэглэдэг болсон болохоос ардчиллаас болоод ерэн оноос хойш байнга газар хөдөлдөг болсон юм биш л дээ. Ингэж айлгаж байгаад сургуулийн барилгуудын нурааж нэг давхар аймаар бөх сургууль барих хөдөлгөөн үүсэв. Санаачлагчид барилгын компаниуд, дэмжигчид нь улс төрчид ба дагаж намирах сэтгүүлчид, төлбөрийг татвар төлөгчид.

Шинжаанд сургууль төгссөн нэг эр Өвөр Монголоос ирээд Монголд биотехнологи хөгжүүлэхээр санаа шулуудав. Узбек, Вьетнамаас могойн хор оруулж ирж эм хийгээд дэлхий даяар үнэ хүргэж зарах гэнэ. Цаадуул нь өөрснөө тэгэхэд ч яадаг юм? Одоогийг Ерөнхийлөгч тухайн үедээ хууртагдаж их зоос хий үрсэн. Дараа нь засаг төр рүү орж Ерөнхий сайд асан хүн хүртэл арвин зоосны өрөнд орсон. Биотехнологи үйлдвэрлэл нь өнөөдөр 80 хувь нь АНУ-д 10 хувь нь Япон, 10 хувь нь Өрнөд Европт хамаардаг асар өндөр өртөгтэй хайтек. Тэгээд ч могойн хороор эм хийх нь биотехнологи биш, ердийн биохимийн үйлдвэрлэл.

Эмийн наймаа хийдэг хэсэг “эрдэмтэн” Д витамин импортолж зах зээлд борлуулахын тулд эхлээд “судалгаа” хийжээ. Тэдний судалснаар монголчуудын 98 хувь нь Д витамины онц дутагдалд орсон аж. Үхчилгүй өдий хүртэл барилдаад л, ноцолдоод л явж байдаг, юун ч долоон голтой юм билээ? Урьд нь нийтээр йодын дутагдалд орж бамбайтай үхэнгээ алдаж байхад буянтай эрдэмтэд йодтой давс баахан идүүлэв. Оруулж ирсэн йод нь дууссан бололтой тэгэсгээд чимээгүй болсон.

Академийн нэг өвгөн эрдэмтэн хорт хавдар устгасны төлөө төрөөс 100 сая төгрөгөөр шагнуулав даа. Тэрээр сонинд ярилцлага өгөхдөө энэ аугаа нээлтээ гадагш гаргахгүй “зөвхөн монголдоо”. Нэг зовлонтой нь нээлтээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэсэн чинь бас л арвин зоос дутаад буй гэнэ. Мөнгө нь байвал хорт хавдар будаа. Одоо шинжлэх ухаан академи маань засаг мөнгө өгөх юм бол зөвхөн монгол хүнийг эмчилдэг Ковид 19-ийн эсрэг вакцин гаргах гэнэ. Бодвол зөвхөн монголдоо, айн? Зөвхөн “монгол ухаанаар” бүтээсэн алъюу гэсэн аймаар үнэтэй автобусны паянг хэрэв мартчихаагүй бол нийтээр Улаан балаар үзсэн байх. Тэрний дэргэд түрийвч даллаж мөнгөжүүлдэг арга чинь хажууд нь болхи бүдүүлэг эд л дээ. Гэхдээ л зүгээр мөнгөтэй болчих санаатай түрийвч даллагад чихэлдэгсэд чинь ядахнаа 10 төгссөн гарууд шүү. Дотор нь Америкт мастер хамгаалсан залуус хэд хэд сууж байсан даа. Бидэнд 4-р ангид заадаг Түмэн бодисын хичээлийг гурилдаад өнгөрөөсөн юм биш үү? Өдөртөө гэхэд л дараалаад хэд хэд тохиолддог явдлын ердөө зах зухын хэдхэн жишээ шүү. 

Хамгийн “ухаалаг” луйварчид хууль тогтоох байгууллагад бий. Луйвараа хуульчилж чаддаг. 400 сая жуулчин, 2 тэрбумын шавар овоохой… Цааш нь ярих уу байх уу, за за больё. Ер нь тэдний бүгдийнх нь буруу биш. Гол буруу нь нийгмийн сэтгэхүй, боловсрол, ойлголтонд байна. Юунд ч өврөө дэлгээд өгдөг гэнэн гэхэд хаашаа, мунхаг гэхэд хаашаа зах зээл нь байж байхад тэрийг ашиглаж л таараа.

2020.9-13