Өвөр Монголын өөртөө засах улсад БНХАУ-ын Коммунист намын төв хорооны хэлний бодлогыг эсэргүүцэгчид тэмцэлээ  үргэлжлүүлсээр буй. Тэдний тэмцлийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ихээхэн дэмжиж, уриалга хүртэл гаргасан. 

Хамгийн сүүлд гэхэд л “Эднээс өршөөл, энэрэл хүлээх хэрэггүй. Монгол гэсэн бүхний эсрэг үйлдэж буй гэмт хэрэг бүрийг баримтжуулж илчлэх нь цор ганц зөв зам. Хүн төрөлхтөнд жигшигдэхээс, гэмт үйлдэл нь илчлэгдэхээс л эд айна. Тэмцэл, эв санааны нэгдэл, бие биенээ дэмжих нь бүх Монголчуудын аврал” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүний дээрх үйлдлүүдэд БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй нэлээн эгдүүцсэн бололтой.  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг "хоёр нүүртэн" хэмээн буруутгасан.  

Тодруулбал Элчин сайд Цай Вэньруй Өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа  "Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүн эсэргүүцэж байна. Тэр хүн Өмнөд Монгол бол хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдэг байсан. Албан тушаалаасаа буугаад хоёр нүүртэн болж байна. Буруу ойлголт тарааж байгаад туйлын харамсаж байна" гэсэн юм.

Тэгвэл үүний хариуд Ц.Элбэгдорж “Монгол хэл, бичгээ сурах эрхээ Монгол хүн эдлэе л гэж байгаа. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэн ч хөндөөгүй. Бас юун нүүрс, юань вэ? Үндэсний хэл бичгээ сурах эрхээ хасуулахыг нэг ч Монгол хүн тэвчихгүй. Си дарга нь хараад юу гэх бол? Миний хувьд бол - Persona Non Grata” хэмээн мэдэгджээ.