Баянзүрх дүүрэгт хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар нас барсан 9 настай талийгаач охины хэргийн талаар өнөөдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Ж.АЗЖАРГАЛ: “Хүүхдийг эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдолд иргэн бүр заавал мэдээлэх үүрэгтэй байдаг. Баянзүрх дүүрэгт есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Тус дүүргийн хэлтэс дээр талийгаач хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд одоо холбогдох бүх байгууллага, мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулах ажил хийгдэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Тэр болгонд тайлбар өгөх боломжгүй. Одоогоор тодруулж байна.

Улсын хэмжээнд 19 түр хамгаалах байр ажиллаж байгаа. Энэ он гарсаар 1248 хүүхэд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ авсан. Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн зөрчил нэмэгдсэн. Хүүхдийн  тусламжийн 108 тусгай утсанд хандсан дуудлага, мэдээлэл 4000-аар өсч, түр хамгаалах байраар үйлчилсэн хүүхдийн тоо 200 гаруй хүүхдээр өссөн үзүүлэлттэй байгаа.

Гэвч харамсалтайгаар амь насаа алдсан есөн настай охины талаар холбогдох байгууллагуудад мэдээлээгүй байсан. Талийгаач охин өмнө нь 2019 оны арваннэгдүгээр сард алга болж байсан тухай дуудлага ирж байсан юм билээ. Гэр бүлээс нь хоёр цагийн дараа эцэг эхээс нь дахин мэдээлэл ирж "Хүүхэд маань хөдөө байгаа эмээтэйгээ утсаар ярихаар гарсан байсан байна" гэх мэдээллийг өгч байсан.

Хамтарсан баг анхан шатанд тухайн хороо өрхийнхөө судалгаа мэдээллийг гаргаж, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлсэн тохиолдолд 72 цагийн арга хэмжээ авах ёстой. Өнгөрсөн зургадугаар сард ГССҮТ-д тоглож байгаад гэмтсэн мэдээлэл ирсэн. Баянзүрх дүүргийн мэргэжилтнүүд баг гарч, ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой. Урьдчилсан мэдээллээр талийгаач охин 12 настай эгч нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр настай дүүтэй, ээж нь жирэмсэн гэх мэдээллийг ирүүлсэн” гэв.