Монголыг дахин нэгтгэсэн хүн бол Даян хаан Батмөнх* юм. Тэрээр Монголын түүхэнд хамгийн олон жил (1470-1504) хаан ширээнд суусан хүний нэг. Түүний өмнө хаан байсан Мандуул* ширээ залгамжлах хүүгүй нас барахад 33 настай бага хатан Мандухай* 7 настай Батмөнхтэй сууж түүний нэрээр улсыг захиран, ойрдуудыг цохиж Монгол гүрнийг нэгтгэж чадсан байна.

Улсыг нэгтгэсэн ухаант бүсгүй Мандухай сэцэн хатан монголчуудын дунд Жанна дэ Арк* (Jeanne d'Arc) лугаа адил үлгэр домог болон үлджээ. 

 

Эсэн тайш Монголын хаадын удмыг таслахдаа Тайсун* хааны дүү Агваржин, түүний хүү Хархүчүг нарыг ч хороожээ. Хархүчүг жононгийн төрсөн үр нь Баянмөнх жонон* юм. 1487 онд эцэг Баянмөнхийг нас барсны дараа бага насны Батмөнхийг сууринд суулгаж Даян хаан хэмээх цолыг хүртээв. “Даян” гэдэг нь “да юань” буюу их юань гэсэн үгийн монголчлогдсон дуудлага.[i] Даян хаан Батмөнх бол Чингис хааны XV үеийн шууд удам юм.

 

Даян хаан Мандухай нараас долоон хүүхэд, хааны бусад эхнэрээс дөрвөн хүүхэд төржээ. Даян хаан Монголыг дахин нэгтгэсэн тул аймаг, овгийн тэргүүн нар хөвүүдийг нь хүргэн болгож авсаар Хубилайн удмынхны тасарсан цэг дахин сэргэж, Чингис хааны үр удам Монгол нутгаар дүүрэв. Өнөөгийн шинэ монгол үндэстэн ингэж үүссэн бололтой. Шинэ Монгол нь түмэн өрх бүхий зургаан том аймгаас бүрдэнэ. “Түмэн өрх” гэдэг нь 10 мянган цэрэг гаргаж чадах нийтлэг гэсэн утгатай байсан авч яваандаа овог, аймгийн нэгдлийн нэгж болон хувирчээ. Энэ үеэс “Зургаан түмэн Монгол” гэсэн нэршил буй болсон юм. Зургаан түмнийг “баруун гурван түмэн”, “зүүн гурван түмэн” гэж хоёр хуваана. Зүүн гурван түмнийг цахар, халх, урианхай гэсэн гурван түмэн бүрдүүлнэ.[ii] 

Даян хааны үхсэний дараа хаан ширээний төлөөх тэмцэл хурцдан, аравхан жилийн дотор 5 хүн хаан болж, нэгдсэн төр эгшин зуур сулран ганхлаа. Даян хааны отгон хүү Гэрсэнзэд* уугуул Монголын төв хэсэг ногдсон ба үүнийг халх гэнэ. Халх гэж юу гэсэн утгатай нь бүрэн тод болоогүй ч ихэнх эрдэмтэн “халхлах” гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Халх голын нэрнээс үүдэлтэй гэдэг нь л үнэн байх. Түүнийг үхсэний дараа хатан нь Халхыг 7 хөвгүүндээ хувааж өгснөөр халхын 7 хошуу гэгч анх үүсчээ. Халхыг дотор нь баруун гар, зүүн гар гэж бас хувааж байсны барууныг нь ахмад хөвүүн Ашихай*, зүүнийг нь гутгаар хөвүүн Ноонох* захирна. Ноонохын хүү Абтай Төвдийн Далай ламаас хан цол авч Түшээт хан гэж биеэ өргөмжлөв. Энэ нь их хаан биш боловч биеэ даасан ханлигтай гэсэн санаа юм. Тэгэхээр Гэрсэнзийн 5 дугаар хөвүүн Аминдуралын ач хүү Шолой* түүнээс дутахгүйн тулд өөрийгөө Сэцэн хан гэж нэрлэв. Ашихайн ач хүү Луйхур мөн л өөрийгөө хүндэтгэн үздэг хүн байсан тул бас л хан гэсэн сэтэртэй болсон ба энэ нь удахгүй Засагт хан нэртэй болвой. Ийнхүү Халхад бараг нэгэн зэрэг гурван хан төрлөө. Өнөөгийн Өвөр Монгол мөн л тэр үед биендээ үл захирагдах Хорчин, Ордос, Түмэд, Цахар гэсэн ханлигаас бүрдэнэ. Энэ бүхний бүгдийг нь нийлүүлсэн нийт Зүүн Монголыг зургаан түмэн гэж нэрлэдэг байсан ажгуу. Түмэн гэдэг нь улс гэсэн утгатай. Баруун Монголын дөрвөн түмэн ойрд зүүн Монголоос ялгагдах юм байхгүй, мөн л бие даасан том толгой ноёдын хооронд хуваагдсан аж. Монголын нэрт түүхч Саган сэцэн энэ үеийн тухай бичихдээ:

Таван зуун цөвийн цаг ойр болсны тул их улсад тархаж суусан Даян хааны үр, хаадын ургууд ба ханлигуудын эх улсад төрөөс этгээд үйл явдал олон болсонд тайван төрөөр эрхэндээ оруулж ядаад, үлгэрлэвээс эртний хуучин үлгэрт хаан хилэгнэвээс төр юугаа эвдэнэ, заан хилэгнэвээс хот юугаа эвдэнэ гэсэн мэт …[iii]

Үүнээс үзэх ахул тэр үеийн Монгол юутай ч тайван аргаар нэгдэх бололцоогүй болсон байжээ. Ер нь ч Монголчууд тайван аргаар нэгддэг гэж үү! Хүчээр нэгтгэх гэхээр үүнийг гүйцэтгэх хүчтэй хүн үгүй байлаа. 

Ойрдууд Монгол дахь Чингисийн удмыг тасалснаар Тогоонтөмөрөөс хойших угийн бичиг балран устжээ. Өдгөө үлдсэн халхчуудын угийн бичиг гагцхүү Даян хааны үеэс эхэлдэг. Иймээс ч энэ үеэс хойшихыг “шинэ монголчууд” гэж түүхчид нэрших болжээ.

Зүүн гарын гурван түмэн дотор Даян хааныг нас барсны дараа үймээн гарлаа. Эдэн дундаа хамгийн баруун талд нь байрлах урианхайчууд самуун үүсгэв. Урианхайчууд угаас Далай нуур хавиар байсан ба тэндээс Зэв*, Сүвээдэй зэрэг дэлхийд нэр нь гарсан суут жанжингууд төрсөн юм. 1538 онд Халх нь Урианхайд довтолж газар нутгийг нь хэсэглэн хуваав. Урианхайчууд зугтаж Алтайн нуруунд очсон бол Хэнтийн нуруунд байршиж байсан халхчууд нутгаа өргөтгөн Хангайн нурууг эзэмших болсноор өнөөгийн Монгол улсын төрх тогтсон ажгуу. 

 

* Батмөнх, Даян хаан (1464-1517/1543)Юань улс мөхөсний дараах монголчуудыг анх удаа нэгтгэсэн хаан

 

* Мандуул (1438-1478) Монголын хаан (1475-1478)

 

* Мандухай хатан (1449-1510/1526) Даян хаан Батмөнхийн удирдлага дор монголчуудыг анх удаа нэгтгэж чадсан хатан

 

* Жанна лө Арк (1412-1431) Францын үндэсний баатар эмэгтэй.

 

* Тайсун (1426-1453) Тогтобух, Тогтохбуга ч гэдэг. Монголын хаан (1433-1453)

 

* Баянмөнх (1452-1479) Жонон. Даян хаан Батмөнхийн эцэг

 

* Гэрсэнз (1513-1549) Жалайр хун тайж, Даян хааны отгон хүү, Халхын анхны удирдагч. 

 

* Ашихай (1530-?) Гэрсэнзийн ууган хүү,

 

* Ноонох (1534-?) Онухай ч гэдэг. Гэрсэнзийн гутгаар хөвүүн

 

* Шолой (1577-1652) Анхны Сэцэн хан.

 

* Зэв (?-1223) Чингисийн цэргийн алдартай жанжны нэг, цэргийн стратенич.

 

[i] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х- 112 [Miyawaki Junko Last Empire of nomads]

 

[ii] Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х- 113 [Miyawaki Junko Last Empire of nomads]

 

[iii] Саган сэцэн. Тэнгэрээс заяагаар үүдсэн хаадын алтан ургийн цагаан түүх нэрт эрдэнийн товч (түүхч С.Идшинноровын кирилл үсгэнд буулгасан гар бичмэл, хувийнх нь цуглуулга) [Sagan Setsen An account of the lofty history of the Golden Clan of Heaven-Ordained Khans]