Сүүлийн үед архидалтаас үүдэлтэй хэд хэдэн хэрэг гарав. Тухайлбал, БЗД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “цээжиндээ хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээллийг 10-р сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллага хүлээн авч, хэргийн газар шуурхай очиж шалгахад, эрэгтэй, 42 настай Б гэгч нь согтуурсан үедээ эрэгтэй, 26 настай Н гэгчийнг хутгалж амь насыг нь хохироогоод хэргийн газраас оргон зайлсныг эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч З.Ядамсүрэн, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Сэрчиндоо нар шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Гуравдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн энэ өдөр БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “нийтийн байранд зодоон болоод байна” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, хэргийн газар шуурхай очиж шалгахад, эрэгтэй, 52 настай “М” гэгчийг, 26-43 насны эрэгтэй, эмэгтэй Х, А,Б, М нар нь согтуурсан үедээ бүлэглэн зодож гэмтэл учруулан амь насыг хохироож зугтаасан хэргийг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Ундрахбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Чинзориг нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон, хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Архидалт ахуйн хүрээнд хавтгайрч байгаад иргэд та бүхэн дор бүрнээ анзаарч, анхаарал сэрэмжтэй байж, архи, согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзаж, хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлж байна.

Монгол Улсын их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийг /шинэчилсэн найруулга/ баталж, 10 дугаар бүлэгт Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн байдаг.

Тухайлбал, 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Хүнийг: 2.1.онц харгис хэрцгийгээр; 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар; 2.3.захиалгаар; 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор; 2.6.хоёр, түүнээс олон хүнийг; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж; 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг; 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад; 2.11.бүлэглэж; 2.12.эрүүдэн шүүж; 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор; 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ. Тайлбар: -Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.