Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 04 сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын “Хөрөнгө оруулалтын ажлын хяналтыг сайжруулах тухай” 2014 оны А/143 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулж, хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга авто зам, барилга байгууламжийн ажил нь дутуу, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг холбогдох байгууллагуудаас нэгтгэн авч, нийтэд зарлуулахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон. Мөн тухайн чанаргүй барилга, байгууламж, замын ажлыг хүлээн авсан Үнэлгээний хорооны гишүүд тухайн үед эрхэлж байсан албан тушаалаар нь олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн.
Нийслэлийн Засаг даргын дээрх үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын Нийгмийн, хөгжлийн хэлтсийн орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг чанаргүй ажил хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг гаргажээ. Ажлын хэсгийн эхний ээлжийн нэгтгэсэн мэдээллээр дараахь долоон аж ахуйн нэгжийг Сангийн яамны тендерийн хар жагсаалтад бүртгүүлэх  саналыг тус яамд хүргүүлэхээр болсон байна. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг олон нийтэд ил болголоо.

Хар дансанд орсон байгууллагын нэрсийг дурьдвал:

  1. "Нэмүт" ХХК
  2. "Мот металл "ХХК
  3. "Асати Монгол" ХХК
  4. "Номгон Хайрхан "ХХК
  5. "Товуу засаг " ХХК
  6. "Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг" ХХК
  7. "Монгол асфальт" ХХК

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналаар тус ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт чанаргүй баригдсан барилга байгууламж, замын ажлын талаарх мэдээллийг нэгтгэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.