Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын Бага Хурлын гишүүн, "Хурд" группийн хувь нийлүүлэгч Б.Чойжилсүрэн энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН-ынхаа эсрэг зохион байгуулалттай ажиллаж буй ажээ.

Тодруулбал Увс аймгийн ИТХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын нэр дэвшигчдийн саналыг хуваах зорилготой хүмүүсийг бие даан нэр дэвшүүлэн, санхүүжүүлж буй болохыг Увс аймгийн МАН-ын хороо тодотгон, түүнд хандан шаардлага хүргүүлжээ.

Уг шаардлагад “Увс аймгийн МАН дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагууд гишүүдээрээ хэлэлцүүлэн аймгийн ИТХ-ын сонгуульд 41 нэр дэвшигчдээ тодруулан ажиллаж байна.

Таны зохион байгуулж санхүүжүүлж бие даалган өрсөлдүүлж байгаа 10 гаруй нэр дэвшигч (МАН-ын гишүүн ) нь тухайн тойрог бүр дээрээ намаас нэр дэвшигчдийн саналыг хувааж, улмаар ялагдалд хүргэх ноцтой, хортой үр дагаварт хүрэх нөхцөл бүрдээд байна. Эдгээр бие даан нэр дэвшсэн 10 гаруй намын гишүүн нь МАН-ын дүрмийн 6.5.1 дэх заалтыг зөрчиж байгаа тул намын дүрмийн дагуу намаас гарсанд тооцож байна.

Таны энэ үйлдэл нь намын дотоод эв нэгдлийг алдагдуулж, гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил урам зоригийг мохоож байгаад Увс аймгийн МАН-ын гишүүд гүнээ харамсаж байна. 2008 оноос хойш Хурд компанийн захирал Д.Цогтоо, П.Нямдаваа нар Увс аймгийн 2020 оны ИТХ-д бие даан нэр дэвшигчдийг дэмжин ажиллаж байна. П.Нямдаваа төрсөн эгч П.Алтанчимэгийг 16 дугаар тойрогт, хүргэн ах МАН-ын гишүүн Ч.Батцэндийг 8 дугаар тойрогт нэр дэвшүүлж мөн бусад тойрогт 10 гаруй МАН-ын гишүүн, бие даагч нарыг дэмжиж санхүүжүүлж ажиллаж байна. Иймд таныг МАН-ын үндсэн дүрмийн 4.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцуулахаар мэдэгдэж УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүртэл тэмцэл өрнүүлэхээ мэдэгдье” гэсэн байна.Мөн түүнийг 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах ажиллагааг удирдалцаж, санхүүжүүлсэн гэх яриа улс төрийн хүрээнд байдаг.

Э.Мягмар

сонин.мн