Утааны улирал дуусаасай тийм ээ, Н.Алтанхуяг сайд аа. Нүд, хоолой хорсгосон нүүрсний утаа хэзээ хэзээнээсээ байсан ч энэ өвлийн тухайд өндөр авч дөрвөн уулын дундаас хальжээ.

Тогооноосоо хальсан утааны угшил нь таны бизнесийг нь дэмжихээр гараа өргөж “за” гэж хэлсэн Д.Зоригтын өндөр хувь эзэмшлийн Багануурын нүүрсний уурхайн амсараас эхэлсэн. Хэдийгээр тус компанийн 75 хувийг төр эзэмшдэг ч үлдсэн 25 хувь нь ямар нөхдийн мэдэлд байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй ч 14 хувийг нь “Монгол алт” компани эзэмшдэг, үлдсэн хувь хэмжээнээс нь Д.Зоригт эзэмшдэг гэдгийг танай “гал тогооныхон” хэлдэг.  Иргэдээ дулаан өвөлжүүлэх гэсэн зайлшгүй шаардлагатай таны Д.Зоргигтыг дэмжих гэсэн санаа сайхан давхацаж Шинэчлэлийн Засгийн газрын буянаар Багануурын нэг тонн нүүрс 80 мянган төгрөг рүү бууж гэр хорооллынхон 40 кг-ын шуудай нүүрсийг 3000 төгрөгөөр авдаг болсон сайхан мэдээ таны нэрээр гоёсон. Аргагүй шүү дээ, өмнө нь Зил-130 машин нүүрсийг 1.2 сая төгрөгөөс буулгахгүй хэмээн гүрийж байсан ченжүүдээс ялгарч арай өөр боломж иргэдэд төр нь олгож байгааг харуулсан нь Шинэчлэлийн дээлээр гоёсон Засаг ядруухан иргэдэд ихээхэн гоё харагдсан ажил болов. Өнгөцхөн харвал сайдын сайхан инээдээр бүх зүйл ок болж байгаа мэт болов ч бас үгүй байна. Хямд нүүрсээр бамбай хийсэн утааны бизнес олон олон олигархиудын халаасыг түнтийлгэх сайхан санаа боллоо. Санаанд хүрэхгүй байна, энэ бүхэн.

Учир нь хамгийн муу нүүрс гардаг амыг “од” болгож нийслэлийг угаартуулж иргэдийг уушгигүй болгох эхлэл энэ өвөл ихээхэн далайцтай, туйлын том хүрээтэй болж тэлэв. Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 40 хувийг хангаж, иргэдийг гэрэл, дуулаантай байлгахын шийддэг тус уурхай 599.8 сая га тонн нүүрсний нөөцтэй.  Тус уурхай 2012 онд 3 сая 300 мянган тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөснөөс 3 сая 541.6 мянган тонн нүүрс олборлон борлуулсан бол  энэ онд 3 сая 500 мянган тонн нүүрс олборлож борлуулахаар төлөвлөөд байгаа аж.

Зутруухан төрийн ядруухан иргэдийн амьдралаар түшиц газраа хийсэн эрх мэдэлтнүүдийн эрх ямба утааг улам бүр дэвэргэж орхилоо. Утаа дагасан дээдэсчүүдийн наймаа ханцуйн дотроо өрнөсөөр Багануурын уурхайг баллуурдчих вий дээ.

 М.МӨНХ