Эмнэлэг, сургуулийн сүлжээ тогтоц бий болж эхлэхэд зам харилцаа гээч юм байхгүй, Чингис, Өгөөдэй нарын байгуулж өгсөн морин өртөөгөө долоон зууны турш хэвээр нь хадгалсан Монголын засаг захиргааны хуучин нэгж тогтоц саад болж эхэллээ.

Нөгөөтэйгүүр Монголын түүхий эдийн зах зээлд дангаар ноёлсон СССР улс түүхий эдээ үр дүнтэй цуглуулахын тулд засаг захиргааны нэгжийг өөрсдөдөө ойлгомжтой хялбар бүтэцтэй болгох шаардлагатай болжээ. Мөн бүх орон даяар буй болгож эхэлж буй нууц цагдаагийн сүлжээ ч мэдээлэл хурдан ирдэг, тардаг бүтцийг шаардаж байлаа. Ийнхүү бэлчээрийн мал аж ахуйд зохицож говь, хангайг хосолсон умраас өмнө зүг чиглэлтэй засаг захиргааны нэгжийг 1931 оны эхээр өөрчиллөө. Сүүлчийн 400 гаруй жилд тогтож ирсэн энэхүү нэгжийг Чин династийнхан солиогүй ба 1920-иод оны эхээр зөвхөн нэрийг нь л өөрчилжээ.

1923 онд Сэцэнханыг Хан Хэнтий уулын аймаг, Түшээт ханыг Богд хан уулын аймаг, Сайнноён ханыг Цэцэрлэгмандал уулын аймаг, Засагтханыг Хантайшир уулын аймаг, Ховдын хязгаар ба Дөрвөдийн хоёр аймгийг нийлүүлэн Чандмань уулын аймаг хэмээн таван аймаг болгон нэрийг нь сольсон байна. Хошуудын нэрийг тухай тухайн газрын уул усны нэрээр сольжээ. 1930 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Ховд, Дөрвөд, Завхан, Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Дэлгэрхан-Уул, Төв, Өмнөговь, Хэнтий, Дорнод гэсэн 13 аймаг болгосноос гадна хошуу захиргаа гэдэг нэгжийг устгаж 324 сум байгуулжээ. Энэ шинэчлэлийн дагуу аймаг, сумын хил, хүн амыг хувааж, захиргаа байгуулах нүсэр ажил жил гаруй үргэлжлэв.

ХХ зуунаас ердөө 30-70 жилийн өмнө л Дунд Азийг Хаант Орос эзэлж өөртөө нэгтгэсэн юм. Большевикууд түрэг болон перс овгийн хэлтэй, янз бүрийн урт удаан түүхтэй, голдуу лал шашинтай боловч дотроо ялгаатай, үндэсний онцлог, зан заншил, уламжлал нь шал өөр дунд азийн орнуудын засаг захиргааны шинэчилсэн хуваарь хийх гэж ёстой бантанг нь хутгав. Шинэ колони орнууд учир үүх түүх болон онцлогийг нь мэдэх ч үгүй, мэдсэн ч огт хүндэтгэсэнгүй. Тэр байтугай үндэстнүүдийн нэрийг ч зөв тогтоолгүй өөрсдийн сонссоноор албан ёсоор нэрлэж байлаа. Хасаг үндэстэнг Киргиз-кайсак, хиргисүүдийг Хар Киргиз, хакасчуудыг Киргиз гэж албан ёсоор нэрлэх жишээтэй. Ямар сайндаа бүр хожим Алма Атад айлчлан ирсэн Хрущёв “баатарлаг узбекчүүдэд” мэнд дэвшүүлэн баяр хүргэж байхав дээ. Үндэс угсаа нь огт хамаа байхгүй ууланд суудаг хүмүүсийг нийлүүлэн Киргизстанд нийлүүлж байв. Өнөөгийн Казакстаныг 1920 онд Киргиз, 1925 онд Казах, 1936 онд Казак гэж албан ёсоор нэрлэж байв. Хасагуудтай нэн ойр төрөл Каракалпакийг 1930 онд хаа хамаагүй Узбекстанд нийлүүлжээ. Дэлхийн хамгийн ууган хотын нэг Ош (Osh) одоо ч Киргизстанд хамаардаг нь хиргис, узбек нарын үндэстэн хоорондын дайсагналцлын сэжим болсоор. Бухар Самаркандыг тойрсон үндэстэн болгоны хольцыг Узбекстан, Тажикстан, Туркменстанд дур зоргоороо хуваан тараагаад өгчихжээ. 

Өнгөц харахад түүх уламжлалаараа хоорондоо таардаггүй үндэстнүүдийг хольж хуваасан нь большевикуудын мэдэхгүй тэнэгийнх биш байх. Олон үеэрээ дайсагналцаж байсан зэргэлдээ үндэстнүүд ямар ч интернациональч үзэл сурталд автахгүйгээр цаашид ч хорсол занал нь олон арван жил үргэлжлэх болно. Үүнийг зохицуулах ганц төв нь Москва байх болно. Нэг үгэндээ талцуулж байгаад захир! Өдгөө ч Азербайжан, Армян хоёрыг ганцхан Москва л зохицуулж чадна, иймээс энэ хоёр үндэстэн үргэлж Оросоос л хамаарч байх болно. Казакстан ба Монгол улс, Уулын Алтай муж ба Монгол улсын дундуур Орос улсын 50-70 км нутаг шурган заагласан байдаг. Мөн Буриад-Монголын бүгд найрамдах улсыг хоорондоо хиллэдэггүй гурван хэсэгт хувааж завсраар нь Холбоот Оросын газар нутаг заагласан аж.

1930-аад оны үед СССР-т болсон засаг захиргааны шинэчилсэн хуваарилалт хэмээх дур зоргын юм шиг мөртөө цаагуураа сайтар бодсон кампанит ажилд БНМАУ өртөв. 

Угсаатан, ястан, уламжлал зан заншил, нутаг орныг заагласан газар зүй зэргийг ёстой авч хэлэлцсэнгүй. Хөвсгөл аймаг гэхэд баруун тал нь Засагтханы хотгойдууд, өмнө тал нь Сайнноёны Далайчойнхор хошууны хойд хэсэг, баруун хойд тал нь дархадууд, зүүн хойд тал нь хуучны хөвсгөл урианхайчууд, хойд хязгаар нь түрэг угсааны цаатангууд, мөн Түнхэнээс ирсэн буриадууд. Завхан аймаг ч гэсэн бас нэг ийм хольмог хуурга.    

Гэтэл зарим газар улстөрийн шинжтэй түүхэн явцыг сүрхий ажигласан байдаг. Хотгойдууд Дөрвөн Ойрдод хамаарч байсан халхжсан ойрдууд юм. Амарсанаа, Чингүнжавын бослого дарагдсаны дараа улам зүүншлэн газар булаах болсон хотгойдуудыг хаахын тулд Халхаас эхний ээлжинд 50 тайж язгууртнуудыг нутаг сэлгүүлэн Хангайн нурууны өндөрлөгт суулгажээ. Энд тайж, сурвалжит угсаатнууд нэмж ирж суурьшсаар Далайчойнхор вангийн хошуу хэмээх Халхын хамгийн том хошууны нэг үүссэн байна. Энэ нь Халхын сурвалжтанууд, оюуны удирдагч нарын төвлөрөл элит бүрэлдэхүүн болсон юм. 1930 оны засаг захиргааны шинэчлэлээр Далайчойнхорын хойд хэсгийг Хөвсгөлд, өмнө хэсгийг Архангайд, баруун хэсгийн Завхан аймагт хуваав. Хоёр жилийн дараа болсон ардын бослого, иргэний дайны төв нь энэхүү гурван аймагт хуваагдсан далайчойнхорынхон байсан.

Хожим нь Завханы урд хэснээс Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсгээс Дундговь, Төв аймгийн хойд хэсгээс Сэлэнгэ, Дорнод, Хэнтийн дундаас Сүхбаатар гэх зэрэг шинэ аймгууд үүссэн. Мөн Шиньжааны Алтай аймгийн хасагууд Оспаны самуунаас болж дүрвэн хуучны Урианхайн долоон хушуунд олноор нүүдэллэн ирж суурьшсан тул Ховд аймгийн баруун хэсэгт урианхай-хасагийн тусгай аймаг Баян-Өлгийг шинээр байгуулжээ. 

Жараад оны үед сумд маш хурдтай үржсэн нь нэгдэлжих хөдөлгөөнөөс болжээ. Олон сумдад зэрэг зэрэг хэд хэдэн нэгдэл байгуулагдахад тэр тоогоор нь нэг сумыг хэд хэд хуваан хэсэглэв. 5-6 хуваагдан тэр тоогоор шинэ сумд үүсгэсэн сум ч бий. Сумаа цааш нь жижиглэн багууд үүсгэсэнийг 1990 он хүртэл бригад гэж нэрлэж байв. Цөөн хэдхэнийг эс тооцвол бригад нь хэн ч амьдардаггүй ганц нэг хоосон байшинтай эзгүй газар. Бригадын тоо хэдийнээ мянга давсан.

 

Шинээр сум тэр байтугай аймаг байгуулах нэг бас нэг шалтгаан нь сангийн аж ахуй байлаа. Сангийн аж ахуйг эхэндээ газар тариалан түшиглэх нэрээр байгуулж байсан авч сүүлдээ хадлан тэжээл, малын онцлог, шинэ үүлдрийн мал, сортын ургамал гэх мэтээр шалтаглан хамаагаа алдсан.

Ийнхүү шавийг оруулаад 1930 он хүртэл засаг захиргааны 125 нэгжээс бүрдэж байсан Гадаад Монгол 70 жилийн дараа багийг тооцохгүйгээр 350 шахам нэгж, багаа оруулж тооцвол бараг 1500 нэгжид хуваагджээ.

 

 

Баабар