Монголын хип хоп хамтлагуудын анхдагчийн нэг бол яах арга үгүй Lumino хамтлаг билээ. Анх гарч ирэхдээ "Бүтэлгүй хайр", "Өвөл" зэрэг дуугаар залуусыг байлдан дагуулж байсан тэд одоо аль хэдийнэ намба суусан хип хопууд болжээ.

Тус хамтлагийнхан 13 жилийн дараа анх удаа тайзан дээр ТАВУУЛАА гарч ирсэн бөгөөд өчигдөр орой УБ паласын их танхимд болсон IceTop хамтлагийн гишүүн Хатанбаатар буюу Хаагийд сэтгэлийн дэм хайрласан Халуун Сэтгэл тоглолтын тайзнаа ийнхүү гарч ирсэн билээ. Сүүлийн хэдэн жил тэднийг ийнхүү анхны бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч ирэхийг хараагүй үзэгчдийн сэтгэл ихээхэн догдолж, бүүр тоглолтыг хөтлөж байсан ТВ коктейль хамтлагийн Цоомоо хүртэл хамтдаа тайзнаа гарсан байв.

Одоо тус хамтлаг МС, Баажий, Анхаа гэсэн 3 гишүүнтэй байгаа. Харин өчигдөр хуучны гишүүд болох Хөлөгөө, Чинзо нар хамт анхны хит дууны нэг "Бүтэлгүй хайр"-аа аялаад авав.

Ямартаа ч Монголд хип хоп хөгжим хүчээ авахад нэлээд хувь нэмэр оруулсан Lumino хамтлаг 13 жилийн дараа ингэж нэг тайзнаа гарсан бол тэд харин 13 жилийн өмнө буюу 2000 оны 5-р сарын 21-нд Сүхбаатарын талбайд Люмино хамтлаг байсан энэхүү зургаар харьцуулалт хийгээрэй.