Эдийн засагч, доктор Ч.Хашчулуунтай 2021 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийн төслийн ерөнхий төлөвт ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

-2020 оны төсвийг өнгөрсөн жил батлахдаа сонгуулийн шинж чанартай арга хэмжээнүүд багтсан. Хоёрдугаарт, ковид гарна гэсэн төсөөлөл байгаагүй учир энэ жил төсвийн алдагдал өндөр байх нь гарцаагүй болсон. Иймд ирэх оны төсвийг хувиар нь тооцвол алдагдлыг багасгаж байгаа нь харагдаж байна. Энэ нь зөв. Гэхдээ төсвийн алдагдлыг(ДНБ-тэй харьцуулсан)5 хувьтай баталлаа гээд амьдрал дээр заавал ийм байх албагүй. Эдийн засгийн байдал бодсоноос сайжрах юм бол төсвийн орлого төлөвлөснөөс өснө. Тиймээс алдагдал хэт санаа зовоох асуудал биш болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол Улсад эдийн засгийн өсөлтийг дэмжих хоёр том бодлого байдаг. Мөнгөний болон сангийн бодлого юм. Мөнгөний бодлогын хүүг бууруулж эдийн засагт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар өсөлтийг дэмждэг. Өнгөрсөн саруудын статистик дүнг харахад мөнгөний нийлүүлэлт өссөн дүнтэй гарсан байна. Мөн бодлогын хүүг 8 хувь хүртэл бууруулсан. Түүнчлэн, бусад төрлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх дахин санхүүжилтийн журмын өөрчлөлт хийгдсэн. Үүнийг аваад үзвэл мөнгөний бодлого талаас эдийн засгийн өсөлтийг дэмжих арга хэмжээ авагдаж байна.

Сангийн бодлого гэдэг нь төсвийн орлого, зарлагаар эдийн засгийн өсөлтийг дэмжихийг хэлж байгаа юм. Ирэх жилийн хувьд эдийн засгийн өсөлтийг дэмжих хоёр том арга хэмжээ орчихсон байна. Нэгдүгээрт, ирэх жил нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээгээр бууруулах бодлого барих аж. Хоёрдугаарт, төсвийн зарлагыг нэмэх замаар эдийн засгийг дэмжих зүйл харагдаж байна. Энэ нь улсын хөрөнгө оруулалт, хүүхдийн мөнгө буюу өрхүүдийн санхүүжилтээр дамжиж хэрэгжинэ. Ер нь хүүхдийн мөнгө бол эдийн засагт төдийлөн сайн зүйл биш. Төсвийн зарлагыг ихээхэн өсгөдөг, инфляцийг нэмэгдүүлдэг сул талтай. Нийгмийн талаасаа авч үзвэл манайх шиг ядуу буурай орны хувьд олон хүүхэдтэй айлд бодитой дэмжлэг болж очиж байгааг үгүйсгэж болохгүй. Тийм учраас тэнцвэрийг зөв олох хэрэгтэй. Төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг (сарын 100.000 төгрөг) эхний хагас жил хүртэл олгоно гэж тусгасан байгаа.

Нөгөө талаас улсын хөрөнгө оруулалт ихээхэн хувиар нэмэгдэж байна. Ялангуяа, дэд бүтэц, сургууль, боловсрол, эрүүл мэндийн салбарт өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлж байгаа нь харагдаж байна. Энэ бол сангийн бодлогын бодит хэрэгжилт мөн. Тэгэхээр Монгол Улс эдийн засгийн хямралаас гарахын тулд мөнгөний болон сангийн бодлогоо тэлэх алхам хэрэгжүүлж байна.

-Уул уурхайн орлогыг хэт өндрөөр, өөдрөг төсөөлсөн байна гэж шүүмжилж байна. Ирэх жил 42 сая тонн нүүрс экспортолж чадах уу. Хил гаалийн шинэчлэлээ дорвитой явуулж байж энэ зорилтыг хангах байх?

-Эдийн засагчид орлого яах аргагүй өндөр буюу их өөдрөг байна гэж анхааруулж байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн баяжмалын үнэ сүүлийн саруудад гайгүй өсч байна. Тэгэхээр Засгийн газрын төсөөллийг огт үндэслэлгүй хэлж болохгүй байх. Тоо хэмжээний хувьд өөдрөг байгаа нь үнэн. Хилийн гарцуудаа сайжруулах хэд хэдэн ажил хийгдэж байна. Зарим нь удаашралтай байгаа. Бид 42 сая тоннд хүрэх үү гэвэл, эдийн засаг өсөөд, Хятадын худалдан авалт сайн байвал энэ тоонд дөхөх байх. Шууд 42 сая тонн гэж хэлэхэд хэцүү. Энэ жилийн хувьд тасралт их. Хилээр гарахад асуудал их байлаа. Ийм асуудал ирэх онд байхгүй гэж үзсэн тохиолдолд орлогыг бүрдүүлж чадах болов уу гэж найдаж байна. Ер нь төсөвт тоо баримжаа бодит байдал руу дөхүү байх нь чухал. Хэт өөдрөгөөр төсөөлөх нь сайн биш.

Таны хэлсэнчлэн, хилийн гарцуудаа сайжруулах хэрэгтэй. Үүнээс гадна Таван толгой-Зүүнбаян руу төмөр замын ажил идэвхтэй явж байна. Үүнд огт анзаарахгүй байгаа нэг зүйл нь Замын-Үүдийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихээд байна. Өмнө нь Замын-Үүдээр их хэмжээний нүүрс гаргана гэсэн тооцоо байгаагүй. Хэрэв Зүүнбаян хүртэл төмөр зам татаад тэрүүгээр нүүрсийг урагш зах зээл рүү нийлүүлэх юм бол Замын–Үүдийн асуудал хурцаар тавигдана. Замын-Үүдээр өнгөрсөн жилүүдэд төмрийн хүдэр экспортлоход маш хэцүү байдал үүссэн. “Улаанбаатар төмөр зам” ХНН удаан ажилласан. Ерөнхийдөө Оросоос Хятад руу ачиж байгаа транзит тээвэр өсч байгаатай холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” транзит тээврийг илүү чухалчлаад, Монголоос гарч байгаа экспортын бараан дээр удаан байна гэсэн шүүмжлэл гарсан. Тэгвэл төмрийн хүдэр дээр нүүрс нэмэгдчихвэл Замын-Үүдийн ачаалал улам өснө. Үүнийг хэр тооцсон бол. Салбарын яам нь дамжуулах хүчин чадлыг сайжруулах чиглэлд юу хийж байгаа юм гэх зэргээр олон асуулт байна.

-“Улаанбаатар төмөр зам” бол хувь нийлүүлсэн нийгэмлэг. Үүнд манай улсаас гадна хувь нийлүүлэгчийн эрх ашиг орж ирэх тул транзит тээвэр рүү илүүтэй анхаараад байна уу?

-“Улаанбаатар төмөр зам” хамтарсан байгууллага учир Монголын компаниудын экспортыг эхний ээлжинд авч үзэж байна уу, эсвэл транзит тээвэр дээр анхаараад байна уу. Манай улсын хувьд транзит тээврээс илүү өөрсдийн экспортоо дэмжихэд анхаарах нь чухал байгаа. Үүн дээр зохицуулалтыг хэрхэн хийж байгааг тодруулах шаардлагатай байна. Дээрээс нь “Улаанбаатар төмөр зам”-ын цаашдын ирээдүй, засаглалын асуудлыг ярих цаг болсон. Одоо болтол нийгэмлэг гэсэн статустай яваад байгаа. Гэтэл нийгэмлэг гэдэг Монгол, Оросын хуульд байхгүй зүйл. Хувьцаат компани юм бол түүгээрээ явах хэрэгтэй. ТУЗ-тэй байх шаардлагатай. Данс нь шилэн, засаглал нь хуулийн дагуу хийгдэж явах учиртай. Ер нь Засгийн газар тээвэрлэлтийг сайжруулах чиглэлээр хүч гаргаж ажиллаж байгаа юм чинь “Улаанбаатар төмөр зам”-ын асуудалд зайлшгүй анхаарах ёстой.

-Төсөвт ковидоос үүдэлтэй гэнэтийн шок үүсвэл хэрхэх төлөвлөлтийг оруулж өгсөн болов уу. Тухайлбал, дотоодод халдвар тархсан тохиолдолд төсөвт үүнээс үүдэлтэй эрсдэлийг тооцож өгсөн үү?

-Ирэх жил эдийн засгийн өсөлт 7-8 хувьтай буюу өөдрөг талаас нь тооцсон байна. Тэгэхээр ковидын нөлөө байхгүй, халдвар арилна гэж үзсэн болов уу гэж бодож байна. Яахав, эрүүл мэндийн салбарт санхүүжилт ихээхэн нэмэгдүүлжээ. Хувьсах зардал, хөрөнгө оруулалтаа ч нэмсэн байна лээ. Тэгэхээр ковидтой тэмцэх үйл ажиллагаа төсөвт суусан болов уу гэж бодож байна. Харин таны асуулт ковид дотоодод тархвал яах вэ гэсэн учир энэ тохиолдолд онцгой нөхцөл байдал үүснэ. Төсөвт уг тооцооллыг 100 хувь тусгасан гэж хэлж чадахгүй.

-Аймгуудтай холбоотой төсөв маргаан дагуулж байна. Хэнтий, Баянхонгорын төсөв бусад аймгаас 4-5 дахин өндөр байгааг хэрхэн харж байна вэ?

-Хоёрхон аймагт хөрөнгө оруулалт хэт их төвлөрч байгаа нь бусад аймгуудын хувьд шүүмжлэл дагуулах нь ойлгомжтой. Ер нь төсвийн хөрөнгө оруулалт хийхдээ зайлшгүй харгалзаж үзэх ёстой зүйл бол бүс нутгийн хөгжлийн индекс юм. Энэ нь тухайн аймгийн хөгжлийн түвшинг тооцож үзэж, шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох арга. Үүгээр аваад үзвэл Баянхонгор, Хэнтий аймагт тийм их хэмжээний хөрөнгө оруулалт орох шаардлагагүй байж магадгүй. Тэгэхээр үүнд улс төрийн шалтгаан байна.

Ер нь аялал жуулчлалын салбарт хөрөнгө хаях нь бодлогын хувьд болно. Аймгуудаар нь аваад үзвэл жуулчид хамгийн их очдог газар Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг байна. Энэ бол манай уламжлалт аялал жуулчлалын бүс. Үүнд илүү санхүүжилт хүрэх ёстой. Мэдээж Хэнтийд аялал жуулчлал хөгжүүлэх нь зөв. Гэхдээ эхний ээлжинд юун дээр илүү төвлөрөх вэ, тулгамдсан эхний асуудал юу вэ гэдгээ тооцох ёстой. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл, ирэх жил аялал жуулчлал айхавтар сэргэж, олон сая жуулчин ирэх магадлал бага. Тэгэхээр эхний ээлжинд нэг газар аялал жуулчлал хэмээн их хөрөнгө хаяхаас илүү уламжлалт (Дундговь, Өвөрхангай, Хөвсгөл) аялал жуулчлалын төвүүдийн зам хангамжийг сайжруулахад анхаарах нь зохимжтой байсан. Хоёрдугаарт, ковид дотоодод тархвал яах вэ. Тэрний бэлтгэл ажлыг хангаж, салбарыг бэхжүүлэх шаардлагатай. Үүнд хөрөнгө оруулалтаа чиглүүлэх хэрэгтэй байх. Ер нь цаашид тодорхой болж байгаа зүйл бол эрүүл мэндийн салбар номер нэг байх ёстой. Бид өдий хүртэл эмнэлэг барьчихвал боллоо гэж ханддаг байсан. Гэвч хичнээн олон эмнэлэг барьж байгаа ч хүн амын эрэлт хэрэгцээнээс хоцорч байна. Ялангуяа, хот суурин газарт энэ нь илүү ажиглагдаж байгаа. Венесуэл, Колумбын жишээг харахад хэрэв манайд корона тархвал гэр хорооллууд эхний ээлжинд хүчтэй цохилтод орох юм билээ. Ахуйн нөхцөл нь халдвар тархах өндөр эрсдэлийг дагуулж байна. Тэгэхээр нөгөө олон хувийн эмнэлгүүд ийм нөхцөл байдал үүсвэл гэр хорооллынхонд үйлчилж чадах уу гэвэл үгүй. Тиймээс улсын эмнэлгүүдийн тогтолцоог өшөө сайжруулах шаардлагатай. Мөн ахуйн асуудлыг шийдэх ёстой. Хөрсний бохирдол буюу гэр хорооллын жорлонгуудын ариутгал хийгдэж байгаа юм уу гэдэг тодорхой бус байна. Тиймээс ирэх жилийн номер нэг асуудал эрүүл мэнд байх нь тодорхой байна. Төсөвт зарим зүйл орсон. Гэхдээ аялал жуулчлалд тийм их мөнгө зарцуулах нь тулгамдсан асуудал уу, эсвэл эрүүл мэндийн салбарт санхүүжилт илүү хэрэгтэй юү гэдэг дээр бодолцох ёстой.

-Халамжийн бодлого үргэлжилнэ гэсэн байсан. Тэгвэл бизнесийг дэмжих хөшүүрэг үүнтэй уялдах уу?

-Халамжийн бодлого бизнест тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлж байгааг хэлэх ёстой. Яагаад гэвэл хүүхдийн мөнгө өгч байгаа нь жижиглэн худалдаа, үйлчилгээний газруудыг дэмжиж байгаатай ижил юм. Тэгэхээр огт холбоогүй гэж хэлж болохгүй. Яахав, нийгмийн халамжаас тасархай бизнесийн бусад салбаруудаа яаж дэмжих вэ гэсэн асуулт байна. Үүнд хамаарах нэг салбар бол дотоодын аялал жуулчлал, үүнийг дагасан үйлчилгээ. Жишээ нь, Японд кампанит ажил өрнүүлж, иргэд орон нутгийн аялал жуулчлал дагасан үйлчилгээний газруудад хоол идээд, буудалд буух юм бол талоноор нь эргээд татварын хөнгөлөлт үзүүлж байна. Ингэснээр Японы аймгууд ийм кампанит ажилд хамрагдсан байгаа, манайд ирж орон нутгийн байгалийг үзэж, үйлчлүүлээрэй, тэгвэл зардлын тодорхой хувийг улс дааснаар танд, надад ч хэрэгтэй гэж байна. Нийгмийн халамжаас огт хамаагүй байдлаар тухайн салбарыг дэмжиж байгаа юм. Тэгэхээр манайд дотоодын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх Японы жишээтэй ижилхэн арга хэмжээг нэмэгдүүлсэн нь илүү үр дүнтэй юм болов уу. Энэ нь яг одоо байгаа аялал жуулчлалын салбарынханд эерэг нөлөө үзүүлнэ. Түүнээс биш нэг хоёрхон газар руу маш их мөнгө хаяад тэрийг үзэх гэж хэзээ жуулчид ирэх нь тодорхойгүй бол салбарын дэмжлэг биш болчихно.

-Манайх ирэх онд эдийн засгийг ихээхэн өснө хэмээн өөдрөг төсөөлж байна. Гэтэл бид дэлхийн эдийн засаг, хөрш орнуудаас ихээхэн хамааралтай. Тэдний нөхцөл байдал ямар байна вэ?

-Ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг хүмүүс эерэгээр төсөөлж байгаа. Гэхдээ дэлхий даяар ковид дуусаагүй байна. Тархац нь идэвхжиж байна. Дээрээс нь Хятадын эдийн засаг хүндрэлтэй хэвээр байгаа. Удахгүй АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Хэн ч сонгогдсон худалдааны дайн цааш үргэлжлэх шат руугаа орчихлоо. Яагаад гэвэл Америк, Хятадын эдийн засгийн хоорондын асуудал нь дэндүү хүнд байдал руу орсон. Хэдийгээр өөр ерөнхийлөгч гарч ирсэн ч Америкийн засгийн газрын хувьд буцах замгүй болчихлоо. Хятадаас орж ирж байгаа бараануудад хязгаарлалт тавих, Хятадын компаниудад хориг тавих нь нэгэнт эхэлсэн л бол тодорхой хугацаанд үргэлжлэхээс өөр аргагүй. Үүнээс гадна ОХУ-ын эдийн засгийн байдал маш хүнд байна. Эдийн засгийн өсөлт нь саарсан. Төсвийн алдагдал нь түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч байх шиг байна. Газрын тосны үнэ уналаа. Европ руу гаргадаг байгалийн хийн экспорт зогсонги байдал руу ороод шинээр хоолойнууд барих боломжгүй боллоо. Нөгөө талаас Хятад Оросоос байгалийн хий авна, манайхаар дамжуулж хоолой барина гэж ярьж байгаа боловч Хятад дөнгөж сая асар том байгалийн хийн ордын нээлтийг хийлээ. Дээрээс нь одоо байгаа Оросын хоолойг бүрэн дүүрэн ашиглахгүй, гэрээнийхээ дагуу авах ёстой хэмжээгээр авахгүй байна. Ингээд үзэхээр дахиж манай нутгаар хоолой бариад байгалийн хий зарагдах нь туйлын эргэлзээтэй. Энэ төсөлд айхавтар найдвар тавиад хэрэггүй. Энэ мэтээр сайнгүй байна.

Г.БАТЗОРИГ