Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль саяхан болж өндөрлөлөө. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2.016.794 сонгогчдын 55.98 хувь буюу 1.129.010 сонгогч саналаа өгсөн гэсэн статистик гараад байна.

Саналаа өгөх ёстой иргэдийн дөнгөж тал нь л өөрсдийн дэмжсэн нэр дэвшигчийнхээ нэрийг дугуйлсан гэсэн үг. Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа хоёр өдрийн өмнө болсон юм. Саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74.33 хувь нь санал авах байранд ирсэн мэдээг СЕХ-ноос түгээв. 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн хоёр хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25.82 хувь нь ирж саналаа өгсөн тухай мэдээ СЕХ-ны цахим хуудсанд дурайж байна. Дахиад ч хэд хэдэн газар нэр дэвшигчдийн санал тэнцэж, нэмэлт санал хураалт болж магадгүй сураг чих дэлсээд эхэллээ. Нэмэлт саналт хураалтын ирц өнгөрсөн удаагийнх шиг мөн л хангалттай биш байна гэдэгт эргэлзэх юм алга. Саналаа өгөөрэй гээд бүх нийтээр нь амраахад санал авах байранд очоогүй хүмүүс нэмэлт санал хураалтад ач холбогдол өгнө гэдэг юу л бол.

Товчхондоо орон нутгийн сонгуулийн ирцийг тоймлоод харахаар хангалтгүй гэж хэлэхээс өөр арга алга. Яалт ч үгүй муу ирц. Хуучин социализмын үед ямар ч сонголтгүйгээр хүний нэр дугуйлдаг байсан ч сонгогчдын ирц 99.99 хувь байсан юм. Ер нь ардчилал ялснаас хойш сонгуулийн ирц ийм өндөр хувьтай гарсан жил үгүй. Энэ жилийн сонгуулиас анзаарахад цаашдаа ч ирц муу хэвээр өчнөөн жил болж мэдэхээр байна. Шуудхан хэлэхэд, сонгуульд залуусын оролцоо муу хэвээр гуч гаруй жил өнгөрчихлөө. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр дээл өмссөн залуусын өнгөлөг зурагтай “Өглөө” гэсэн нэртэй нөлөөллийн аян сошиалд идэвхтэй өрнөж, олны танил од залуусын саналаа өгөхийг уриалсан пост, коммент, жиргээ хэдэн зуугаараа харагдсан ч мөн л залуусын оролцоо бага байсан.

Иргэд сонгуульдаа яагаад идэвхтэй оролцдоггүй вэ гэсэн асуултын хариуг хайж ядах юмгүй л дээ. Шууд буруутгахад ч хэцүү. Өгсөн саналыг нь луйвардчихдаг болохоор хэн саналаа өгөхийг хүсэх билээ. Гэхдээ яаж ч бодсон, ямар ч шалтгаан байсан сонгуульд саналаа өгөх учиртай. Иргэдийн өөрсдийнхөө төлөө хийж байгаа хамгийн зөв бодитой алхам бол сонгуульд саналаа өгөх. УИХ, орон нутгийн удирдлагад гаргамааргүй хүнээ тойргийн гадна үлдээх цорын ганц боломж ерөөсөө л сонгууль. УИХ-д сонгож, төрд зүтгэх ёстой гэж харсан хүндээ эрх мэдэл өгөх цор ганц боломж мөн л сонгууль. Ардчиллын амин сүнс нь ерөөсөө л энэ. Иргэн бүр сонгуульд саналаа өгч байж ардчилал жинхэнэ утгаараа цэцэглэдэг, оршин тогтнодог, амин сүнсээ алддаггүй. Өөрөөр хэлбэл, ардчиллын дархлаа иргэд нь бултаараа саналаа өгдөг соёлоос эхэлдэг. Иргэд нь саналаа өгөхгүй байхын хамгийн том сөрөг тал нь юу гээ. Дарангуйлагчид алгаа ташдаг, өндийн сэрдэг, хэзээ ч ганхахгүйгээр эрх сүрээ батжуулж авдаг. Дарангуйлал улс орныг сүүдэр мэт нөмөрдөг гол шалтгаан ерөөсөө л энэ. Тэгэхээр сонгуульд саналаа өгөхгүй суух тусам та дарангуйлалд найр тавьж, ардчиллын дархлаанд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг.

Сонгуульд саналаа өгөх иргэдийн идэвх бага хэвээр хэдэн арван жил өнгөрсөн учраас өнгөрсөн 30 гаруй жилд мАн голдуу засаглаж ирсэн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. нэг сонирхолтой ажиглалт бий. Сонгуулийн ирц сайтай газар Ардчилсан намд ялалт ирж, ирц муутай газар нь МАН-ын голдуу нэр дэвшигчид гараад ирдэг гэцгээдэг. Одоо яагаад гэсэн асуулт тавиад харъя. Сонгуулиа идэвхтэй өгдөг насныхан ахмадууд гэдэг нь судалгаа, практикаар нэгэнт нотлогдчихсон үнэн. Залуусын сонгуульд саналаа өгөх оролцоо идэвх ер нь бага хувьтай явсаар өнөөг хүрсэн. Тухайн тойрогт сонгуулийн ирц сайн бол залуус олноороо саналаа өгсөн гэсэн үг. Сонгуулийн ирц муу тойргийн тухайд залуусын оролцоо муу байсан гээд дүгнэчихэд үнэнээс зөрдөггүй, статистик харахаар яг л тэгж таардаг. Ахмадуудын хувьд д голдуу саналаа өгдөг нь залуугаасаа өнөө намынхаа гишүүн байсан гэх мэт олон шалтгаантай. Залуусын тухайд ардчиллыг, Ардчилсан намыг болон бусад шинэ намыг дэмжих хандлага нийтлэг анзаарагддаг. Гэхдээ саналаа очиж өгдөггүй учраас тэдний хандлага бодит шийдэл болдоггүй. Тэдний дэмждэг нам, нэр дэвшигчид улсыг засаглаж чаддаггүй. Товчхондоо өнгөрсөн 30 гаруй жилийн найман жилд нь л АНолонх болж засагласан, үлдсэн 22 жилд нь МАНтасралтгүй засагласныг сонгуульдаа хойрго оролцдог залуу үеийнхэнтэй холбож тайлбарлахад дэгсдүүлсэн болохгүй.

Сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ч ийм дүр зураг харагдлаа. Залуусын оролцоо бага байсан учраас АНсанасан хэмжээндээ суудал авч чадсангүй. мэдээж Ан-ын рейтинг унасан, нэр хүндээ алдсан нам хүчинтэй эвссэн, Хөдөлмөрийн үндэсний нам нийгэмд зөв харагдаж идэвхтэй ажиллаж байгаа, УИХ-ын сонгуульд МАНүнэмлэхүй олонх болж засаг тэргүүлж яваа гэх мэт олон шалтгаан бий. Гэхдээ онцолж хэлэхгүй өнгөрч болохгүй шалтгаан нь сонгуулийн идэвхгүй ирц. Хамгийн өндөр ирцтэй тойргуудын нэгд багтаж буй гэх Сүхбаатар аймагт гэхэд Ан ялж, аймаг даяараа цэнхэртсэн, Ан-д элэгтэй чингэлтэй дүүргийн ирц муу байсан учраас энэ дүүргийн засаглал мАн-д шилжсэн байж болзошгүй гэх мэт шалтгаан тайлбаруудыг жагсааж болж байна.