Л.АЛТАНХИШИГ

Эцэг эхийн хайхрамжгүй, буруутай үйлдлээс болж ой дөрвөн сартай хүүхэд согтуу эцгийнхээ гарт амиа алдсан. Мөн бага насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатсан харамсалтай мэдээ сонсож нийтээрээ гашуудаж дуусаагүй байхад хойд эцэг нь дөрвөн настай охины толгойг хага цохиж гэмтээсэн хэрэг чих дэлсэж, өр өвтгөв.

Хүүхдийг хамгийн их хайрлаж хамгаалах үүрэгтэй эцэг эх нь үр үндсээ өөрийн гараар амийг нь хороож, эрүүл мэндийг нь хохироож байгаа хэрэг ойр ойрхон гарсаар л байна. 

Энэ бол гуравхан өдөр хүүхэд осолдож, хүчирхийлүүлж, гэмтэж ил болсон мэдээ. Тиймээс манай сурвалжлах баг хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаас урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй мэргэжлийн хүнийг зорив. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхэд томчууд бидэнд юу хэлэхийг хүссэнийг тодруулсан юм.

Зодуулж толгойдоо одуулж гэмтэл авч, хүчирхийлэлд өртсөн бяцхан охин хоёр дүүтэйгээ Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байранд ирсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн тул Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн мэргэжилтэн М.Отгонгэрэлтэй уулзлаа.

-Дөрвөн настай охин хэзээ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн юм бэ?

-Энэ сарын 15--15-нд охиныг аав нь толгойн тус газар нь цохиж гэмтээсэн. Тухайн үед ГССҮТ-д эмчлүүлээд эмнэлгээс гаргасан. Дахин эрсдэлд орохоос нь сэргийлж хоёр дүүтэй нь хамт Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байранд байршуулсан.

-Хүчирхийлэлд өртсөн тухайн хүүхэд дахин эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл байна. Үнэн үү,яг юу болсон юм бэ?

-Охины хувьд хүчирхийлэлд өртөөд зогсохгүй халдварт өвчтэй байсан. Тодруулбал, Цусан суулгаар өвдсөн. Тиймээс мэргэжлийн байгууллагад хандаж өөр ямар суурь өвчтэй болохыг нь шинжлүүлэхээр ХӨСҮТ-д хэвтүүлээд байна. Охины биеийн байдал сайжирч байгааг эмч мэргэжилтнүүд бидэнд мэдээлсэн.

-Охины хувьд дүү нартайгаа хамт хамгаалах байранд иржээ. Эцэг эх нь ямар хүмүүс байв. Хойд эцэг нь хүүхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодож гэмтээсэн нь үнэн үү ?

-Хүчирхийлэл үйлдсэн хүн охины төрсөн эцэг. Ээж нь хоёр хүүхэдтэй тухайн хүнтэй суусан юм байна. Хүчирхийлэлд өртсөн дөрвөн настай охин. Харин дүү нар нь хоёр настай бага нь дөрвөн сартай. Эцэг эх нь архины хамааралтай хүмүүс. Сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүрэгт айлын хашаанд байшин түрээсэлж амьдарч байсан. Архи согтууруулах ундаа байнга хэрэглэж байсан тул түрээслэгч нь хөөсөн юм байна. 

Тэгээд хоёр том хүүхдээ эхнэрийнхээ ээжид үлдээгээд, гурван хүүхдээ дагуулаад орон гэргүй тэнүүчлэн амьдарч байсан нь эхний судалгаагаар тогтоогдсон. Хүүхдүүдийн аавд эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжилж байна. Ээж нь одоо болтол олдохгүй бид мөн л хайж байгаа. Төрөөд дөрвөн сар болсон, нялх биетэй эмэгтэй архи уугаад, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгааг хэлэх хэрэгтэй байх. Энэ гэр бүлийн хүүхдүүд маш их эрсдэл дунд амьдарч байсан нь тогтоогдсон.

-Хүүхдүүдийн асуудлыг цаашид яаж шийдэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарч байсан энэ өрхийн таван хүүхдийг улсын асрамжид өгөх бичиг баримт бараг бүрдсэн. Цаашид төр хамгаалалтад авч өсгөх болно.

-Яг энэ хүүхдүүд шиг хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй олон хүүхэд бий юу?

-Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 22 мянга 750 гаруй хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэж гарсан. Өнөөдрийн байдлаар хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран 6450 гаруй хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж хариу арга хэмжээ аваад байна.

-Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байранд одоо хэдэн хүүхэд байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 39 хүүхэд бий. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр мэргэжлийн арван өмгөөлөгч дагнан ажиллаж байна. Мөн хүүхдийн сэтгэл зүй маш хүнд байдалд орсон байдаг тул нэг сэтгэл зүйч 2-5 сар хүртэлх хугацаанд тухайн хүүхэдтэй тулж ажиллаж байгаа.

-Танай байгууллагын хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын утсанд тусламж хүссэн хүүхэд их хандаж байна уу?

-Энэ оны есөн сарын байдлаар 90 мянга гаруй хүүхэд хандсан. Тэдний 50-60 хувьд нь мэргэжлийн зөвлөгөө өгсөн. Харин дуудлага мэдээллийн 20-30 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байсан тул хамтарсан баг аюулын эрсдлийн үнэлгээ хийж тусламж үзүүлсэн.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэдэн хувь нь хойд эцгийн хүчирхийлэлд хохирсон байдаг вэ?

-Нарийн судалгаа алга. Гэхдээ зөвхөн нэг дүүрэгт гарсан хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн 30 хувь нь хойд эцэг нь гэм буруутай болох нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдоод байна.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН