Хан-Уул дүүрэгт барилга барихаар газар шорооны ажил хийж байсан барилгын ажилчид Монголын түүхэнд тэмдэглэгдэхээр 2.2 кг жинтэй цул алт олсон тухай өнөөдөр онлайнаар шуугиж байна.

Цулаараа олдсон алтыг тунгаамал гэж нэрлэдэг.  Ер нь, монголын нутгаас тунгаамал олдох нь цөөн бус тохиолддог байна. 


Тухайлбал, 2012 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Буйлс гэдэг газар гар аргаар алт олборлож байсан Өвөрхангайн иргэд 420 грамм цул алт олсон гэнэ. Мөн тус газраас 2001 онд 450 грамм цул алт олсон тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ хамгийн том нь Заамарын Хайлаастын ордоос 808 грамм жинтэй цул алт олдож байсан байна. 

Viva city хотхоны баруун талд баригдаж буй Шинэ өргөө хорооллын нутаг дэвсгэрээс уг 2,2 кг алт олджээ. Шинэ өргөө хорооллыг нийслэлчүүд А3 стандартын анхны хороолол гэдэг сурталчилгаагаар нь мэдэх болоод байгаа.
 


 
Харин дэлхийн хэмжээнд олдсон томоохон алтнуудын талаар сонирхуулбал:

Арабын XI  зууны гар бичмэлд өнөөгийн Афганистаны нутгаас  хамгийн том цул алт олсон тухай бичсэн байдаг нь бараг хоёр тонн болж байсан тухай хэмжээг нь дүрсэлж бичсэн байдаг. Харамсалтай нь үүнийг батлах ямар нэгэн баримт байхгүй. 
 

Харин баримтаар нотлогдсон хамгийн том цул алтыг Австралийн “Итгэл найдварын од” уурхайгаас олсон байдаг.  Энэ нь 144 см урт, 66 см өргөн, 10 см зузаан хавтан хэлбэртэй 83 кг байсан байна. Үүнийг “Холтерманы хавтан” гэж нэрлэсэн ч хожим нь хайлуулж ашигласан байдаг. 

Том том цул алт олдох талаараа Австрали толгой цохьдог. 1857 онд мөн л австралиас “Гялалзсан Баркли” гэж нэрлэсэн цул алт олсон нь 34,2 кг байсан бол 1858 онд “Хүсэл” гэдэг алт 62 кг, 1868 онд олсон “Хүссэн танихгүй эр” гэдэг цул алт 71 кг татаж байжээ. 
 

Мөн 1868 онд австралийн алтны уурхайгаас “Канад эр-1” гэдгийг олсон нь 50,4 кг байсан бол хожим нь бас нэгийг олж “Канад эр-2”  хэмээн нэрлэсэн нь 40 кг хүрч байжээ. 

1901 онд Японы Хонсю арлаас 71 кг хүрэх цул алт олж “Япон эр” гэж нэрлэсэн байдаг. 
Манай хойд хөрш Орост 1842 онд Уралын Миасс голын саваас 36 кг цул алт олсноо “Алтан гурвалжин” гэж нэрлэсэн нь өнөөдөр оросын “Эрдэнэсийн сан”-д хадгалагдаж байгаа. 
 

Хамгийн сүүлд оросын Хабаровскийн хязгаараас 33 кг жинтэй цул алт олсныг мөн л Эрдэнэсийн санд хадгалжээ.