Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй" гэв.

Коронавирусийн халдвар шинээр илэрсэн тохиолдлууд:

  1. 10 сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс
  2. Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний шинжилгээнээс
  3. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол ДӨРӨВ болж байна. 

Коронавирус илрүүлэх шинжилгээний хариунууд:

  • 11 дүгээр сарын 3-нд Сөүлээс ирсэн 172 хүний шинжилгээ
  • 10 дугаар сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 70 хүний шинжилгээ
  • Дорнод аймаг хяналт тандалтын зорилгоор авсан 67 хүний шинжилгээ
  • Дархан-Уул аймагт хяналт тандалтын зорилгоор цуглуулсан 138 хүний шинжилгээ болон
  • Сайн дурын шинжилгээнд хамрагдсан 52 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй.
  • Тандалт 111 сорьцод шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Үүнд нийслэлийн дүүргүүд, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь аймгаас сорьц цуглуулсан.
  • ХӨСҮТ тусгаарлагдсан 10 эмч, нэг ажилтнаас шинжилгээ авахад мөн СӨРӨГ гарсан.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер халдварын ойрын хавьтал 107 хүнд, хоёрдогч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тухайн голомтод нийт есөн тохиолдол бий. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын анхан болон хоёрдогч шинжилгээг нийтдээ 2,753 хүнд хийгээд байна. 

ЗӨСҮТ-ийн лабораторид хоёрдогч хавьтлаас 11 цэгт сорьц цуглуулан шинжилж байгаа. Тодруулбал, 909 хүний шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. 

Одоогоор Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болсон. Үүнээс эдгэрсэн 328 , сувиллын ажиглалтад 16, гэрийн ажиглалт 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310, нутаг буцсан 6 хүн байна. 

ХӨСҮТ-д 97 хүн эмчлүүлж байгаагаас нь 

  • хүнд-2
  • хүндэвтэр-20
  • хөнгөн 75 хүн байна" гэлээ. 

ХӨСҮТ-д ажиглалт тандалт, эмчилгээнд нийт 165 хүн байгаа аж.